Жил ирэх тусам нийслэлийн утаа нэмэгдэн, дээд цэгтээ хүрч, бүр гамшгийн хэмжээнд тулаад байна.2014 оны статистикаар нийт хүн амын 50 орчим хувь амьдардаг Улаанбаатар хотод жилдээ 6,500-7,500 орчим хүн нас бардаг.

Эдгээр хүмүүсийн хэд нь агаарын бохирдлоос үүдэлтэйгээр нас барсан бэ гэдгийг олон үзүүлэлтээр тооцож үзэхэд нас барж байгаа хүүхдүүдийн 130 орчмын нас баралтын шалтгаан нь агаарын бохирдлоос улбаалсан байна. Насанд хүрэгчдийн хувьд 7,000 хүн нас барахад 1,400 орчим нь агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөр нас барсан гэсэн мэдээлэл байдаг. Тиймээс утаа буурах болов уу, төр засаг юу хийх бол гэж хүлээлгүйгээр утаанаас уушгиа хамгаалах аргад суралцах нь хамгийн зөв зам болоод байна.

Тиймээс Монголын Залуучуудын Холбоо агаарын бохирдол хамгийн ихтэй үе буюу нэгдүгээр сарыг утаа, агаарын бохирдлны эсрэг “Уушгиа чөлөөлье” сар болгон зарласан юм. Энэ хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран утаанаас эрүүл мэндээ хамгаалах зөвлөмж гарган олон нийтэд хүргэхийн зэрэгцээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүдийн “Өглөөний бүтээлч уулзалт” зохион байгуулж, агаарын бохирдол хамгийн ихтэй хэсэгт байрладаг дунд сургуулийн сурагчдад маск тараан, сургалт зөвлөгөө өглөө.

Мөн энэ сарын 28-нд Чингисийн талбайд залуусын жагсаал зохион байгуулж, агаарын бохирдлоос нэн тэргүүнд өөрийгөө хамгаалж утааны маск зүүх, эрүүл хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, цаашлаад хорт утаа ялгаруулдаг тээврийн хэрэгслээс татгалзах зэрэг амьдралдаа зөв дадал зуршил бий болгохыг олон нийтэд уриалсан юм.

Тэгвэл өнөөдөр утаанаас хамгаалах бүх төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос авах, түүнчлэн эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн “Уушгиа чөлөөлье” сургалт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд эм, эмнэлгийн мэргэжилтнүүд, хүчилтөрөгчийн коктейль үйлдвэрлэгчид, агаар шүүгч болон цэвэршүүлэгч бүтээгдэхүүн борлуулагчид, зориулалтын утааны маск гээд уушгиа утаанаас хамгаалахад зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон импортлогчид оролцож байна.

Уг үзэсгэлэнд оролцсоноор утаанаас хамгаалах бүх төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос авч, эрүүл мэндийн зөвлөгөө авах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн хүрэлцэн ирсэн хүн бүрт хүчилтөрөгчийн коктейл болон зориулалтын утааны маск үнэ төлбөргүй тараагдаж байна.