“Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ашиглагдаж буй том оврын автобусны техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг хийх“ Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний техникийн байдалд тавих шаардлага” MNS- 4598:98, нийтийн зорчигч тээврийн MNS-5012:2001 зэрэг стандартуудын хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотын тээврийн газрын нийтийн тээврийн улсын байцаагч нарыг оролцуулан зорчигч тээврийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг нийт 22 аж ахуйн нэгжүүдэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн алба хаагч нар нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өглөөний 05.30 цагаас 08.00 цагийн хооронд хяналт шалгалтыг зохион байгуулан явууллаа.

Шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар:

Шалгалтанд нийтийн зорчигч тээврийн 709-н том оврын автобус хамрагдсан ба доорх зөрчлүүд илэрсэн байна. Үүнд: “Эрдэм транс” ХХК-ийн Х.Аеро Сити маркын автобусны жолооч Б-г согтуурал шалгагч багажаар шалгахад 0.10%, жолооч З нь 0.18% -ийн согтолттой, жолооч Д нь 0.29% согтолттой байсныг Г нь мэдсээр байж жолоо шилжүүлсэн. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 22 аж ахуйн нэгжийн 709-н том оврын автобусны гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэлийг шалгахад 211-н зөрчил илэрсэн байна. Хэсэгчилсэн шалгалтын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн тээврийн хэрэгсэл жолоодсон 1, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ нийтийн тээврийн хэрэгсэл жолоодсон 1 зэрэг зөрчил илэрсэн нь дээрх байгууллагуудын ерөнхий инженер, шалгах механик, диспетчер зэрэг албан тушаалтнууд ажилдаа хэрхэн хариуцлаггүй хандаж байгаа нь харагдаж байна.

Дээрх аж ахуйн нэгж, байгууллагуудын жолооч нартай уулзалт хийж тодруулахад холбогдох хууль, дүрэм, журам, стандартын талаар сургалт сурталчилгаа хүртээмжтэй хийгддэггүй, ухуулга сурталталчилгаа мэдээллийн самбарт баяжилт, шаардлагатай шуурхай мэдээ, мэдээлэл тавигддаггүй, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл хэрэглэхийг шаарддаггүй, өглөөний гаралтыг шалгадаггүй зэрэг удирдлага, зохион байгуулалттай холбоотой зөрчил дутагдлууд илэрлээ.

Мөн гадна, дотор цэвэрлэгээ хангалтгүй, эмблем, логогүй, урд, хойд хаалга гүйцэт онгойдоггүй, чиглэлийн бичиглэл, хаяг дутуу, асдаггүй зэрэг нийтийн тээврийн стандарт зөрчсөн, нийслэл хотын өнгө, төрх, нүүр царайнд сөргөөр нөлөөлөхөөр нийтлэг зөрчил дутагдлууд байсаар байна.