Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди Төрийн тэргүүний сэнтийнээсээ бууснаас хойш төдий л олны өмнө гараагүй нэгэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа төр түшиж буй хүмүүс болон ард түмэндээ хандан “Титэм үг” бичиж, Оюу толгой компанийн ТУЗ-д ажилласныг эс тооцвол бараг л нам гүмхэн байгаа гэхэд болно. Одоо түүнд хамаатай албан тушаал гэвэл МАН-ын зөвлөхүүдийн танхимын гишүүн.

Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч асан Н.Багабанди Төрийн ордноор зочлов. Цагаан цамц, хар зангиан дээрээ хар хослол өмсөн, гар цүнх барьсаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын өрөө рүү орсон юм. Бүлгийн дарга С.Бямбацогт Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн хуралдаанд ороод өрөө нь эзгүй байсан тул гурван давхарт байрлах УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын өрөө рүү явлаа. Хоёр давхарт байсан хүмүүс шатаар өгсөн гүйхийг нь хараад “Багабанди гуай чинь маниасаа илүү хөнгөн шингэн яваа юм байна” хэмээн жиг жуг хийцгээж байв. Түүнчлэн МАН-ын зарим хүмүүс “Багабанди дарга Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад буух хүртлээ ямар нэгэн хэл аманд ороогүй ер нь л цэвэр яваа. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд үзвэл бат л даа” хэмээн ярилцаж байсан билээ.

Н.Багабанди намын даргатайгаа уулзахаар өрөөнд нь очсон ч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат намын даргатайгаа уулзаж байсан тул үүдэнд нь түр хүлээлээ. “Н.Багабанди дарга аа сайхан өвөлжиж байна уу” хэмээн мэнд мэдэхэд “Сайхан өвөлжиж байна. Чи сайхан өвөлжиж байна уу” хэмээн харлаа. Түүнээс ярилцлага авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд “Би чинь төрийн ажлаас хол байгаа хүн юугаа ч ярихав дээ. Цаагуур чинь ажил хийгээд гүйж яваа олон хүн байна. Тэднээс ав л даа” хэмээн инээмсэглэв. “Төрийн өндөр албанд нэгэн цагт зүтгэж байсан хүмүүсээс л яриа авах сонирхолтой байгаа юм. Энэ нийгэм, эдийн засаг ч төдий л болж өгөхгүй байна шүү дээ” гэхэд “Миний ярилцлагыг тоох хүн ч байх юм уу. Би ярьж болох ч шийдвэр гаргах түвшинд нөлөөлж чадахгүй. Угаасаа тэр хүмүүс тоох ч үгүй дээ. Цаг өөр болсон байна. Хөгжил гэдэг чинь ардчиллын зарчмаараа л явах эд” гэв.

Ямартай ч түүний хувьд намын даргатайгаа уулзах чухал ажил байсан бололтой. М.Энхболд даргын өрөөнд хоёр цаг гаруй суугаад гарсан гэдгийг намынхан нь хэлж байсан юм. Тэрбээр олны анхаарлыг татахыг хүсээгүй бололтой намын даргынхаа өрөөнөөс гараад шууд л Төрийн ордноос гарсан байна. Сонгуулийн хуулиас эхлээд МАН-ынхан сүүлийн үед идэвхжиж байгаа. Магадгүй Сонгуулийн хууль болон улс төрийн нөхцөл байдлын талаар МАН-ын даргатай зөвлөлдөөд гарсан байхыг үгүйсгэхгүй. Үүнээс харахад хэсэгтээ амар жимэр байдлыг эрхэмлэх болсон Н.Багабанди дарга намынхаа ажилд ханцуй шамлан ороо юу гэж харж болохоор байгаа юм.

Э.ЭНХ