Монгол Улс мөнгөгүй болж гэнэ. Бид дэлхийд хамгийн их баялагтай гэж гайхуулдаг биш бил үү ?! Бид байгалийн баялгаа барьцаалан мөнгө олдог бус уу ?! Энэ олон уурхай чинь мөнгө олж чаддаггүй юм уу ?!
Ер нь ингэхэд манай эдийн засаг мөнгө олж чаддаггүй юм уу ?! гэх мэт олон асуулт хөврөх. Монгол хүн болгон, нэн ялангуяа сэхээтэн нэртэй хэнээтүүд бүгдээрээ эдийн засаг, улс төр, геополитикоор чалчих боловч түүнийгээ мэддэг нь “ганц ч байхгүй.” Энэ тухай ярих гэсэн юм…
 
Худал “онолдох” дон
 
Үй олон, үй түмэн жишээ авч болно. Та зүгээр л одоо телевизээ асаагаад үз. Интернет залгаад үз. “Нил онол”. Би хэдийгээр “онолын” хүн боловч сүүлийн үед монгол сэхээтэн онол гэнгүүт л бөөлжис хутгадаг болж байна. Нээрээ шүү…
 
За яахав. Ганцхан жишээ авъя: Дөнгөж саяхандаа 2012 оны 10 дугаар сарын 15-нд бүрээ бөмбөр нинигнэв. Юу болов гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Санхүү, эдийн засгийн салбар зөвлөлийн хуралдаан болж, УИХ дээр хэлэлцэж буй төсөв, мөнгөний бодлогын асуудлуудтай холбоотой эдийн засгийн гадаад орчин, төлбөрийн тэнцэл, валютын бодлогын асуудлуудыг хэлэлцэж байгаа гэнэ.
 
2009 оноос эхлэн Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д эрдэмтэн мэргэд, мэргэжлийн хүмүүс, иргэдийг оролцуулсан санхүү, эдийн засгийн асуудлуудаар цуврал хэлэлцүүлэг хийдэг уламжлал тогтсон гэнэ.
 
Тэхээр монголын улс төрч, санхүү, эдийн засагчид бүхэл бүтэн 4 жилийн турш санхүү-эдийн засгийн асуудлаар цуврал хэлэлцүүлэг явуулсан юм байна. Тэгсэн чинь Монголын эдийн засаг сүйрч, валют-санхүүгийн хямрал болчихоод сууж байна. 
 
Энэ хэлэлцүүлэгт: Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Корали Геверс, Стратегийн судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Машбат, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Л.Хайсандай, Монгол банкны валют, эдийн засгийн газрын эдийн засагч Ц.Бямбацогт, Сангийн яамны Төсвийн санхүүжилт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Төгөлдөр, Өрийн удирдлагын хэлтсийн дарга Ч.Тавинжил, Үндэсний статистикийн хорооны макро эдийн засаг, статистикийн газрын орлогч дарга Э.Эрдэнэсан, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш А.Алтанцэцэг нар илтгэл тавьжээ.
 
Тэд дараах дүгнэлтийг хийж байсан байна:
 
“Гадаад орчны буюу ОХУ, БНХАУ, дэлхийн бусад орны эдийн засгийн хямралаас үүдэн манай эдийн засгийн өсөлт 2013 онд өмнөх онтой харьцуулбал бага зэргийн уналттай байх болно. Төлбөрийн тэнцэл ашиггүй байгаа нь бас ирээдүйн өсөлтийн хөрөнгө оруулалттай ч зарим талаар холбоотой. 2013 онд эдийн засгийн өсөлт 12.4 хувь, цаашид өсөх хандлагатай, инфляци ирэх жил 8 хувь байна гэж төсөөлж байгаа.” 
 
Бодит байдал ямар байна вэ ?!
Сануулах үүднээс инфляци ямар байсныг авч үзье: инфляцийн түвшин 2008 онд 22,1%, 2009 онд 4,2%, 2010 онд 13,0%, 2011 онд 10,2%, 2012 оны эцэст 14 % хувь байсан юм.
 
