Xүний хүслээр тоглож, эрүүл мэндээр нь хохироох нь өнөөгийн нийгэмд энгийн үзэгдэл болж. Монголчууд бид урин дулааны цагт боодог, хорхог идэж, айраг цагаагаа ууж хившсэн ард түмэн. Ингэхдээ ашиг шим нь өндөр халуун хошуут малаа ёс заншилынхаа дагуу төхөөрч, хийдэг. Гэтэл сүүлийн үед хүмүүсийн энэ хүслийг буруугаар ашиглаж, муурны махаар боодог хийж зарсан жигшүүрт хэрэг гарсан байна.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоса” худалдааны төвд тарваганы боодог нэрээр муурны мах зарж байсан Б, Ш нарын дөрвөн хүнийг цагдаагийнхан баривчилжээ. Тэд муурны махыг тарваганы тос, өөхтэй хольж, тарваганы боодог хэмээн том жижгээс нь хамааран 60-70 мянган төгрөгөөр зардаг байсан нь илэрсэн байх юм.

Тэд муурны хөл, толгойг нь аваад чулуу, ногоо зэргийг хийн тарваганы тос, адууны махны шөл зэргийг ашиглан боодогоо хийн бусдыг залилдаг байсан байна. Түүгээр ч барахгүй уг хэргийн мөрөөр цагдаагийнхан ажиллах явцдаа эдгээр хүмүүсийг Яармагт муур үржүүлгийн газартай болохыг олж тогтоожээ.

Нууц байдалд ажилладаг тэд хүн харахад айраг, цагаан идээ зарж буй мэт боловч худалдан авагчтайгаа тохирвол ойрхон байрлуулсан машинаасаа муурны махаа авч өгдөг байж. Өдөрт дунджаар 5-6 муурны боодог зардаг тэд байнгын үйлчлүүлэгчид ихтэй гэдгээ ч хүлээсэн байна.

Сэжигтнүүд өөрсдөө сүүлийн хоёр жилийн турш муурны мах зарсан гэж байгаа ч гэрчүүдийн мэдүүлж байгаагаар тав орчим жил уг ажлыг хийсэн аж.