“Сайншанд салхин парк” ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо 52 МВт-ын хүчин чадал бүхий салхин паркийн төслийг Германы Ферростаал компаний хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа болон удирдлага зохион байгуулалтын дор хамтран хөгжүүлж байгаа билээ.

Сайншанд салхин парк төслийн барилгын урьдчилсан ажлыг энэ сараас эхлээд байгаа бөгөөд тус ажлын хүрээнд салхин турбин барих газрын болон өндөр хүчдэлийн шугам, талбай руу очих замын зурвасын инженер геологийн нарийвчилсан өрөмдлөгийн ажил, геодезийн байнгын цэг тэмдэгт суулгах болон барилгын ажлын байр зүйн нарийвчилсан зураг зэрэг ажлыг эхлүүлээд байна.

Тус төслийг хэрэгжүүлснээр Сайншанд, Замын Үүдийн чиглэлийн хэрэглэгчдийн эрчим хүчний чанар сайжирч, эрчим хүчний шугамын алдагдал тодорхой хувиар буурах юм. Барилгын үндсэн ажлыг 2016 оны хавраас эхлэн 2017 оны намар төвийн бүсийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбогдож жилдээ 200 орчим сая кВт.цаг эрчим хүчийг нийлүүлж байх болно.