- Швейцарийн банкинд нэг сая ам.доллар хадгалуулсан нь хэвлэл мэдээллээр илчлэгдсэний дараа С.Баярцогт “...ийм данс нээх ёсгүй байсан юм” гэж гадаадын сэтгүүлчийн асуултад хариулахдаа гэмшингүй мэдэгдсэн юм. Гэвч өөрийнх нь хэлсэнчлэн хийх ёсгүй үйлдэл байсан гэдгийг хууль эрхзүйн талаас нь, ёсзүйн талаас нь хэн ч тогтоогоогүй юм-

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт 2013 онд УИХ-ын дэд даргын албыг хашиж байхдаа Швейцарийн банкинд нэг сая ам.доллараа хадгалуулахдаа өөрийгөө “Хятадын Монгол” хэмээн бичсэн нь тухайн үед шуугиан тарьж байсан.

 

Түүний энэхүү нууц данс буюу оффшор дансыг Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо илрүүлж дэлхий дахинаа “Хятадын Монгол” хэмээх үгийг онцлон шуугиулж байсан цаг саяхан.

 

Тайлбарт нь тэрбээр товч бөгөөд үл ойлгогдох нэгэн мэдээллийг хийж УИХ-ын дэд даргын суудлаасаа бууснаар уг хэрэг тэгсхийгээд мартагдсан юм. Тэрбээр гадны сэтгүүлчийн асуултад “Би ийм данс нээх ёсгүй байсан юм.


Өөрийнхөө нэр хүндэд санаа зовохгүй байна. Албан тушаалаасаа огцрох ёстой байх. Гэр бүлдээ л санаа зовж байна” зэрэг гэмшсэн хариулт өгч байсан. Харин Монголын сэтгүүлчдэд “Найзуудтайгаа нийлж, хувьцааны бизнес хийхээр тэр мөнгийг хуримтлуулсан ч удахгүй эдийн засаг хямарч мөнгөө татсан. Тэнд гурван сая төгрөг л үлдсэн. Үүнийг мэдүүлгийнхээ орлогын талд бичсэн. Гэхдээ компанийнхаа нэрийг бичээгүйнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээн мэдэгдэж байсан юм.


“Би ийм данс нээх ёсгүй байсан юм” гэж хэлж байсан С.Баярцогт үнэхээр гэмшсэн гэж үү?
“Би албан тушаалаасаа огцрох ёстой байх” хэмээн өөрөө өөртөө хариуцлага тооцож явсан тэрбээр юутай ч өдгөө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гэх давхар дээлтэй явааг бүгд мэднэ.


Хууль эрхзүйн талаас түүний дээрх үйлдэл /оффшор дансанд ихээхэн хэмжээний мөнгө хадгалж байсан/ гэмт хэрэг, үгүй гэхэд зөрчил мөн үү? Аль нь ч биш юм гэхэд эл үйлдэл төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн талаас хэр зохимжтой үйлдэл вэ? Эдгээр хэмжээсээр С.Баярцогтын эл үйлдлийг фокуслан харъя.

Монголчуудаасаа нууцалсан мөнгөний эх үүсвэр юу байж болох вэ?

-С.Баярцогт хилийн чанадад дансаа нээж байх үед Оюутолгойн гэрээ үзэглэгдэж байсан юм. Үүний дараа хилийн чанадаас “олдсон” түүний мөнгө хардалт, эргэлзээг бий болгосон юм-

Ч.Мөнхбаяр /Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан/:

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:




-Монгол Улсын тагнуул, хуулийн байгууллага хэвлэлийнхнээс дор болчихоо юу. Хэвлэлийнхэн С.Баярцогтын нууц дансыг илрүүлчихлээ. /2013/

УИХ-ын гишүүн Л.Цог:




-С.Баярцогтыг 23 настай УИХ-д орж ирж байсныг санаж байна. Таван удаа УИХ-д сонгогдсон гээд яривал их л төлөвшсөн байх ёстой. Гэтэл ямар их зоригтой худал ярьдаг болоо вэ. Ерөөсөө С.Баярцогт УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдчихье гэж бодож болоогүй юм уу. Оюутолгойн гэрээ чинь Монголын талд ашиггүй 68 хувийн татварыг авч хаясан, өөр олон юмыг авч хаяж хийсэн гэрээ. /2013/


