Аливаа ард түмэн-угсаатны хоол, унд нь тухайн орныхоо байгаль, газар зүй, цаг уур, эрхлэх аж ахуйн үндсэн хэлбэртэй ихээхэн шүтэлцсэн байдаг ажээ. Мөн өвөл хүйтэрч, газар ус царцан хөлдөж, усны нүх сүв хаагдахын хамт хүний биеийн шар усны нүх сүв битүүрч хаагдах бөгөөд бие махбодын бодисын солилцоо өөрчлөгддөг байна. Улирлын хүйтнээс болоод, хүний дотоод халуун туйлдаа хүрдэг бөгөөд, шарын гал бадарч, ходоод гэдэсний чадал төгөлдөржиж, хоолны шингэц хүртэл сайжирдаг аж. Иймээс өвлийн улиралд монголчууд улаан, шар идээг түлхуү хэрэглэж заншсан байдаг юм байна. Улаан идээ болох махан зоогийг хуурай газар амьдардаг амьтны, усны амьтны, газар уснаа амьдардаг амьтны гаралтай гэж ангилдаг бөгөөд хуурай газар амьдардаг амьтны буюу таван хошуу малын махыг голдуу хоол хүнсэндээ хэрэглэсээр ирсэн нь энэ.

Ялангуяа улаан идээний охь хэмээн нэрлэгддэг хонины мах, хонины шөл нь биеийг тэжээлээр бүрэн хангаж, урт өвлийн хүйтнийг даван туулахад өндөр ач холбогдолтой. Эрт дээр үеэс Монголчууд махан хоолны 200 гаруй төрлийн идээг хэрэглэж байсан бөгөөд хонины махнаас гадна үхэр, адууны махыг өвөлдөө түлхүү иддэг байжээ. Улаан идээ болох махан бүтээгдэхүүн нь угаас эрс, тэс уур амьсгалтай нөхцөлд гайхалтай зохицдог болох нь маш олон жилийн турш батлагдсаар иржээ.

Сүүлийн үед манай улсын хүн амын ихэнх нь хот газарт суурьшиж, дулаан орон сууцанд амьдрах болсон учир өөр өөрийн амьдралын хэв маяг болон ажиллах нөхцөлдөө тохируулан хооллох нь чухал байгаа юм байна. Гэхдээ олон зуун жилийн заншлаа огцом орхиж, махнаас гарвал бие махбодын дасан зохицох чадварт муугаар нөлөөлж болзошгүй байдаг аж. Өөрөөр хэлбэл эрс, тэс уур амьсгалтайн дээр цочир хүйтрэл нэлээд тохиолддог манай орны хувьд малын мах, халуун аарц, буцалгасан хоормог, сармистай адууны шөль, битүү чанасан хонины шөл зэрэг малын гаралтай хоол унд нь дархлаа дэмжиж, өвлийн ханиад нам дарах чадалтай юм байна. Малын гаралттай дээрх бүтээгдэхүүн шиг амин дэм өндөртэйн дээр эм болдог, үүнийг орлох хүнс одоогоор манай улсад байхгүй болох нь хүнс судлаач эрдэмтэдийн, бүтээлүүдээс бэлхнээ харагдаж байна.

Н.Чимэг