Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны уугуул ирвэс хамгаалагч, биологич Т. Лхагвасүмбэрэл саяхан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. 2011 онд түүнтэй "Зууны мэдээ" сонины сэтгүүлч уулзаж, ярилцаж байжээ. Тэрхүү ярилцлагыг хүргэж байна.

Тост уулан дахь Ж.Цэрэндэлэгийн нэрэмжит хээрийн судалгааны төвийн биологич Т.Лхагвасүмбэрэлтэй ярилцлаа. Тэрээр 2008 онд МУИС-ийн биолиогийн ангийг төгсөөд л хөдөөг зорьсон нэгэн. Залуу хүн бүхэн хот руу тэмүүлж байхад түүний сэтгэлийг их говийн Тост хайрхан татжээ. Тэрээр цоохор ирвэсийн идэш тэжээл бологч амьтдын талаар судалгаа хийж байгаа юм.

-Хүн бүхэн хотын соёл руу тэмүүлж байхад өөрөө хөдөөг зорьжээ. Мэр­гэж­­лийн тань онцлог уу?

-Найзууд минь “Чи хэзээ хотод ирэх вэ, хөдөө хэцүү байна уу” гэж асуу­даг юм. Би Тост уулын судалгааны багт ажиллаад гурван жил болж байна. Сэтгэл тайван, судал­гаандаа өөрийгөө бүрэн дайчилж чаддаг. Тэгээд ч судалгааны багийнхан хөдөө ажиллах боломжоор маш сайн хангадаг боло­хоор санаа зовох зүйл байдаггүй.

Цоохор ирвэсийн идэш тэжээл бологч амьтдын талаар судалж байгаа гэсэн. Судалгааны ажиламжилттай биз?

-Цоохор ирвэсийн гол идэш бологч янгирын хам­гаалал, өнөөгийн байдлын талаар судалдаг. Тодорхой үр дүнд хүрч амжаагүй байна. Үүний зэрэгцээ ирвэсэнд автомат камер хэрхэн суу­ри­луулах, мөн хаягийн судалгаа хийж байгаа. Энэ бүхэн дээр үндэслэн янгирын судал­гааг яаж хийх талаар гарц хайж байна. Өнгөрсөн хуга­цаанд арваад ирвэс хү­зүүв­чилж, Тостын ну­руунд байгаа цоохор ирвэсийн тоо толгойг 20-25 гэж тогтоосон.

-Хүний хөлөөс хол, уулын бэлд амьдрахад байгалийн сайхнаар бахар­хах сэтгэл төрдөг байх. Их говийн юунь сэтгэл хөдөлгөдөг вэ?

-Монголын говь үнэ­хээр сайхан. Тэр дундаа Тост уул өөрийн гэсэн байгалийн онцлогтой нутаг. Өвөг дээдэс минь газар нутгийн нэрийг учир утгатай өгч байсан юм билээ. Хад чулуу нь тос даагаад үнэхээр сайхан байгаа биз. Нүд үл хүрэм уудам хөндийд ирвэс ар­галь ,янгир идээшилсэн, шовх ноён өндөрлөгүүдтэй уул байна гэдэг гайхам­шиг юм.

Таныг нутгийнхан Тост уулын даваа, гүвээ бүрийг андахгүй гэж байсан. Асга хад, гуу жалга бүхэн нэртэйбиз?

- Энэ уулын ам салаа болгоноор явж судалгаа хийсэн. Тийм боло­хоор мэдэхгүй газар үгүй. Анх газрын нэрийг нут­гийнхнаас асуудаг байсан бол одоо тэд надаас асуу­даг болсон. Тост ууланд Саарагч, Хярын хацавч гэдэг нэртэй газар бий. Тост ууланд яваа бүхэн энэ газраар явж өнгөрдөг болохоор нутгийнхан түүнийг 22-ын товчоо гэж нэрлэдэг юм. Мөн ма­найх­тай залгаа Сэврэй сумын нэрийг тонго­руу­лан уншихаар ирвэс болно. Өвөг дээдэс минь ирвэстэй гэдгийг мэдэг­дүүлэхгүйн тулд Сэврэй гэж нэрлэсэн гэх хууч яриа ч байдаг.

- Тост ууланд 10 гаруй жил ажиллахтөлөв­лөгөө­тэй гэсэн. Ямар зорилготавьж байна. Цоо­хор ир­вэ­сийнсудалгаагаа үр­гэлжлүүлэх үү?

