Одоогоос 10 гаруй жилийн өмнө нийслэлд бор шувуу, тагтаа элбэг байв. Харин сүүлийн хэдэн жилд тагтаа нэг ширхгийг 10 000 төгрөгөөр худалдаж авсаар өнөөдөр нийслэлд тагтаа нүдний гэм болсон. Тэгвэл нийслэлийн тагтааг “цөлмөж” дуусгахад хувь нэмрээ оруулсан хүний нэг бол Ирак гаралтай Монгол улсын иргэн гэгдэх Абдул Карим гэдгийг хэлэх хүн цөөнгүй байна.

Өөрөөр хэлбэл 2000 оны эхээр Бээжин дэхь Иракийн элчин сайдын яаманд ажиллаж байсан Абдул Карим Балжинням гэх Монгол эмэгтэйг даган манайд улсад хөл тавьж байсан. Тэд 10-р хороололд Балжиннямын хоёр өрөө байранд амьдарч байсан. Улмаар Монголын шонхрыг лалын шашинтай баячуудад зарж, дундаас нь мөнгө унагаж өнөөдрийн “отог”-ыг байгуулан баян тансаг амьдарч байгаа гэдгийг шонхрын наймаачид баталдаг юм билээ.

Шонхрын наймаанаас гадна нийслэлийн тагтаа цөөрөхөд түүний оруулсан хувь нэмэр хамгийн их байгааг шонхрын наймаачид мөн баталдаг. Тодруулбал тэрбээр жилдээ 40 000 – 50 000 тагтааг зөвхөн шонхрын наймаандаа зориулан “цааш нь харуулдаг”. Учир нь тагтаа шонхор шувууны идэш бөгөөд Абдул Карим нэг тагтааг 10 000 төгрөгөөр худалдаж авдаг ажээ. Харин энэ үйлдэлдээ хариуцлага хүлээгээгүй юм. Хүлээх эсэх нь ч эргэлзээтэй. Тэрбээр цагдаагийн үе үеийн хурган дарга нартай нөхөрлөдгийн зэрэгцээ байгаль орчны сайдаар ажиллаж байсан эрхмүүдтэй анд бололцож шонхрын наймаагаа асуудалгүй хийдгийг олон хүн ярьдаг. Тийм ч болохоор “уснаас хуурай” гарсаар ирсэн.

Гадаадын иргэнд газар өмчлөх эрх олгодоггүй хуулийн зохицуулалттай. Харин Монгол улсын иргэнд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх нээлттэй. Тэгвэл Абдул Карим энэ хуулийг сайн мэддэг бөгөөд Катарын байгууллагыг төлөөлж байгаа гэдгийг хэлж үнэ цохин худалдан авсан. Харин юу барих гэж байгаа талаараа мэдээлэл өгөлгүй сэтгүүлчдээс зайгаа авсан. Энэ нь Абдул Карим гадаадуудын гар хөл байж болзошгүй гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын хууль тогтоомжийг гаргууд сайн мэдэж, хуулийн цоорхойг ашиглан гадаадуудад ашиглуулах гэж оролдов. Гэвч түүний гар хөл байж болзошгүй 2 залууг лхагва гарагт тагнуулынхан баривчилсан. Мөн Монгол улсын иргэн болохдоо асуудалтай байсан, эрхэлж байсан наймаанууд нь шатсаар байхад хөрөнгөжсөн байдал, Монгол улсад татвар төлсөн байдал зэрэг нь олон хүний анхаарлыг татсан. Улмаар нууц бүхэн нь илрэх зэргээр олон асуудал дагуулсан тул ийнхүү нэрээ татаж, нам гүм байхыг илүүд үзсэн бололтой. Түүнээс тодруулга авах гэхэд үгүй нэмж ярих зүйл байхгүй гэдгээ мэдэгдэв.

Миний Монголын шувуудын зовлонгоор хөрөнгөжиж, Монголд ясаа тавихаар санаархаж байгаа энэ “өвгөн” нутагтаа харих нүүргүй гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Тодруулбал Саддам Хуссейны дарангуйллын үед удирдлаган доор нь ажиллаж байсан хүн Иракт очвол цаазын ялаар шийтгүүлнэ. Тиймээс үлдсэн насаа тал нутагт амгалан өнгөрөөхийн тулд тэрбээр Монгол улсын иргэншилтэй болсон. Үхэн үхтлээ тэрбээр Монголд амьдрахаар шийдсэн. Гэхдээ Монгол улсын хуулийн цоорхойгоор ашиг хийхийг завдаж байгаа энэ хүн “Миний Монголын ард түмэн” гэж мэдэгдэл хийх энэ эрхэм Монгол улсын төлөө насан туршдаа зүтгэх нь юу л бол гэдгийг олон хүн хэлж байна.

Нөгөө талаас гадаадын иргэн Монгол улсын иргэншилтэй болохын тулд Монгол улсад 10 жил оршин суусан байх ёстой. Түүний Монголд байсан хугацаа нь энэ нөхцөлийг хангаж байж болно. Гэхдээ консулын газар ажиллаж байсан хүнийг Монгол улсын иргэн болгохыг ХОРИГЛОСОН зохицуулалт байдаг. Тэгтэл Абдул Карим Бээжин дэхь Иракийн элчин сайдын яаманд ажиллаж байсан хүн. Ерөнхийлөгч түүнийг “таалж” Монгол улсын иргэн болгосон байгаа юм.

Одоо тагнуулынхан түүний гар хөл байж болзошгүй 2 залууг саатуулан шалгаж байгаа, түүнээс өмнө нь 40 гаруй шонхрын хэрэгт Абдул Карим холбогдсон. Тэгэхээр Абдулын хувьд хууль бус үйлдлүүдээ нуун дарагдуулахын тулд олны анхаарлаас нуугдах гэж хичээж байна. Түүнийг хэрхэн Монгол улсын иргэн болсон эсэхийг ИХШХГ, тагнуулийн байгууллага, цагдаагийн байгууллага хянах шаардлага байгааг сануулахад гэмгүй биз.