“Хайрын хурим” салон охид, бүсгүйчүүдийн шинэ жилийн гоёлд зориулан урласан цэвэр торгон материал бүхий үдшийн даашинзны загвараа дэлгэхэд бэлэн болжээ.

Энэ удаагийн загварын цуврал Tuxedo хувцасны элементийг тусгасан эрх чөлөөг илэрхийлсэн байхаас гадна бүсгүйчүүдийн эмэгтэйлэг чанарыг илүүтэй тодотгосон гэнэ. Хар, саарал, цайвар саарал, хүрэн ягаан зэрэг завсрын өнгө бүхий даашинзыг дизайнер Э.Туул, Б.Ууганцэцэг нар хамтран урлажээ. Өнгөрөгч долдугаар сард үндэсний баяр наадамд зориулсан эртний хатадын зураг бүхий цэвэр торгон загвараараа хувцас загварт шинэ технологи, цоо шинэ хэв маягийг нэвтрүүлсэн “Хайрын хурим” салон энэ удаа үдшийн даашинзийг цэвэр торгон материалаар урлаж, эрх чөлөөт бүсгүйн шинжийг илүүтэй гаргахыг зорьжээ. Цөөн тоогоор урласан үдшийн даашинзуудаа үзэсгэлэн хэлбэрээр энэ сарын 11-30-ны өдрүүдэд Палаззо цамхагт байрлах “Хайрын хурим” салоны байранд олон нийтэд үзүүлэх юм байна.