Өнгөрсөн 2013 онд Нийслэлийн Засаг Даргын захирамжаар Нийслэлийн Хот тохижилтын газар НӨҮГ, Улаанбаатар Зам Засвар Арчлалт НӨҮГ, Усны Барилга байгууламж НӨҮГазруудыг татан буулгаж, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулсан байдаг.

Тэгвэл энэ байгууллага 200 орчим хүнээ түр зогсолт нэрийн дор ажлаас халах шийдвэрийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл тэд зургаа хүртэлх сарын хугацаанд цалингийн доод хэмжээний тэтгэмж авч гэртээ суух юм байна.

Тэгэхээр “хотын өнгө, үзэмж” гэх нэрийдлээр, гурван сар хүрэхгүй настай, хэдхэн өнгийн цэцгэнд олон зуун сая төгрөгийг зарцуулан, мөнгийг хайр найргүй үрдэг энэ байгууллага ядарсан хэдэн хүнийг, ийнхүү өлс гээд хөөж байгаа юм байна. "Улаанбаатар нэгтгэл"-ийн удирдлагууд нэлээд их хэмжээний төсвийн мөнгийг захиран зарцуулдаг ч хүний нүдэнд харагдаж, гарт баригдах дорвитой ажил хийгээгүй байсаар
эдийн засгийн хямралд өртөж, ийм дээрээ тултлаа санхүүгийн алдагдалд орчихсон юм байна.

Тэгэхээр аудитын шалгалтад удаа дараа бүдэрч байсан энэ байгууллагын удирдлагуудад их буруу байгаа юм. Учир нь тэд аудитаас гаргасан дүгнэлтийг биелүүлэхгүй явсаар эцэстээ ийм байдалд хүрж байгаа юм байна. Ядарсан хэдэн хүнээ ажилгүй болгохоос өөр аргагүй нөхцөл үүссэн юм бол энгийн ажилчид биш, мөнгө үрж, ийм байдалд хүргэсэн удирдлагууд нь өөрсдөө сул зогсолт хийж, цалин мөнгөө хасуулах эсвэл бүр огцрох ёстой юм биш үү Улаанбаатар нэгтгэлийг удирдагч Д.Энхсайхан захирлаа.

Н.Чимэг