 
Харин 2013 оны 7 дугаар сард 8,3 % болжээ. Улаанбаатарт ч бүр 7 % болж буурсан аж.
Эдийн засгийн бодит өсөлт 2008 онд 8,9%, 2009 онд -1,3%, 2010 онд 6,4%, 2011 онд 17,3% тус тус байсан юм. 2013 оны оны эхний улиралд эдийн засгийн бодит өсөлт 7,1 % байсан бол 2 дугаар улиралд 14,3 % болж өссөн байна. Ингэж Статистикийн Хороо мэдээлж байгаа.
 
Манай эдийн засаг “их сайн” өсч байгаа бөгөөд энэ нь “жигтэйхэн сайн” ажилласны “үр дүн” гэж манай дарга нар дүгнэж байна. 
Дурдан буй хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт 44%-иар буурчээ. Манай улсын нийт экспортын 90-%-иас дээш уул уурхайгаас бүрддэг ба гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 % нь гаруй нь зөвхөн энэ салбарт орж ирдэг байсныг харгалзвал энэ бол сүйрэл юм.
 
Тэхээр дээр нэр дурдсан санхүү-эдийн засгийн томчууд нэг жилийн өмнө яг таасан хэрэг үү ?!
Бид их сайн ажиллаад эдийн засгийг урд байгаагүй 14,3 %-иар өсгөж, инфляцийг 8,3 %-д барьж чадлаа гэж эрх баригчид гайхуулж байна. Харин эдийн засаг хямраад байгаагийн гол шалтгаан нь гадаадынхан гарч явчихаад мөнгө байхгүйд оршиж байгаа аж. Ёстой хуцна гэж үүнийг хэлдэг юм…
 
Суурь хямрал
 
Би эхэндээ гайхдаг байлаа. Яасан их “онол” ярих дуртай улс байдгийм гэж ?! Эрүүл ухаанаар бол бараг өвчин болтлоо “онол” ярьж байгаа юм чинь.
Гэтэл тэд дэндүү ухаантай аж. Бодоод байсан чинь онол, шинжлэх ухааны эрхэмлэл, зарчмууд тэдний хувьд хулгай, дээрмээ далдлах хэрэгсэл болчихсон юмсанж. Яг үнэндээ бол одоогийн хямрал бол манай дээд удирдлагад буй олигархуудын идэж уух гэсэн шуналаас үүдэлтэй үрэлгэн, гаж, гэмт бодлогын зүй ёсны, бодит үр дүн мөн.
 
Үүнийг нотлоход амархан ч нэлээд түүх ярих хэрэгтэй болно. 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал Монголд нэлээд хүчтэй нөлөөлсөн ба манай олигархууд түүнийг далимдуулж ёстой нэг “идэх” шиг болсныг би баримтаар үлдээж байсан билээ. 2009 оны 2 дугаар сарын 15-нд миний бичсэн “Яасан сайхан хямрал вэ…” өгүүлэл одоо ч миний блогт буй. Түүнийг ахин уншвал өнөөгийн хямралын талаар Та тун олон зүйлийг ойлгож авна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.
 
Тухайн үед монголчуудын олонхи огт тоогоогүйгээр үл барам нэлээд нь над руу бүлэглэн дайрсныг би мартаагүй байна. Яахав, дээрэмдүүлэх шулуулах “дуртай” хүмүүст би заавал саад болох албатай ч биш… 
 
Тэртээ 2005 оны үед Засгийн Газар овоо мөнгөтэй болсон юм. Энэ үед Ц.Элбэгдоржийн Засгийн Газар, Ерөнхийлөгч нь Н.Энхбаяр байлаа. Тэр үеийн олигархууд яаж идсэн гэж санана. Тэд 2006 онд тусгай хууль гаргаж байгаад ингэж “идсэн” юм:
 
1.Аялал жуулчлалын сан; 2.Байгаль хамгаалах сан; 3.Эрсдэлийн сан; 4.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан; 5.Дархлаажуулалтын сан; 6.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан; 7.Засгийн газрын нөөц сан; 8.Мал хамгаалах сан; 9. Монгол Улсыг хөгжүүлэх сан; 10. Нийгмийн даатгалын сан; 11. Нийгмийн халамжийн сан; 12. Соёл, урлаг хөгжүүлэх сан; 13. Сургалтын төрийн сан; 14. Тариаланг дэмжих сан;
 
15.Улсын авто замын сан; 16. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан; 17. Хүүхдийн төлөө сан; 18.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан; 19. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан; 20. Шинжлэх ухаан, технологийн сан; 21. Эрүүл мэндийг дэмжих сан; 22. Гадаад улс, олон улсын байгууллагаас олгосон буцалтгүй тусламж, хандиваас бүрдүүлэх сан.
 
