Замын хөдөлгөөний дүрмээ чандлан баримталж ягштал биелүүлэх нь жолооч нараас хамаардаг. Нийслэл хотын замыг түгжрэлгүй болгохоор хэд хэдэн ажил эхлүүлж өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа билээ. Тухайлбал, нийтийн тээврийг саадгүй явуулахын тулд замын нэгдүгээр эгнээг чөлөөлж өгсөн.

Нийтийн тээврийн үйлчилгээнд давуу эрхийг олонтаа олж байгаа гэхэд буруутахгүй ээ. Тэгвэл хувиар амьдралаа залгуулж яваа автомашин, бага багтаамжийн автобусны зөрчлийг баримтжуулж, холбогдох хууль, дүрмийн дагуу хариуцлага тооцох ажлыг эхлүүлжээ. Хариуцлага нь мэдээж торгууль.

Нийслэлийн Засаг даргын “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газраас зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хэд хэдэн чиглэлээр хяналт шалгалт явуулж дээрх шийдвэрийг гаргасан байна.

Хууль бус үйлдлийг зогсоож хязгаарлах нь зөв зүйтэй ч торгуулиар бүгдийг шийдээд байвал нөгөө хэсэг нь яаж амьдралаа авч явах уу.

Ард түмнийхээ халаас руу хуулиар далимдуулж өндөлзөх нь хэр зөв санаа бол. "1000-ын такси" буюу жижиг оврын автомашиныг торгохын оронд тэдэнд зогсоол гаргаад өгч болдоггүй бололтой.

Нийтийн тээвэр зогссон, таксидахаар гэр нь хол их мөнгө гардаг хүмүүст их тустай унаа бол энэ. Гэтэл үүнийг нь мөн л болиулж буй нь харамсалтай. Ажлаа тараад хол гэртэй хүмүүс ихэнхидээ 1000-ын унаагаар үйлчлүүлдэг. Баримт дурьдвал, Төв номын сангийн Нисэх-Яармаг хүртэл явна. Нэг удаа уг маршрутаар явахдаа таван зорчигч авдаг аж. Тэгвэл нэг иргэн Төв номын сангаас Нисэх хүртэл таксинд суугаад явахад 15-20 мянган төгрөгийг төлнө. Ганц ч нисэх гэлтгүй Хотын нөгөө захаас нөгөө зах руу ажил гэр лүүгээ явдаг цөөнгүй иргэн бий шүү дээ эрхэм дарга нар аа. Нийтийн тээврээрээ чирэгдэлгүй үйлчилдэг бол яая гэхсэн. Гэтэл тийм биш.