Энэ бол, тѳр засгийн зүгээс хийсэн сүүлийн хэдэн жилийн ажил дотроос овойж, тодрон гарах хамгийн үр бүтээлтэй том тѳсѳл. Энэ ажлыг эхнээс нь дэмжиж байгаа нь олон, гэхдээ хардах сэтгэлгээгээр шүүмжлэх хүмүүс ч бишгүй байгаа бололтой. Бид цагааныг харлүүлах гэж оролдож, харыг цайлгах гэж зүтгээд сурчихаж, шүүмжлэл мэдээж хэрэгтэй гэхдээ тэр туйлийн зорилго биш, байх ч ёсгүй.

 

Миний хувьд энэ чиглэлийн мэдлэг байгаа, оргүй хоосноос нийтлэл тэрлээгүй гэдгээ урьтаад хэлсэн нь дээр. БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АРМИ гэдэг санааг сэдэж, анх твиттерээр хэдэн зуун хүний санал хураан нэгтгэж, ерѳнхийлѳгч, УИХ-ын дарга 2-ын твиттер хаягаар явуулж байснаа санаж байна. Удалгүй ОЮУТАН ЦЭРЭГ тѳсѳл хэрэгжиж, ѳнѳѳдѳр БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АРМИ ажил болох нь тодорхой болж байх шиг байна.

 

Мэдээж хувь хүний санал хэрэгжээд ажил болоод явж байна гэдэгт итгэхэд бэрх, тийм юм гэж бараг байхгүй байх, гэхдээ яахав санаа авсан байвал сайн л байна, цаг хугацааны тохиолоор таарсан байсан ч болж л байна, ямартаа ч бодож санаж явдаг зүйлийн маань нэг нь ч гэсэн биеллээ олж байгаад баярлахгүй хэн байхав. Идеа гаргагч нь ѳѳрѳѳ заавал хэрэгжүүлэгч байх албагүй гэсэн афоризм байдаг.

 

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АРМИ гэдэг санаа толгойд орж ирсэн түүх энгийн. Танилын маань ганц эрх банди, цэрэгт байхдаа л ...цэргээс халагдаад гэрлэнэ, гэр орон бэлдээрэй... гэж эцэг эхдээ бичдэг байсан юм. Ганц хүүгийхээ тѳлѳѳ эцэг эх нь гадаа байгаа хэдэн малаа зарж борлуулан, хүн амьтан, ХААН банканд ѳр зээл тавьж, бүрэн тавилгатай, аль болох сайхан гэр тѳхѳѳрѳх гэж хѳл болж байсаан, дараа нь ядарсан хүмүст дааж давшгүй ѳр болоо л үлддэг юм билээ, хѳдѳѳний ард түмэнд байдаг л дүр зураг бол энэ. Хэрэв хүү нь хилийн торгон манаанд биш, Барилгын цэрэгт байсан бол танил маань тэгж их ѳрѳнд орохгүй дээ гэж бодогдсон юмдаг. Ер нь МАА-ийн зарим девизүүд БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН AРМИ болон тѳрѳлжиж, ажлын хѳлс цалин нь тусгай дансанд хуримтлагдаж байгаад цэрэг халагдах үеэр орон нутагт нь шилжүүлдэг байвал болмоор санагдаад твиттерт санаагаа тавьтал санаандгүй хэдэн зуун жиргээч шуугин дэмжсэнийг ерѳнхийлѳгч, УИХ-ын даргын нэр дээр тэр чигээр нь явуулсан, ердѳѳ ийм л юм.

 

Tѳвийг сахих байнгын статустай болох улс тѳрийн тѳсѳл биеллээ олж хэрэгжих нь бараг бодитой болчихлоо. Ийм нѳхцѳлд БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АРМИ, девизүүдтэй болж бүтээн байгуулалтад Монголын арми гар биечлэн оролцож, цэргүүд хажуугаар нь цэргийн эрдэмд суралцан эршиж, дансандаа мѳнгѳтэй, басчиг эзэмшсэн, гаршсан мэргэжилтэй болоод халагдах шиг сайхан юм хаана байхав. Хаа бие нь тэгширсэн, ханагар залуу хармаандаа мѳнгѳтэй, толгойдоо мэргэжилтэй болоод халагдаад ирэхэд эцэг эхчүүд ч баярлахаас яахав. БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АРМИ байхын хамгийн том аргумент гэвэл энэ.

 

Нийгэмд байнгийн эрхэлсэн ажилгүй, тохиолдлын бизнессээр ашиг олж, хялбар аргаар мѳнгѳжих, нам дагаж амьдралд хүрэхийг эрмэлзэх сонирхолтой давхрага үүсэн эгнээ нь ѳргѳжиж байна. Тэд нийгмийн даатгал, татвар тѳлдѳггүйгээрээ далд эдийн засгийн шинжтэй, хѳдѳлмѳрѳѳр нийгэмших процессын гадуур байдгаар онцлогтой, бас л нийгмийн туламдсан асуудлын нэг л дээ. Энийг үзэл суртлаар биш, албан журмаар шийдэхээс ѳѳр аргаггүй болсон зүйл, энд БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АРМИ онцгой үүрэг гүйцэтгэх ёстой.