Ингэж мангар их идэхээр ямар ч их мөнгө дуусдаг юм байгаа биз дээ. Би аминдаа энэ үрэлгэн, утгагүй, хөнөөлт механизмыг илчлэн бичихийг оролдох. Гэтэл төр засгаасаа “бэлэн мөнгө” авах гэсэн монголчууд над руу сүрэглэн дайрах. Ойлгох хүн өдрийн од шиг, би ганцаараа тэдний авах гэж байгаа мөнгийг булаах гэж байгаа юм байх аа.
 
Хэрэв ингэж сэтгээд байвал миний ард түмэн үргэлж шулуулах тавилантай гэсэн ганц л үгийг би хэлж чадна. Олигархууд мөнгө идчихээд болчихдог юм биш л дээ. Тэд ул мөрөө ямагт балладаг юм. Үүнийг батлахад бас л амархан. 2006 онд тэд Ил тодын болон Өршөөлийн тухай хууль батлав.
 
Энэ хуулийн дагуу 431,6 тэрбумхан төгрөгийг албан татвараас өршөөсөн юм. Улмаар 2008 оны 6 дугаар сараас өмнөх санхүүгийн ямар ч луйврыг шалгах, нягтлах боломжгүй болгосон бас нэг хууль гаргасан юм.
 
Эндээс хэд хэдэн зарчмын дүгнэлт хийж болно.
 
1. Монгол Улс мөнгө олж болдог, бас чаддаг.
 
2. Олсон мөнгийг ямар ч бодлогогүй, утгагүй зарж үрж, иддэг.
 
3. Мөнгө үрэх, идэх маш нарийн төрөлжсөн сүлжээ төрийн дээд, дунд түвшинд тогтсон.
 
4. Энэ ажлыг МАН, АН хоёр хамтран зохион байгуулдаг.
 
5. Иймээс МАН, АН-ын олигархуудыг ялган салгах боломжгүй.
 
Одоо энэ нь даамжраад сүйрэлд хүргэж байна даа. Энэ бол өнөөдөр гэнэт эхэлсэн асуудал огт биш, олон жил ужгирсан суурь хямрал юм. Хэрэв танайд ирсэн баян зочин явсны дараа танай гэр бүл сүйрч байвал зочиндоо гомдох уу, өөртөө гомдох уу ?! гэсэн үлгэрийн мэт асуулт асуухад манай улс төрч, эдийн засагчид бие биенээ “зочин хөөж явуулсан” гэж загнаж байна.
 
Ингэхэд байнгын зочингийн хүчээр гэр орноо авч явна гэж хаашаа харсан юм байдаг юм ?! Олон жилийн турш өөрийн улс гэрийг огт бодоогүй л байхгүй юу. Ингэж эдийн засгаа сүйрүүлчихээд зээл тусламжийн мөнгийг сан болгож идэх (МАН), бондын мөнгийг төсөл болгож идэх (АН) ялгаатай гэж “онол” зохиох бол дэндүү утгагүй. Эдийн засгийн сүйрэл гэсэн цорын ганц үр дүнтэй нь хэн бүхэнд ойлгомжтой байна ш дээ…
Одоо тэгээд онолоо ярь л даа
 
Сүүлийн үед монголын “онолчид” ашгүй нэг дуугай болов. Гадаадынхан гараад явчихсан, мөнгөгүй болчихсон хоёрыг чинь ямар “онолоор” тайлбарлах юм ?!
Ахиад ганцхан жишээ авъя. Алдарт луйварчин О.Чулуунбат “Олон-Овоотын уурхайг 130-150 тэрбумаар хөнгөхөн зарагдана гэж бодож байна” гэж дөнгөж саяхан буюу 2010 оны 1 дүгээр сарын 21-нд ам бардам ярьж байсан билээ. Гэтэл нөгөөх Олон-Овоотоос болоод “Хадгаламж” банк сүйрч Монгол Улс өрөнд ороод байна.
Одоо ноён О.Чулуунбат 130 тэрбум төгрөгөө (доллар ?!) олоод ирэг л дээ…
 
