“Завханы” гэх тодотголтой зангарагтай гавьяат жүжигчин, дуучин С.Батсүх ээлжит шинэ уран бүтээлээ өлгийдэн авчээ. Хийсэн, бүтээсэн, аялгуулсан, дуулсан дуу бүхэн нь “хит” болж, сонсогчдынхоо сонорыг нь мялааж, мэлмийг нь баясган, сэтгэлийг нь дуу хуураар дүүргэж явдаг “алдартай” гавьяат маань энэ удаад “Хаяа сайтай хадмууд” гэсэн нэртэй уран бүтээлээ дүрсжүүлжээ.

Дууны клипэнд олны танил эрхмүүдийг элэглэдэг элэглэлийн нэрт мастерууд болох “Пароди” хамтлагийн жүжигчид дүр бүтээсэн нь шинэлэг бас сонирхолтойгоос гадна, аялгууны хувьд цоглог хэмнэлтэй болсон нь фэнүүдийнх нь сэтгэлд хүрч, ихэд таалагдсан учир амандаа аялах, “хүлхэх” дуунуудын нэг болжээ. Дуу гурван жигүүртэй бүтдэг гэж ярьдаг. Уг “Хаяа сайтай хадмууд” дууны шүлгийг СГЗ Д.Дашдондов бичиж, аялгууг нь СТА Б.Цэрэндондов зохиож, гавьяат С.Батсүх дуулсан нь аль хэдийнэ FM, радиогоор цацагдаад эхэлжээ.

Ер нь гавьяат жүжигчин С.Батсүхийн уран бүтээлээс эх орон, эжий аав, элгэн садан, элбэрэлт ханиа хайрлах, хүндлэх, үгүйлэх үнэр, мэдрэмж нэвт шингэж, үнэртэж мэдрэгддэг бөгөөд энэ удаад хадмуудыг магтан, шагшиж дуулсан нь хадамтай хүн бүрийн сэтгэлийг ихэд хөдөлгөж чадав.

Хэдий наанаа өнгөцхөн сонсоход хадмуудыг магтан дуулаад байгаа мэт боловч, цаад утга учир, уран нарийн агуулга нь хүн хүнээ хайрлах нинжин сэтгэлийг тод тусгажээ. Амьдралдаа амьтай болгоныг тэр дундаа асралт сайхан аав ээжийгээ, амраг сайн ханиа, алаг хөөрхөн үр хүүхдүүдээ ариглан гамнаж хайрлахыг, халуун дулаан хайраар уяраах, ухааруулах утгыг шаглаж, шигтгэж өгсөн уран бүтээл ажээ.

Харин хадмуудад зориулсан уран бүтээл нэг ч байдаггүй бөгөөд хүн бүр хадамтай байгаа, хүүхэд бүр ирээдүйд хадам аав ээжтэй болно. Ер нь хадмуудаа түшиж, ханиа дээдэлсэн хүн л сайн сайхан явдаг гэх юм билээ. Тиймээс хадмуудаа хайрлая, хамгаалж явъя гэсэн санааг агуулсан өвөрмөц уран бүтээл юмаа

Дашрамд сонирхуулахад, Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж, ирэх сарын 05-нд МУГЖ С.Батсүх, “Пароди” хамтлагийн уран бүтээлчидтэй хамтран “UB паласт” тоглолт хийх товоо гарган, бэлтгэлийн ажилдаа орсон байгаа аж. Түүнээс гадна мөн шинэ цомгийн ажилдаа ханцуй шамлан орсон сурагтай. Ийнхүү уран бүтээлийн олз омог арвинтай яваа гавьяатынхаа тоглолтод өндрөөс өндөр амжилт хүсье.