Энэ сарын 15-нд буюу өнгөрсөн нэгдэх өдөр эхлэх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс болоод нээлтээ хийж чадаагүй УИХ-ын ээлжит бус чуулган дахин хойшилсоор байна. Уг нь хойшилсон товоор бол өчигдөр хуралдчих ёстой байлаа. Ингэх болсон хамгийн гол шалтгаан МАН, МАХН-ын шантааж ажээ.

Өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 34 гишүүн ИЗНН-ын С.Дэмбэрэл, М.Сонинпил, Н.Батцэрэг нарын 37 гишүүн чуулганы хуралдаанд хүрэлцэн ирсэн ч ирц хүрээгүйгээс хуралдаж чадаагүй юм. Харин өнөөдөр ээлжит бус чуулган эхлэх эсэх нь мөн л тодорхойгүй байна.

Үүнээс болоод төрийн ордон дотор шантаажлагчид болон шантаажлуулан шантаажлагчидын дунд ширүүн маргаан үүсээд, нэлээд халуухан байгаа юм байна.

Тодруулбал “Н.Энхбаярыг Шадар сайд болгохын тулд шантааж хийж байна” хэмээн АН-ын гишүүд МАН-нхыг буруутгаад байгаа бол МАН-ынхан “Ээлжит бус чуулганы хуралдааныг зарлахад намын бүлгүүд хуралдаж байж шийддэг. Ээлжит бус чуулганаар эхлээд хэлэлцэх асуудлаа тохиролцдог. Гэтэл УИХ-ын дарга хууль зөрчиж, шууд ээлжит бус чуулганыг зарласан”хэмээх тайлбар хэлж, гүрийсээр байгаа.

Мөн Чуулган нээлтээ хийгээд, хэлэлцэх эхний асуудал нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах тухай Дээд шүүхийн саналыг хэлэлцэх юм.

Учир нь, дээрх асуудлыг нэн яаралттай дэгээр хэлэлцүүлэхээр оруулж ирсэн хэмээж буй ч УИХ дахь МАН-ын бүлгээс “Асуудлыг аль болох зөвшилцөж, ойлголцож шийдэх хэрэгтэй, хүч түрж болохгүй, асуудлыг хойшлуулах нь зүйтэй” гэх санал гарган хоёр удаа завсарлага аваад байна. Тодруулбал Ж.Амарсанаагийн хууль зөрчсөн үйлдлийг одоогоор хууль хяналтын байгууллагаас тогтоогоогүй гэж УИХ дахь сөрөг хүчний төлөөлөл үзэж байгаа ажээ. Тиймээс Ж.Амарсанаагийн хууль зөрчсөнийг УИХ-ын Тамгын газар тогтоож болохгүй” гэж байгаа юм байна.

Уг нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах гурван шалтгаан байдаг юм билээ. Нэгдүгээрт, тухайн гишүүн хууль зөрчсөн, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон байх. Хоёрдугаарт, тухайн цэцийн гишүүд УИХ-д хандах ёстой, гуравдугаарт, анх томилохыг санал болгосон байгууллага нь эргүүлэн татахыг дэмжсэн байх ёстой байдаг юм байна. Энэ удаагийн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудал нь дээрх гурван зүйл заалтыг зөрчөөгүй харагдаж байна. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хүртэл үүнийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм байна.

Мөн ээлжит бус чуулганаар Цэцийн дөрвөн ч гишүүнийг чөлөөлөх асуудал яригдаж магадгүй байгаа аж. Сонгуулийн өмнө цэцийн гишүүдийг солих нь хэнд ашигтай байгаа бөгөөд тэдний оронд хэнийгээ томилох нь вэ гэдэг нь их сонин.

Н.Ганаа