Яг үнэндээ Ц.Уянгын бичгээс болж Ч.Сайханбилэгийн Засгийн газар дэнжигнээд байгаа юм огт байхгүй.

Энэ үйл явдал АН-ын дотоод улс төрийн зодооны олон нийтэд харагдаж байгаа “толгой нь гараагүй хатиг” юм.

 

 

Аливаа үйл явдлыг цаг хугацааны дарааллаар нь том зурган дээр зүй тогтолоор нь харах хэрэгтэй.

 

АН-ын ҮЗХ гэв гэнэт хуралдахаар болсон. Түүний урд АЭХ –ны хурал болж УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа 1 саналаар ялж “Би яллаа” гэж чанга зарлаж чадалгүй даруухан байхаас өөр аргагүй байдалд хүрч Ургаа гэдэг Н.Алтанхуягийн оймсны резин ямар аймаар сунаж чаддагийг яруу тодоор харууллаа. Үнэндээ АН-д Алтангадас ямар аймаар бяртай байгааг, Н.Алтанхуяг АН-ыг хүссэн үедээ буцаагаад авчих тэнхээтэй байгааг хангалттай харууллаа.

 

АЭХ –ны дээд чуулган үнэндээ Алтангадас ба бусад нь гэдэг зодоон байсан бөгөөд уг зодоонд Алтангадас бусад фракцуудаа хангалттай зодож орхисон юм.

 

АЭХ-ны хурлын уур амьсгал мэдээж ҮЗХ-д халдварлан “хувьсгалын салхи” сэвэлзэж эхлээд байгаа нь Г.Уянгыг “сум” болгож Шонхруудыг “нум” болгосон билээ.

 

АН-ын ҮЗХ гэж үнэр орж муудсан АН-ын үндсэн дүрмээр бол жил бүр ротаци хийгдэн солигдож байх ёстой газар хэзээ хамгийн сүүлд ротаци хийгдсэнийг мань мэт нь бүү хэл АН-ын ҮЗХ-ыхон ч өөрсдөө мартатлаа уджээ. Үнэндээ ҮЗХ хуралдвал Шонхруудад бөөн аюул нүүрлээд байгааг өндөрт байгаагаараа илүү соргог мэдэрч яаралтай арга хэмжээ авсан нь Г.Уянгын өргөдөл байсан нь мэдээж юм. Энэ өргөдөл зүгээр л ҮЗХ хойшлуулах мэх байсан нь эхнээсээ тодорхой байв.

 

Н.Алтанхуягийн төрсөн өдөрөөр АН даргаа сольж Ч.Сайханбилэгийг ҮЗХ-оор шийдвэр гаргах магадлал тэр өдөр ч байсан одоо ч байна ирээдүйд ч байсаар байна.

 

Шонхрууд өмнө нь Засгийн газар унагааж байсан арвин сайхан туршлагатай бөгөөд Н.Алтанхуяг яг нэтэр дээрээ Шонхруудаас болж унасныг захын пацаанууд ч мартаагүй. Ямар сайндаа Портуун Батбаяр Шонхоруудад хандаж “Та нар наанаа суучаад Монгол Улсыг жолоодож байна гэж битгий эндүүр! АН-ын байгуулсан Засгийн газрыг та нар унагаалаа” хэмээн халамцуу хэлээд харьж унт хэмээн загнуулсныг Монгол даяараа харсан.

 

Одоо бол зүгээр л Шонхрууд баашилж Засгийн газрын авч үлдэх гэж аахилж буй мэт жүжиг тоглосоор байна. Тэр жүжиг нь найруулга ядуу, найруулагч муутай дүр эсгэсэн, ганц хурал хойшлуулах гарц байсан гэдийг хангалттай харж болж байна.

Энэ жүжигт хамгийн их дүрдээ орж үнэмшиж, тэр бүү хэл өөрөө энэ бүх жүжгийг найруулаад тавьчихсан мэт “сум” –ны дүр болсон Г.Уянга бүүр тэр дүрээрээ хооллон амьдарч байгаа нь элэг хөшөөж, нулимс гартал инээлгэж байгаа онцгойлон дурдах ёстой.

 

“Мазаалай бонд 850 сая ам.доллар босгох гээд чадсангүй”

 

“Ерөнхийлөгчийг Давост онигоо болгож хөрөнгө оруулагчдыг татах гэж ядаж явахад нь Засгийн газрыг огцруулах асуудал ярилаа”

 

“Нью-Йорк, Бостон, Сингапурт явж байгаа Сангийн яамны ажлын хэсгүүдийн хийсэн ажил утаа болон замхарлаа. Баларлаа, онигоо боллоо, яаж байгаа юм бэ?”

 

иймэрхүү мэссэжүүд Монголын улс төрд битүү сэвж байгаа нь Засгийн газрыг хүнд байдалд оруулсан гэдгээ л дэлхий нийтэд зарлаад байна. Хөрөнгө оруулагчид тэнэг биш. Эдийн засгийн нөхцөл байдал өгөгдлүүдээс гадна Монголын улс төрийн өгөгдлүүдийг түүнээс ч нарийн судалдаг гэдгийг Шонхор нь ч тэр Гадас нь ч тэр Уянга нь ч тэр ер нь л бүгд мартсан бололтой.

 

Ч.Сайханбилэгийн цоглог хөөрүү сэтгэлгээ, ядаж ганц хадаас ямар ч хамаагүй банзан дээр хадчих гэсэн зүтгэлд МАН ямар ч саад болоогүй гэдгийг Монголын ард түмэн бэлхнээ мэднэ.

 

Түүнд хэн саад болоод байгааг ахин харцгаая. Төмөр замд МоАХ тээг тавьж Шонхор нь Төмөр замын цэрэг гэж шал өөр тийш нь чирч, бонд зээлүүдэд нь Мүднякууд эзэн сууж хааш нь ч хөдөлгөлгүй зүгээр хүүлж, Ноён уул ба Дубайн гэрээг популистууд буруушаан үстэй дээл, хас тэмдгээр хавсран дайрч байгааг бүгд л харсаар байна.

 

Монголын улс төрийн ертөнцийг энгийн нүдээр хархад иймэрхүү учиг тод томруун харагдаж байгаа бөгөөд хүсвэл томруулдаг шилээр харвал үүний ашиг сонирхлын гинжин хэлхээ нэвт шувт харагдах юм.

 

Энэ мэт нүүрээ даран нуугдан тоглож байгаа хүүхдүүд шиг АН болон Ч.Сайханбилэгийн Засгийн газрын талаар үнэнийг өчхөд ийм л байна. Ингэж ард түмэн Монгол Улсаараа тоглон наадаж байхын оронд асуудлыг аль нэг тийш нь шийдэж тоглоомоо дуусгавал түмэн олонд тустай юмшдээ.

http://www.tsag.mn