Дархан-Уул аймаг хоёр Засаг дарга, хоёр Иргэдийн төлөөлөгчдийн хуралын гишүүдтэй болсон байна. Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 11 дүгээр хурал энэ сарын 2-нд болж, Ардчилсан нам, Ардын нам хоёр хоорондоо талцан, зодолдохын наагуур юм болж сүүлдээ МАН хурлыг орхин гарснаар тусдаа хуралджээ.

Ингэхдээ Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн есдүгээр сард Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилогдоод байсан А.Энхболдыг огцруулжээ. Учир нь тус аймгийн Засаг дарга асан С.Насанбатыг хууль бусаар ажлаас нь халсан хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шүүхэд өгсөн юм. Тэгвэл шүүхээс А.Энхболдыг томилсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 187,188 дугаартай захирамжийг түдгэлзүүлсэн байна. Энэ дагуу Дархан-Уул аймгийн ИТХ хуралдаж, аймгийн Засаг дарга А.Энхболд, ИТХ-ын дарга П.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцруулсан байна. Гэхдээ ирц бүрэн биш гэсэн шалтгаанаар хурлын тогтоолыг хүчингүй болгож магадгүй юм.

Мөн ИТХ-ын шийдвэрээр Г.Баянмөнхийг Засаг даргаар сонгож, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандахаар болсон гэнэ. Шүүхийн шийдвэрээр А.Энхболдыг хууль бус Засаг дарга байсан гэсэн дүгнэлт гарсан учир захирамжилсанаас нь хойшхи гаргасан тогтоол, шийвэрүүд мөн адил хүчингүй гэсэн үг юм байна.

Гэвч энэ сарын 4-нд болсон ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн Засаг даргын орлогчоор Батбаярын Бат-Эрдэнийг томилох саналтай албан бичгийг Засаг дарга А.Энхболдоос ирүүлсэн байна. Уг саналыг нь тэргүүлэгчид хэлэлцээд дэмжив.

 

Тэгэхээр албан тушаалын наймаагаараа зартай Дархан-Уул аймаг суудлын төлөө ийн хөнжил дотроо хөлөө жийлцэж эхэлсэн бололтой.

Т.Буянаа