Нийслэл хот маань анх төлөвлөлтөөрөө өдий хэмжээний оршин суугчидтай байна гэж тооцоолоогүй улмаас одоогийн нөхцөл байдалд олон зүйл буруу стандарт орсон гэхэд хэлж болно.

Сая хүрэхгүй хүний төлөвлөлттөй Улаанбаатар хотод одоогоор нийт хүн амын бараг тал хувь төвлөрсөн гэхээр арга ч үгүй биз. Энэ бүхэн нь хотын барилга болон зам тээврийн асуудалд хамгийн хурцаар тусдаг.

Үүний нэг жишээ бол замын хөдөлгөөн буюу түгжирэл. Замын хөдөлгөөний түгжирэлийг зохицуулахын тулд автомашины дугаарын хязгаарлалтаар жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулаад бараг гурав дахь жилтэйгээ золгох гэж байна. Энэ мэт арга хэмжээнээс гадна байгууллага аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийн хуваарийг өөрчлөн ажлын тарах болон эхлэх цагт ч нэмэлт өөрчлөлт оруулсан билээ.

Харин энэ мэтээр зохицуулcан хуваариалалтад төрийн албаны дарга нарын цуваа бага зэргийн ачаалал нэмээд байна уу гэсэн бодол төрүүлж байна. Учир нь төрийн өндөр албан тушаалтнуудын явах замыг бэлдэхэд өнөөх л гол замуудыг хаана. Дарга нарын замыг чөлөөтэй байлгахын тулд хэсэгчилэн хаасан замууд нь түгжирэл үүсгэн бусад замуудад ачаалал өгсөөр. Ядаж байхад төрийн өндөр албан тушаалтнууд нь төрийн албан хаагчдын ажилдаа цуглах цагаар өнөөх замуудаа хаан ордон руу давхин одно. Харин ард үлдсэн хөөрхий албан хаагчид нь түгжирэл дунд нийтийн унаандаа гацсаар ажлаасаа хоцрох шалтгаан болдог. Хүйтний улиралд замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэлүүдийн явах хурд удаашрах учир нь түгжирэлд ч бас нөлөөлж байх шиг.

Энэ мэтээр төрийн эрхэмүүд явах замыг 10 минут хааснаар ард үлдсэн ажилтнууд тэднээс шалтгаалан 30 минут шахуу ажлаасаа хоцорч ажилдаа очиж байгаа болов уу.

Тиймээс хэт их ачаалалтай хотын өглөөний замын хөдөлгөөний оргил үеэр ядаж дарга нар замаа хааж явах цагаа тохируулан жирийн ажилтан нараа бодмоор ч юм шиг ...