МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД ТАНАА

МЭДЭГДЭЛ

 

2016 оны 2 дугаар сарын 3 Улаанбаатар хот

 

Хууль тогтоох эрх мэдлийг дангаараа хадгалдаг Улсын Их Хурал, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавидаг Үндсэн хуулийн Цэц хоорондын зөрчил даамжирч, энэхүү маргаанд Улсын дээд шүүх татагдан орж буй нь төрийн засаглалын зарчимд ноцтой хохирол учруулж, төрийн чадамжийг бүрэн алдагдуулж, улмаар Үндсэн хуулийн гүнзгий хямралд хүргэх аюул дагуулахыг парламентад суудалгүй улстөрийн намууд эрх баригчдад хатуу анхааруулж, үүнээс үүдэж гарах хариуцлагыг та нар дангаараа хариуцах болохыг мэдэгдье.

 

2012 оны маргаантай сонгууль, УИХ-ын даргын маапаантай томилгоо, бүлэггүй сөрөг хүчин, цөөнхгүй байнгын хороод, Н.Алтанхуягийн томилгооны дампуурал, МАНАН-гийн гэрээт Засгийн газар, Ч.Сайханбилигийн Дубайн төлөвлөгөө, Тавантолгойн хуйвалдаан, Цагаансуваргын панз, З.Энхболдын дарангуйлал, захиалгат хуулиуд зэрэг эрх баригчдын Үндсэн хууль зөрчсөн шинжтэй бусармаг үйлдэл бүрийн уршиг нь өнөөгийн сөргөлдөөний шалтгаан юм.

 

Төрийн жинхэнэ албаны хүч түрсэн томилгоогоор гүйцэтгэх засаглалыг халаасандаа оруулсан Ардчилсан нам шүүгч, прокурор, цэцийн гишүүний чимээгүй томилгоог үргэлжлүүлсээр одоо даварсаар шүүх засаглалд хяналтаа тогтоох сүүлчийн дайралтаа Үндсэн хуулийн Цэц, түүний хараат бус гишүүд рүү чиглүүлж эхэллээ.

 

Үндсэн хуулийн хамгаалалттай Үндсэн хуулийн цэц бол өнөөгийн эрх баригчдын дур зоргыг хазаарлах, парламентын дарангуйллыг зогсоох цорын ганц хууль ёсны хүч мөн.

 

Улсын Их Хурал шинээр хэм хэмжээ тогтоох, хариуцлага тооцох нэрийдлээр Үндсэн хуулийн Цэц болон гишүүний бүрэн эрхэнд халдаж, Үндсэн хуулийн шүүхийн хараат бус, бие даасан байдлыг санаатайгаар алдагдуулж буй нь төрийн хууль дээдлэх зарчмыг хөсөрдүүлсэн, эрхзүйт төр төлөвшүүлэх зорилгоосоо ухарсан гэмт үйлдэл болно гэж бид үзэж, энэхүү санаархалаа нэн даруй зогсоохыг шаардаж байна.

 

Хувийг: УИХ-ын дэд дарга нар, УИХ дахь АН, МАН-ын бүлэг, МАХН, МҮАН-ын "ШУДАРГА ЁС ЭВСЭЛ” бүлгүүдэд хүргүүлэв.

 

 

МОНГОЛЫН ЛИБЕРАЛ НАМ

ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НАМ

ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН НАМ

ХАМАГ МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН НАМ

ЭХ ОРОНЧДЫН НЭГДСЭН НАМ