 

Тѳмѳр замын ажил нарийн технологитой, цэргүүдээр хийлгэх ажил биш гэж басамж аясын үг хаях хүмүүс ч байна. Миний бие, УБТЗ гэх Орос-Монголын хувь нийлүүлсэн байгууллагад жирийн нормчноос эхлээд имженер, ахлах инженер, хэлтэс, зангилааны дарга хүртэл ажлыг 9 жил хийсэн, залуу халуун насандаа тѳмѳр замын ажлын хар борыг гүйцээсэн хүн, тѳмѳр замын ажлын технологийг гадарлана.

 

Айраг, Бор-Ѳндѳрийн тѳмѳр замын бүтээн байгуулалтын үед Чойр зангилааг удирдан, тѳмѳр замыг ашиглалтанд оруулж, нээлтэн дээр нь тууз хайчлалцаж явлаа. УБТЗ ѳѳрѳѳ 2000 гаруй инженертэй, монголдоо хамгийн олон техник, мастертай байгууллага, хагас цэргийн зохион байгуулалттай, 8 цагаар биш, 24 цагийн хэмнэлээр ажиллаад сурчихсан, хариуцлага, сахилга бат мах цусанд нь шингэчихсэн ажилчидтай газар.

 

Зам тавихад сайн инженер, сайн техник, мастер л хэрэгтэй байдаг, бусад биеийн хүчний ажлын дадлыг ажилчид, зам тавих явцдаа л суралцчихдаг юм билээ. Бор-Ѳндѳрийн тѳмѳр замыг барьж дуусаад хэмжилт явуулахад балл нь 1000 гараа л аймаар байсан, галт тэрэг шууд онхолдох нѳхцѳлт үнэлгээ л дээ. Тухайн үед, инженер Ойдов, Замын ангийн дарга асан Найдансүрэн ( тѳмѳр замын техник хүн) нар тусгай даалгавартай ганцхан сар ажиллахад л 90 км замын баллыг 100-гийн дотопр оруулчихаж билээ.

 

Тѳр засаг тэдний хѳдѳлмѳрийг үнэлж шууд Алтангадас ѳгч байсан санагдана. Монгол инженерүүд үнэхээр чадалтай. Хѳдѳѳнѳѳс малчид элсүүлээ л ажиллуулахад тѳдхѳн л учры нь олчихсон байдаг, угаас монголчууд оюуны мэдрэмж ѳндѳртэй, юмыг түргэн тусгаж авдаг үндэсний менталиттэй ухаалаг хүмүүс, түүртэхгүй гэж бодогддог. Хятадаас хүн оруулах ѳчүүхэн ч шаардлага байхгүй, энийг давтан давтан хэлмээр байна. Хүний нохойд долоолгохоор, ѳѳрийн хүн идэг, цэргүүд маань ч халагдах мѳнгѳтѳй болог!

 

Шинэчлэлийн гэх Засгийн газар араасаа хэл ам нэхэл дагалтай ч монгол улсад автозамын сүлжээ бий болгоход том алхам хийсэн, жирийн хүмүүс энэ бүтээн байгуулалтын ашгиийг мэдэрдэг. Харамсалтай нь энэ их ажилд армийг татан оруулж чадаагүй, учраа олоогүй. Одоо тѳмѳр зам барих дээр ийм алдааг давтаж болохгүй. Монголчууд тѳмѳр замаа барьж үнэхээр дѳнгѳнѳ, Гашуун Сухайтын гашуун сургамж давтагдах ёсгүй.

 

Болгоомжилмоор, бас л гашуун сургамж гээд хэлчихэж болохоор ганцхан зүйл бий, тэр нь улс тѳржилт. Бүтээн байгуулалтын ажилд анхнаас нь л улс тѳр оруулаад, лоббичдын ѳлѳн нүдний хорыг гаргаад, авилгачдын шүлс үсэргээд эхэлвэл ард түмний хүсэн хүлээсэн бүтээн байгуулалтын мѳрѳѳдѳл ашиг сонирхлын шалбаагт хутгалдаж нэг л том ШОУ, эсвэл овоолсон шороо л үлдэнэ гэсэн үг, энэ бол хоосон хардлага биш СУРГАМЖ!

 

Барилдахаас таахалзах нь гэж бардамнаад яахав, нѳгѳѳ талаас барьж аваад хийчихээгүй байж Гитлер, Сталин ярьж эдийн засгийг цэрэгжүүллээ гэж дѳвчигнѳѳд юүхэв, аж ахуйн ажилд улс тѳрчид орж хутгалдахаараа ямар уршиг тарьдагийг мэдэхээрээ боллоо доо, энэ бас л СУРГАМЖ!

 

Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү