Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.01.19/ хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.5 хувийн саналаар баталлаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын 27 гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэж Хууль зүйн байнгын хороо үзсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны саналыг дэмжсэн юм.

Хуулийн төслүүд батлагдсанаар зээлийн эргэн төлөлт хэвийн найдвартай хийгдэх буюу олгосон зээлүүд эргэн төлөгдөхгүй байх, эрсдэлд орох бодит нөхцөл байдал үгүй болж байгаа юм.

Түүнчлэн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх зэргээр бусдын эзэмшилд шилжүүлэх тохиолдолд өмчлөгч иргэн нь үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас зөвшөөрөл авахгүй байж эдийн засгийн эргэлт сайжирч, ипотекийн зээлээр баталгаажсан бондын барьцаа урьдын адил баталгаатай болж төлөх төлбөрийн хэмжээ хэвийн үргэлжлэхээр болж байна.

Банкны зээл олгогдож, зээлийн санхүүжилтээр явагдаж буй бага хүүтэй, урт хугацаа бүхий Засгийн газрын “Орон сууцны зээлийн хөтөлбөр” хэвийн явагдахаас гадна банк, санхүүгийн байгууллагууд үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэх, түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнест бодитой дэмжлэг үзүүлэх юм.

Хуулийн төсөл батлагдсанаар ипотекийн зээл хэвийн үргэлжлэх эрх зүйн орчин бий боллоо.Үүнээс хойш зээл гацаж болохгүй хэмээн Улсын Их Хурлын дарга З.Энхболд онцлов.