УИХ-ын сонгууль шинэ хуулиар явах болж сурталчилгааны хугацаа нь багассан. АН, МАН-ынхан шинэ хүн, гуравдагч хүчинг гаргахгүй гэсэндээ ийм алхам хийлээ гэж бусад нам эвслийнхэн, бие даагчид мэдэгдсэн. Нэгэнт эрх мэдэл хэний гарт байна түүний дохиураар ая эгшиглэдэг хойно.

Тиймээс эрхэм сонгогчдод таны амьдарч буй орон нутаг, тойрогт хэн хэн гэгч нэр дэвших гэж байгаа, сайн муу үйл хэр арвинтай гэдгийг толилуулах Сонгуулийн өнгө булангаа эхлүүлж байна. Анхны шинжсэн тойрог нь УИХ-ын сонгуулийн 16 тойрог буюу Ховд аймаг.

2 мандаттай уг тойрогт энэ жил шинэ хүн очих магадлал бага байна. Харин дуулиан шуугиантай, улстөрийн сонирхолтой алхам, сонголт хийдэг эрхэмүүд өрсөлдөнө. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Батцогт, УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр, Гаалийн гэгдэх Ш.Адьшаа, МАН-ын залуу боловсон хүчин гэгдэж байгаа О.Батнасан нар өрсөлдөхөөр горилж байна. О.Батнасангаас бусад нь өмнө нь энэ тойрогт нэр дэвшиж нутгийн зон олонд хэн нь хэн бэ гэдгээ мэдрүүлчихээд байгаа. Өвдөг шороодсон зарим нь даагаа нэхэхээр, нэр төрөө сэргээхээр шинэ хүний дүр исгэн Ховд нутгаар бууж мордох болсон. Ховдоос гаралтай улстөрчдийн хувьд Ховд нутгийн нэрийг оруулсан сан байгуулж ажилладаг уламжлалтай. О.Батнасан гэхэд “Ховд торгон нутаг” сан байгуулсан бол Ш.Адьшаа “Ховд нутгийн хөгжлийн төлөө сан” байгуулсан байдаг. Ингээд Ховдод нэр дэвших магадлалтай дуулианы эздийг онцолж байна.

Д.Батцогт ганцаараа эргэн ирэв

2012 онд Ховдоос дөрөө харшуулан сонгогдсон базууд болох С.Бямбацогт, Д.Батцогт нар энэ удаа дөрөө салгажээ. С.Бямбацогт МАН-ын бүлгийн дарга хийж байгаа бөгөөд албан тушаалын карьераа дагаад МАН-ын жагсаалтад дээгүүр бичигдэх болж байгаа. Тэгэхээр Д.Батцогт гишүүний хувьд тойрогтоо ганцаараа эргэн ирж байна. Гэхдээ АН-ын батлахтайгаар. 2012 оны сонгуулийн өмнө “Амлалт нэхэх ард түмний холбоо”-г байгуулан ажиллаж иргэдийг итгэлийг татаж чадсан тэрээр бие даан нэр дэвшсэн нь зөв алхам байсан гэдэг. Өнөөдөр бие даагчдын рейтинг өндөр байгаа үед АН-ын гишүүн болсон нь зөв шийдэл байсан уу гэдгийг 2016 оны сонгуулийн үр дүн харуулах биз.

АН-д элсээд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга болтлоо дэвшсэн тэрээр Ховчуудын сэтгэлийг энэ удаа юугаар татах бол.

Муу нэрийг хусавч арилахгүй

Гаалиас төрсөн тэрбумтан гэх нэр нь өнөөдөр ч арилаагүй яваа Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлага, хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ш.Адьшаа 2012 сонгуулиар гомдолтойгоор ялагдсан даагаа нэхэх гэж байна. Бие даан нэр дэвшээд ялагдсан тэрээр АН-ын мандаттай болж чаджээ. Ялсан намын хаяа бараадсан тэрээр ховдчуудын сэтгэлийг эргүүлж чадах нь бас л эргэлзээтэй. Учир нь Бичигтийн боомтоос төрсөн тэрбумтан хэмээн олноо цоллогдож авлигын дуулианы эзэн болж нутгийн зон олныхоо чихийг халууцуулсан тэрээр өнөөдрийг хүртэл сайн нэрийг олж үл чадсан.

Сонгуулийн жил гарч байхад дахин авлигын дуулианд нэр нь холбогдож орхив. Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад 500 000 000 гаруй төгрөгийг бэлнээр бусдаас авч байхдаа үйлдэл дээрээ баригдсан. Улмаар энэ хэрэгт нам харгалзахгүй олон хүн шалгагдаж байгаа. Тэдний нэг нь Ш.Адьшаа хэмээн хэвлэлээр бичигдэв. Тэгвэл хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл тархсан. Муу нэрийг хусавч арилахгүй гэгчээр Ш.Адьшаагийн нэр холбогдсон нь олныг цочирдуулсангүй. Харин ч дахиад л авлигын хэрэгт орооцолдсон уу гэх яриа гарах болов. Хэдийгээр энэ дуулианыг хэн ч баталгаажуулж , хэн ч үгүйсгээгүй тэгсгээд намжив. Сонгууль дөхөхөөр ичээнээсээ гардаг Ш.Адьшаа МАН-д гологдох өдөр байхад АН-д тоогдох өдөр бас байдаг юм байна.

Гаалийн удирдлагууд нэр холбогдсон дуулиант хэргийн талаар тэрээр саяхан ярилцлага өгөхдөө би 60 хоног мөрдөнд сууж шалгуулаад үнэ мөнөө тогтоолгосон. Энэ дуулианаар миний барцад арилсан гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд барцадгүй, ялсан намын батлахтайгаар нутагтаа эргэн ирж байгаа болж таарч байна. Дөрвөн жилийн өмнө итгэл өгөөгүй ховчууд энэ удаа юу л бол.

 

Ядраадаггүй зөвлөх даагаа нэхэх үү?

2008 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс сонгогдож байсан Д.Батбаяр 2012 онд Ховд нутгаа бараадсан ч өвдөг шороодсон. Гэсэн ч тэрээр улстөрийн тогооноос гарахыг хүсээгүй бөгөөд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажилласан. Гэхдээ сайдыг ядраахгүй байхад илүү анхаарч зөвлөдөг тухайгаа ярьсан нь улстөрийн эзэнтэй онигоог нэгээр нэмсэн.

Нэгэн цагт арлын Япон орны сүмогийн дэвжээнд Монгол улсаа төлөөлөн зодоглож мэхний их дэлгүүр хэмээгдэж явсан тэрээр улстөрд хүчин мөхөсдсөн. Бөхийн дэвжээ, улстөрийн тавцан хоёр шаал өөр зүйл гэдгийг мэдэрсэн тэрээр энэ удаа их л өөр тактикаар өрсөлдөх бодолтой яваа гэсэн. 2012 оны сонгуулиар Ховдод хөрөнгө мөнгө хайрлалгүй хаяж бэл бэнчингээ гайхуулсан тэрээр аз дутаж ялагдал хүлээлсэн.

Мөнгө байгаад сонгогдохгүй гэдгийг тухайн үед олон хүн мэдэрсэн юм. Хэрэв тойргоо авч чадвал улстөрд зөвлөх бус түшээ байж чадна гэдгэ эхаруулна гэж яваа сурагтай.

 

Б.Санчир

 




Эх сурвалж: TIMES.MN