2015 оны сүүлийн өдөр УИХ-ын гишүүн асан, МоАХ-ы дарга Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл цацагдсан билээ.

 

Он гармагц хийсэн албан мэдээллээр бол сэжигтнээр тооцсон нь үнэн, мөн түүний өмгөөлөгч Б.Батзаяаг авилгын хэргээр баривчилсан гэсэн тайлбарыг холбогдох албаныхан хийсэн.

 

Мөн тун удахгүй Х.Баттулгын бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүсэлтийг Прокурорын байгууллагаас УИХ-д ирүүлж магадгүй тухай улс төрийн хүрээнд сүүлийн сар шахам хүчтэй яригдаж байна. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ бүхнийг бүгдийг нь худлаа гэж няцаагаад Тавантолгойг үнэгүй өгөх гэж байсныг болиуллаа гээд биднийг шийтгэж байна, "шагнал"-ыг маань өгч байна. Захиалагч нар нь тодорхой.

 

Тавантолгойг үнэгүй шахуу авах гэж байсан, өгөх гэж байсан л улс шүү дээ гэжээ.Өөрийнх нь тайлбараар бол Х.Баттулгыг хэлмэгдүүлж байгаа бололтой. Хэн гэдгийг нь ч тайлбараас нь шуудхан тайлж уншиж болохоор мэт.

 

Тавантолгойг "өгөх" гэж байсан нь Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хийгээд Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох ажлын хэсгийн ахлагч, Монгол улсын сайд М.Энхсайхан, "авах" гэж байсан нь нэр бүхий гадаадын компаниуд ба "М-Си-Эс" буюу "Энержи Ресурс" компани гэдэг нь тодорхой. Гэвч тэд хэлмэгдүүлэлтийг захиалагчид уу? Х.Баттулга гэмт хэрэгтэн үү? гэдэг удахгүй тодорхой болох биз ээ.

 

П.Мандах

http://www.sonin.mn