Нарийн яривал О.Чулуунбат Голдман Саксыг анх авчирч Мянганбаяртай танилцуулан 30 сая долларын зээлийг зуучилснаар хамаг хэрэг мандсан билээ. Түүний зуучилсны “ачаар” Анод, Зоос банк устаж, одоо Хадгаламж банк алга болж байна. Тэгээд яахаараа Олон-Овоот төсөлд анх оролцсон Худалдаа Хөгжлийн банк хийгээд АНУ-ын Голдман Сакс нэр цэвэр үлдэж, О.Чулуунбат юу ч болоогүй юм шиг “эдийн засгийн онол” яриад яваад байдаг юм гэсэн асуулт гарна.
 
Яахаараа О.Чулуунбат мэт нь Монголд болсон дээрэм болгонд хутгалдаж байдаг юм ?! Энийгээ хүн мэдэхгүй, мэдсэн судлаач Ганаа мэтийг ахиад шүүхээр шийтгүүлнэ гэж бодож байвал ёстой горьдсоны чинь гарз !!!
 
Голдман Сакс хэдий аварга боловч сүүлийн үед нэр хүнд нь асар их сэвтэж буй банк билээ. Зарим сэтгүүлч түүнийг “дэлхийн цусыг сорогч аварга наймаалж (кальмар)”-тай зүйрлэсэн явдал ч бий. Манайхан л мэддэггүй болохоос Голдман Саксын бараан намтар улам нэмэгдсээр л байгаа ш дээ…
 
“АНУ-ын банк” нэрийн дор гадаад, дотоодын луйварчдад дээрэм хийх боломжийг Монгол Улс олгох ёсгүй гэж би бодож байна. Яагаад гэвэл АНУ-д ч гэсэн Голдман Сакстай тэмцдэг хүмүүс олон байдаг юм ш дээ… 
Би энэ ганц жишээгээр дээд зэргээр бохирдсон банк-санхүүгийн олигархуудын луйвар дээрмээс болж Монголын эдийн засаг сүйрч байгааг харуулахыг оролдов. Монгол банк болон том банкныхан бол Монголын эдийн засгийг сүйрүүлэгч хорт мангасууд мөн.
 
Монголын улс төрчдийн дийлэнхи олонхи нь олигархи, харин олигархуудын дийлэнхи олонхи нь банк-санхүүгийн олигархи байдгийг би онцлон тэмдэглэж байна.
Яг сонгодог утгаараа бол олигархи гэдэг бол мөнгө босгодог буюу байгаа мөнгөний ихэнхийг өөртөө төвлөрүүлж чаддаг хүнийг хэлдэг юм. Тэрний шулсан, мөлжсөн нь огт хамаагүй, олигархи бол мөнгөтэй л байх ёстой…
 
Харин манай Монголд болохоороо гаднаас бэлэн зээлсэн мөнгөө оргүй алдчихаад хоосон ард түмэндээ мөнгөгүй гээд сууж байдаг хүмүүсийг олигархи, эдийн засагч, санхүүч энэ тэр гэж хэлдэг болсон юм байна. Харин монгол судлаач бол тэднийг хулгай дээрмээс өөр юм мэдэхгүй, арчаагаа алдсан, өөдгүй новшнууд гэж бүрэн үндэстэйгээр дүгнэж байна.
 
Та нар намайг “ухаантай юм бол мөнгөө харуулчих” гэж олон жил даапаалж ирсэн. Би хүнээс мөнгө зээлчихээд бусдад баярхаад байж болох л байсан байхгүй юу. Гэвч би ёс суртахуунтай, ичих нүүртэй учраас тэгдэггүй байсан юм…
 
Тэгээд Та нар ухаантай бөгөөд чаддаг юм бол улс орноо хөгжүүлэх мөнгөө харуулчих л даа…
Харин одоо бол зээлсэн мөнгөө юу ч байхгүй идэж ууж үрчихээд хувхай царайлаад зогсож байгаа Та нарыг зайлцгаа МАНАН-гийн усан тэнэгүүдээ гэж хэлэх эрх ард түмэнд бүрэн байгаа…
 
Судлаач Х.Д.Ганхуяг.