Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр тохиролцоонд хүрсэн АН, МАН-ынхан бусад нам хийгээд Засгийн эрхэнд хамтарч байгаа “Шударга ёс” эвслээс зайгаа барьж, тоглоомын тойрогтой оруулахгүй явсаар өнөөдрийг хүрч байна.

Засагт хамтарсан “Шударга ёс” эвслийн АН-д дайх болсон тунирхал, саяхан л МАН-тай эвсэж “хар машин” шатааж явсан парламентад суудалгүй намууд дахин шаардлага хүргүүлж эхэлснээс харахад хоёр намын түр зуурын “нөхөрлөл” хэт дотносон гэлтэй. Угаасаа улаан, цэнхэр намынханд он солигдох торгон мөчтэй уралдаж Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар айдгаа авдартаа хийх нь өнөөдөртөө чухал учраас дэргэдэх хамтрагчдаа анзаарах сөхөөгүй яваа болов уу.

Гэхдээ товчлуурын илүүгээр, эрх мэдлийн хуваарилалтаараа Сонгуулийн хуулийг аль болох өөрсдөдөө ашигтай байдлаар засварлаж, өөрчлөх АН, МАН-ын боломж биелэлээ олохгүй байж мэдэх нь. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн тооцоолсноор өнөөдөр Сонгуулийн хуулийг эцэслэн батлах учиртай. УИХ-д өргөн барьсан Р.Бурмаа, Су.Батболд, О.Баасанхүү нарын гурван төслийг нэгтгэх Ажлын хэсгийнхэн ч өнгөрсөн өдрүүдэд шахуу цагаар хуралдаж саналаа нэгтгээд буй. Мэдээж эвслийн бүлгийн тунирхал, парламентад суудалгүй намуудын шаардлагыг үл тоогоод тохиролцоо ёсоор сонгуулийн шинэ зургийг зураглах нь АН, МАН-ынханд алга ургуулах төдий л зүйл. Гэхдээ үүнээс өмнө Н.Энхбаяр хийгээд эвслийн бүлэг гэсэн ханыг хүссэн хүсээгүй давж гарах шаардлагатай тулгарч магадгүй байна.

Учир нь Н.Энхбаярын “оймсны хүүхдүүд” хэмээн адлагддаг ч Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авах бүрэн эрх “Шударга ёс” эвслийн халаасанд яваа. Хугацаа тулсан энэ үед хоёр том нам нь хамтарч сонгуулийн зургийг өөрсдийнхөөр зурагласан ч “Шударга ёс” эвслийнхэн ажлын тав хоногийн завсарлага авсан тохиолдолд тэдний төлөвлөгөө бүхэлдээ нуран унана гэсэн үг. Нөхцөл байдлыг ингэж эргүүлэхгүйн тулд АН, МАН-ынхан эвслийн бүлгийн санал болгож буй нэмэлт өөрчлөлтөөс заримыг нь оруулж буулт хийж таараа. Ингэхгүй байж гэмээн Н.Энхбаярыг Ч.Сайханбилэгийн танхимд Шадар сайдаар залрах замд хэн хэн нь хаалт хийхгүй байх барьцааг эвслийн бүлгээс сөргүүлэн тавьж болох. Нэг үгээр хэлбэл, Сонгуулийн хуулийг эцэслэх хугацаа нь тулсан энэ үед парламентад суудалгүй намууд гэхээсээ Н.Энхбаяр, “Шударга ёс” эвсэл АН, МАН-д хамгийн том саад болж мэдэхээр байна.

Магадгүй Н.Энхбаярын энэ оны сүүлчийн улс төр нь Сонгуулийн хуулийг гацаах эс бөгөөс өөрөө Шадар сайд болох замаа засуулах байх бололтой. Угаасаа намын даргынхаа харцаар хөдөлж, хэлсэн үгээр нь улс төр хийдэг нь Эвслийн бүлгийн гэм биш зан. Энэ бүхний тайлал эвслийн бүлгийн нүүдэл, Н.Энхбаярын сүүлчийн улс төр юу байх нь өнөөдөр тодорхой болно.

 

 

С.ГАНДӨЛ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/