Хүн төрөлхтний аугаа их хайрын билэг тэмдэг болон мөнхөрсөн алдарт зохиолч Уиллиам Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар өнгөрөгч онд УДЭТ-ийн тайзнаа шинэчлэн найруулан тавьсан билээ. Энэхүү жүжгийн хөгжмийг төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, СТА Б.Чинбат өөрийн нарийн мэдрэмж, ур хийц, сэтгэл зүрхээрээ амилуулж үзэгч олны сонорт хүргэсэн билээ.

Тэрбээр энэхүү уран бүтээлээрээ бүрэн хэмжээний цомог гаргах төлөвлөгөөтэйгээр “Монгол контент” ХХК-тай хамтран ажиллаж байгаа ажээ. Тун удахгүй “V” студитэй хамтран эмэгтэйчүүдийн баяр буюу “Март-8”- нд видео клипээ гаргахаар ажиллаж байна.

Монголд анх удаа кино, жүжигт зориулан дуу болон бүрэн хэмжээний хөгжим зохиож байгаа төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч СТА Б.Чинбатын хувьд үзэж амжаагүй хэн бүхэнд зориулж агуу хайрын түүхийг илэрхийлсэн энэхүү бүтээлээ itunes, hi-fi.mn, city baby гэх мэт application-нд тавихаар ажиллаж байгаа гэнэ. Ингэснээр дэлхийн 96 салбар дэлгүүрээр зарагдаж эхлэх юм. “Хөгжимд хэл байдаггүй гэдэг шиг хүссэн хүн болгон авч сонсох бүрэн боломжтой байгаасай. Мөн гадаадын оронд Монголынхоо нэрийг гаргасан бүтээл болоосой гэсэн үүднээс тус цомгоо гаргаж байна” гэдгийг тэрбээр онцолж байлаа.

О.Номин