Байгаль орчинд ээлтэй техник, технологийг  “Эрдэнэт” үйлдвэрт нэвтрүүлнэ

“Эрдэнэт” үйлдвэрийн Байгаль орчныг хамгаалах хэлтэс 2014 оны ажлаа дүгнэлээ. Монгол улсын байгаль орчныг хамгаалах тухай хууль, тогтоомжуудын хэрэгжилт, хүрээлэн буй орчны хяналт шалгалт, цагаан тоосыг бууруулах, биологийн нөхөн сэргээлтийн үр дүнг тэд тодорхойлсон байна. Байгаль орчныг хамгаалах хэлтэс “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нөлөөллийг үйлдвэрлэлийн бүс болон Орхон аймгийн хүрээлэн буй орчин хөрс, ус, агаарт тогтмол хэмжиж, хянадаг. 2014 онд өмнөх жилтэй харьцуулахад хэмжилтийн тоо гурав дахин нэмэгдэж, зардал өсчээ. “Эрдэнэт” үйлдвэрийн Байгаль орчны хөдөлгөөнт лаборатори өнгөрсөн жилээс “Эрдэнэт” үйлдвэрийн балансын бус хүдрийн овоолго, молибдений баяжмалыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй “Ачит Ихт”, “Эрдмин”, “Шим технолоджи” ХХК-ийн хүрээлэн буй орчинд хэмжилт хийж, хяналт тавьж эхэлсэн байна.

Өнгөрсөн жил “Эрдэнэт” үйлдвэрийн “Ногоон төгөл” төсөл 10 мянга гаруй мод, түүнийг ургуулж арчлах услалтын иж бүрэн системтэй болсон. Мөн хоосон чулуулгийн 3-р овоолгод хийсэн биологийн нөхөн сэргээлтийн талбай 28 га болж, 7 мянга орчим мод тарьсан. “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид төрсөн өдрөөрөө “Ногоон төгөл”-д мод тарьж эхэлсэн нь байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалахад оруулж буй үнэтэй санаачилга болжээ. 2015 онд Баяжуулах фабрик, Техникийн хэлтэс хамтран цагаан тоосыг бууруулах туршилт хийж, дүгнэлт гарган ажиллах юм байна. Мөн энэ онд “Эрдэнэт” үйлдвэрт шинэ техник технологи нэвтрүүлэхдээ байгаль орчинд ээлтэйг нь сонгоход Байгаль орчныг хамгаалах хэлтэс, Материал техник хангамжийн хэлтэс, Хөгжлийн хэлтэс хамтран ажиллахаар болжээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн Байгаль орчныг хамгаалах хэлтэс байгаль орчинд үйлчлэх хүчин зүйлүүдийн нөлөөллийг тодорхойлох, олон улсын ISO-14001:2004 стандартыг компанийн хэмжээнд ханган ажилладаг. Жил бүр байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө гарган, биелэлтийг тооцож байна.

- See more at: http://erdenettoday.mn/index.php/production/item/292-2015-01-28-09-17-10#sthash.T64i0XVg.dpuf