ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж оронд нь Д.Мөнхтөрийг томилсон билээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Т.Аюурсайханыг өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн гэж байгаа боловч намынхны хавчлага дарамтын улмаас өнгөрсөн намраас эхлэн ажлыг нь авах гэж шахаж, шаардсаар байгаад гаргалаа гэдгийг Т.Аюурсайхан ажлаа хүлээлгэж өгснийхөө дараа ярьж байсан юм.

Харин дуулиан шуугиан иргэдийн гомдол нэлээд хүлээж авдаг “шударга, өрсөлдөөн” хэмээх томоохон газрын даргаар томилогдоод удаагүй байгаа Д.Мөнхтөр гэгч нь ёсзүйн алдаа гаргаж, эмэгтэй ажилтнаа хүртэл дарамталсан байж болзошгүй ажээ.

Тодруулбал фейсбүүк хэрэглэгч Tseren Enebish буюу Цэнхэр үст хэмээх нэрээр олон нийтийн сайтнаа хүмүүсийн танил болсон тэрээр өөрийн нүүр номондоо ийнхүү бичжээ. “Хэд хоногийн өмнө би Шударга Өрсөлдөөний газар СӨХ-ыг матах ажлаар очих болов. Дарга нь 2016 оны 1 сард томилогдсон МАХН-ын Мөнхтөр гэх залуу цагтаа ирсэнгүй. Удаж удаж ирэхдээ шинэхэн дарга туслах найзтайгаа ярвайсан пээдгэр амьтан орж ирсэн ба цагтаа ирсэнгүй гэчихсэн биш уурлаж уцаарлав. Бид намууд талцал авчирдаг гэж хардаг. Гэтэл нам дотроо ч талцан алалцдаг юм байна. Хэрэг эрхлэгчийн газрын дарга гэх бүсгүйтэй би урлаг, олон нийт, ротари ажлаар танил. Өчигдөр хамт хооллосон биш нөгөө бүсгүй харц гунигтай дарамт ихтэй байгаагаа ярилаа. Би ч дарамтгүй амьдрал юу байхав гэж амьдрал заалаа. Үгүй, Цэрэн эгчээ! Бишээ гэснээ надад бичлэг сонсгосон нь нөгөө Мөнхтөр. Доодохь ажилтнаа эрийн нүдээр шүлэнгэтэн элдвээр занаж буй бичлэг сонсов. Шууд цагдаад өгөхийг зөвлөв. Давраарай, Мөнхтөрөө! бас нутгийн гэх найз нь төрийн ажилд оролцдог юм аа даа. Далдаганаад” гэжээ.

Харин ингэж олон нийтийн сүлжээнд өөрийнх нь тухай бичсэнийг Д.Мөнхтөр дарга хараад “Би таныг танихгүй юм. Уулзаж үзээгүй гэжээ” үүнд Tseren Enebish хариулахдаа “Мөнхтөр намайг очсоныг санадаггүй. Санах ч үгүй. Мөнхтөр бүсгүйг дарамталсан тухай бичсэн олон хүн чатаар намайг болгоомжтой байхыг сануулан муу хүн шүү гэж анхааруулав.

Энэ чинь их нөлөөтэй хүн юм шиг байна. Би бичлэгийг чинь сонслоо. Олон хүн чамайг эхнэрээ бас зовоодог, бүсгүйчүүдийг их дээрэлхдэг гэж. Болиорой, давраарай залуу минь.

Яаж явахаараа ийм залуус улс орны чухал местэнд сууж мань мэт нь царай алдаж явдаг юм??? Цагдаа шударга ажилладаг бол чи энэ местэндээ удахгүй” гэсэн байв.

Ямартай ч Д.Мөнхтөр даргад дарамтлуулсан гэх бүсгүй цагдаад хандахаар болсон байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага хэрхэн шийдвэрлэж, хэний зөв, хэний буруу байсан болохыг харах л үлджээ.

Н.Ганаа