Төв аймгийн Баянчандмань суманд малын гоц халдварт цэцэг өвчин гарч, хөл хорио тогтоогоод байгаа аж. Цаг агаарын байдлаас шалтгаалж, хаваржилт хүндэрч болзошгүй байгааг сумын удирдлагууд учирлаж байгаа. Гэтэл эрх баригч намын гишүүд Төв аймгийн Баянчандмань сумын Тамгын газрын даргаар Г.Ариунболдыг хуулийн дагуу эргүүлэн томилсныг улстөржүүлж, иргэдээс нэмэх оноо авахаар шуугиж эхэллээ. Төв аймгийн прокурорын газраас Баянчандмань сумын Засаг даргын орлогч асан Б.Ханбаатартай холбоотой хүчингийн хэргийг нягталж үзээд Г.Ариунболдтой холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэр УИХ дахь АН-ын эмэгтэй гишүүдийн өгөөш болж, Г.Ариунболдыг албан тушаалд томилсныг шүүмжилж, матрын нулимс унагаж эхлэв. Эмэгтэй гишүүд хохирогчийг жинхэнээсээ хамгаалахыг хүсч байна уу, түүний хэргээр улс төрийн шоу хийхийг илүүд үзэж байна уу гэдэг нь хачирхалтай. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрийн твиттер хуудастаа " МАН-ын дарга М.Энхболд цагаан сараар золгох зуур Баянчандманьд хүчирхийллийн хэргийн хамсаатныг төрийн албанд эргүүлэн томиллоо. Болиулаач " хэмээн жиргэжээ. Эндээс харахад цэвэр улс төрийн зорилгоор хөөсрүүлж байгаа нь илт. Тэгээд ч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс эхлээд хохирогч бүсгүйг эмнэлэгт баглаа цэцэгтэй эргэнгүүтээ селфидэж олны бухимдлыг хүргэсэн нь саяхан. Хохирогчийг учиргүй ихээр өрөвдсөн гэх мөртлөө селфидээд л жиргэж суух улстөрчид. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нар адилхан эмэгтэй хүний зовлонгоор ийнхүү улстөржиж байгаадаа огтхон ч санаа зовохгүй байгаа бололтой.Эмэгтэй гишүүд хохирогч бүсгүйг хамгаалсан дүр үзүүлж, улстөржүүлэх тусам энэ хэргийн үнэн мөн нь шударгаар олдоно гэсэн итгэл олны дунд алдарсаар байна. Сайд байхдаа Тарбозавр Батаараар пиардсан Ц.Оюунгэрэл гишүүн одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах биш хоосон халаглаж, өрөвдөх тактик баримталдаг болжээ. Хэдийгээр Ц.Оюунгэрэл дахин УИХ-ын гишүүн болохгүй гэдгээ зарласан ч улс төрийн тогооноос холдохгүй нь ойлгомжтой. Тиймээс сөрөг хүчнээ намнах сиймхийг алдахгүй анаж байгаа нь энэ. Төрийн сайд байсан хүн байна даа. Жиргээнд дайн зарлаж, суухаар энэ хэргийг хөөсрүүлэхгүй байвал жинхнээсээ их тус болно доо.

- See more at: http://www.unen.mn/content/59584.shtml#sthash.7Xzk8pj9.dpuf