УИХ-ын гишүүн Ж.Батзандан:




-Өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-ын дэд даргаар С.Баярцогт гишүүнийг томилох тухай асуудал ярих үед АH, МАН хоёулаа дэмжээд томилж байсан. С.Баярцогт бол Оюутолгой, Тавантолгойн ордоор туг тахисан. Одоо Монголын төрийг энэ мэтийн нөхдөөр дахин
дампууруулахгүйн тулд хариуцлага тооцох, Монголын төрөөс зайлуулах хэрэгтэй. /2013/

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Мөнгөний эх сурвалж хаанаас вэ гэдгийг ард түмэн хүсэж байна, гадаадад дансгүй гэж л худлаа битгий хэлээрэй. /2013/

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг:




-Гадаадаас мөнгөний муу арга хамт орж ирдэг. Заль мэх, урхи хамт орж ирдэг. Шинэ колоничлолын схемд бид ороогдоод байна. Ярьж байгаа асуудал хувь хүнийг муулахаасаа илүү хүнээ яаж татаж авах, гадаадынхны урхинаас хэрхэн гарах талаас ярих ёстой хэмээж байв. /2013/

Нууц дансны асуудлыг дахин шалгах хуулийн үндэслэл бий юу?

Нэг хэсэг шуугиад мартагдсан уг асуудлыг өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга асан О.Баасанхүү Байнгын хорооны даргынхаа ажлыг өгөх үеэрээ дахин сануулж, уг асуудлыг сэргээн шалгах ёстой гэх хүсэлтээ УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсайд уламжилсан юм.

Гэмт хэрэг байж болох үндэслэл

-Иргэн Т.Бат-Эрдэнээс ирүүлсэн гомдолд “Гадаадын хэвлэлд гарсан мэдээлэл нь Монголын хуулийн байгууллагаас шалгаж хэрэгсэхгүй болгосон хэрэгтэй нийцэхгүй байна. Хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийн аман тайлбараар хэргийг хаасан” гэжээ.

Албан тушаалын хэрэг байж болох үндэслэл

-Ард түмний хэн нь ч долларын хэмжээг мэдэхгүй байна. Цаашлаад энэ мөнгө нь хууль ёсоор олсон мөнгө үү, хууль бусаар олсон мөнгө үү гэдгийг ч мэдэхгүй. Мөн хэчнээн хүн оролцсон бэ гэдгийг тогтоох үүднээс дахин шалгах ёстой.

Харин УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн дээрх үндэслэл бүхий хүсэлтийн хариуд хэлэхдээ:



-ЗГХЭГ-ын дарга С.Баярцогттой холбоотой асуудал тухайн үедээ шалгагдсан асуудал. Хяналт тавьсан прокурор нь шийдвэрээ гаргачихсан. Бид шинэ нөхцөл байдалтай холбоотой асуудлаар урд шалгагдсан асуудлыг дахин авч үзэж болно.Үндэслэл бүхий байвал дахин сэргээн шалгана

“Opinion” булан дараагийн дугаартаа С.Баярцогтын эл үйлдлийг тухайн үед чухам ямар хуулийн зүйл заалтад хамруулан шалгасан, энэ нь О.Баасанхүү гишүүний үзэж байгаачлан “Гадаадын хэвлэлд гарсан мэдээлэл нь Монголын хуулийн байгууллагаас шалгаж хэрэгсэхгүй болгосон хэрэгтэй нийцэхгүй байгаа нь үнэн үү” гэдгийг тодруулахыг зорино. Мөн С.Баярцогтын Швейцарийн банкинд байршуулсан мөнгө үнэхээр найз нарын хамтран босгосон хуримтлал байсан эсэхийг ч тодруулах болно.


Эх сурвалж:"Өглөөний сонин"