- Зорилго маань тодор­хой. Тостын нурууг улсын тусгай хамгаа­лалтад оруулахыг хүсдэг. Мөн энэ газар уул уурхай оруулахгүй, биологийн байдлыг нь хамгаалж үлдэ­хийн төлөө ажиллана. Ирвэсийн судалгаагаа ч үргэлжлүүлж, тоо толгойг нарийн тогтооход хувь нэмрээ оруулахыг хүсч байна.

-Та энэ газрын туслах хилчнээр ажилладаг гэсэн. Туслах хилчний үүрэг юу байдаг юм бэ?

- Бид хилийн бүс нутагт ямар нэгэн зөрчил гарахаас сэргийлдэг. Хул­гайн ан, уул уурхай гэсэн хууль бус зорилготой хү­мүүсийг саатуулж ойрол­цоох хилийн заставт мэдэгдэх үүрэгтэй.

Хятадын хилтэй ойрхон болохоор хэрэг, зөрчил гардаг уу. Таныг эх оронч үзэлтэй залуу гэж нутгийнхан үнэлдэг юм билээ?

- Сайхан эх орноо бид л хамгаалах ёстой. Сүү­лийн үед уул уурхай эр­чимтэй хөгжиж байгаа болохоор түүний үр дага­вар ч бидэнд мэдрэгдэж байна. Монголын нутаг дэвсгэрт хятадын дугаар­тай машин нэвтрэх эр­хийн бичиггүй давхиж явдаг тал бий. Нэг юм уу, хоёр монгол хүн суул­гачихсан “Бид газар үзэж явна” гээд явж байдаг. Тэгэхэд манай мон­голчууд хятадын хил рүү машин­тайгаа орох ч эрх­гүй. Эндээс зүгээр л дүгнэлт хийгээд үзээрэй гэж хэлмээр байна.

-Залуусын талаар юу гэж боддог вэ. Тэдэнд хандаж юу гэж уриалмаар байна?

-Залуус төв суурин газар бараадаж амьдрах болсныг буруутгах арга­гүй. Гэхдээ зөвхөн хотод амьдрал байгаа юм шиг сэтгэж болохгүй. Хөдөөд сайхан амьдрах боломж, бололцоо их бай­на. Би хөдөө нутгаас хэзээ ч залхаж байгаагүй. Яагаад гэвэл бурхан надад хийж бүтээ гээд энэ сай­хан газрыг хайрласан. Энэ нутгаа хайрлах хам­гаа­лах нь одоохондоо миний амьдралын утга учир.

-Аав тань биологич болохоор таны үзэл бодол, амьдралын мөн чанарт нөлөөлсөн байх?

- Би Хөвсгөл нутгийн хүн. Анх говьд ирэхэд халуун нар шараад, мод байхгүй, ус нь хүртэл хязгаарлагдмал хэцүү бай­лаа. Хүн байгаль орчиндоо амархан дасдаг юм билээ. Бага байхаас аавыгаа дагаж явдаг. Хөдөө явж, амьтдын тухай асууж заалгаж явсаар нэг л мэ­дэ­хэд энэ мэргэжилд сонирхолтой болчихсон. Аав минь Хорьдол Сарь­­дагийн нурууны хөх­төн амьтанг судалдаг. Ээж байгаль хамгаалах чиглэ­лээр ажил­ладаг. Харин дүү нар маань өөр мэргэжлээр сурч байгаа.

-Хөвсгөл судлах зүйл олонтой нутаг. Төр­сөн нутагтаа судалгаа хийж болоогүй юм уу. Өмнөговь, өндөруулын эзэн хоёрын юу нь сэт­гэлийг тань татсан юм бэ?

-Цоохор ирвэс дэл­хийн 12-хон орны нутагт тархсан тоо толгой харь­цангуй цөөн амьтан. Манай улс цоохор ирвэ­сийн тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог. Тийм болохоор энэ амьтныг хамгаална гэдэг түүний амьдарч байгаа газар нутаг уул ус, ургамал амь­тан, энэ бүгдийг хамгаална гэсэн үг. Маш гоёмсог үстэй, урт биетэй, цаст өндөр уулын эзэн байд­гаараа гайхамшигтай. Нэг гайхамшгийг мэдэрч үзэх гэсэн хүсэл минь намайг хөтөлсөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин