АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдын өмнө давж гарахад хэцүү,өндөр даваанууд ар араасаа давалгаалан гарч ирж байх шиг ээ. Эхлээд намын гишүүдээ “хайрцаглаж” Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах гэтэл аргагүй хүчин мөхөсдөж, ҮЗХ-гоо товлосон цагтаа хуралдуулж чадаагүй гэдэг.

Чухамдаа нам доторхи пракцийн нөхдүүд нь түүнийг шавартай хутгачихсан хэрэг л дээ. Үүнээс том сургамж авсан “хашир хандгай” Засгийн газрыг огцруулах хуралдаан дээр УИХ дахь АН-ын гишүүдээ ёстой л зангидсан гар шиг хав дөрвөлжин барьж, Сайханбилэгийн Засгийн газрыг авч үлдэв. Санал хураахад “Ардын намын гишүүдийн эсрэг кноп дар. Тэгээд л болоо” гэх нь ч дуулдаж байлаа. Гэтэл түүний эсрэг бас нэгэн шинэ давалгаа үүсэв. УИХ-ын даргын өндөр сэнтий, пульт, микрофоны удирдлага зэргийг ашиглан дарангуйлал тогтоодог энэ эрхэм сүүлийн үед аливаа асуудлыг хүч түрэмгийлэн шийдэх гэдгээсээ болж, сөрөг хүчнийхний төдийгүй өөрийн намын нөхдийн эгдүүцлийг төрүүлж, хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах болсон. Угаасаа эрх баригч намын дарга нь УИХ-ын даргын албыг хаших зохимжгүй, энэ зовлонг өөрөө эдлээд гарсан тухайгаа Ц. Нямдорж гишүүн ч түүнд нэг бус удаа сануулж байсан. Гэвч энэ удаад УИХ-ын дарга өөрөө ээлжит бус хуралдаан зарлаж, захирамж гарган хэлэлцэх асуудлын тэргүүнд эмзэг сэдэв болоод байгаа Үндсэн хуулийн цэцийн даргыг эргүүлэн татах асуудлыг оруулж ирсэн нь бяр тэнхээ, зориг зүрхээ сорьсон ч гэмээр, муйхар ч гэмээр хачин үйлдэл болов. Үнэхээр ч эрх баригч АН Үндсэн хуулийн “манаач”-ийг УИХ-ын дэргэдэх карманы байгууллага болгох гэж нүдээ анин зүтгэж байгаа нь ард түмэнд тов тодорхой харагдаж байна бус уу. Энэ байдалд эгдүүцсэн МАН-ын гишүүд түүний зарласан ээлжит бус чуулганыг үл тоомсорлов. “УИХ-д МАН хэрэггүй. МАН-ын гишүүдгүйгээр цааш АН бусад улс төрийн хүчинтэй шийдвэр гаргаад явах боломжтой” хэмээн бардамнаж байсан З. Энхболдын хийрхэл хаачив. Үнэхээр энэ удаад тэр МАН-ын ээлжит бойкот-д өвдөг сөхрөв бололтой. Ээлжит бус чуулган хуралдах 10 хоногийн нэг нь ингээд үр дүнгүй өнгөрөв. Хэрэв ээлжит бус чуулганаа хуралдуулж чадахгүй бол З. Энхболдод ээлжит бус чуулган заралсан захирамжаа хүчингүй болгох зам л үлдэх биз ээ. Тэгж гэмээ нь эрхэм спикерийн нэр сүр бас л шавартай хутгалдаж, УИХ-ын даргаа цааш хийх үү, үгүй юу гэсэн асуулт тулгарна. Эцэст нь өгүүлэхэд “Хаврын чуулганаар энэ 24 асуудлыг хэлэлцэж болох л байсан. Гэтэл заавал ээлжит бус чуулган зарлаж, тойрогтоо ажиллах цаг хугацаанаас минь хумсаллаа. Ядаж байхад сонгуулийн жил. Сар шинэ хуучраагүй байхад хөдөө орон нутгаар хэдэн айлаар бууж мордмоор байдаг. Гэтэл энэ муу “Зи” бас л хүч түрэмгийлж, УИХ-ын даргын индэр ашиглан “шавар хаалаа” хэмээн ангийн даргаа зүхэж яваа гишүүд шаргал ордноор мэр сэр байна гэнэ шүү, цаана чинь.

Б.Мөнх

Эх сурвалж: www.newscom.mn