Нэгэнт тээгч эхийн талаар сэдэв хөндөгдөж Хятад иргэдтэй гэр бүл болоод амьдарч буй Монгол бүсгүйчүүдийн амьдрал дундад улсын хэвлэлд цацагдаж, Монгол бүсгүйчүүдийг авч суухыг байцааны хүүхдүүдэд ил цагаанаар уриалж байгаа бол би ч гэсэн хэдэн үг нэмэрлэмээр санагдлаа.

Хэрвээ, Монгол хүн Монголын баялаг үнэхээр мөн юм бол бид аль хэдийн алганыхаа завсраар тэр баялгаа алдаад эхлэсэн юм шүү. Энэ бол “Охид бүсгүйчүүд” маань билээ. Одоогоос 10 жилийн өмнө буюу 2006, 2007 онд гадаадад өндөр цалинтай ажилд зуучилах зарууд хаа сайгүй хогийн цаас мэт хөглөрдөг болсон үеэс эхлэн хэдэн зуун охид маань Замын үүдийн боомтоор дамжин Эрээн, Хөх хот, Бээжин, Хонг-Конг, Макао, Малайзад тархан боолчилогдсон билээ. Гаднаасаа арчаагүй, банзал, янхан, мөнгөний шуналтай нэр зүүдэг ч хамгийн анх хилийн дээс алхахдаа тэдний багагүй хувь нь тэтгэлэгт хөтөлбөр, өндөр цалинтай ажил мөрөөдөн амьдралынхаа төлөө хилийн дээс алхсан байдаг юм шүү. Хэдэн тонн алтаа гадагш алдсан ч хэрэглэх Монгол хүнгүй болвоос алтаар ч бид яах юм ...

“Тээгч эх” энэ нэршил хаанаас яаж гарч ирэв. Хүүхэд гаргах чадваргүй хүмүүс үр шилжүүлэн суулгах бол тэс ондоо асуудал юм. Харин Эрээн хотод очоод өөрийн нүдээр харж, чихээр сонссон зүйл бол эхнэр тоохгүй тариачин “Хужаад” үрийн зулай үнэрлүүлэх “Үйлчилгээг” Монгол бүсгүйчүүд маань 5000-10000 юань буюу 1,5 сая – 3 сая төгрөгөөр үзүүлдэг юм билээ. Харин пасспортыг нь хурааж аваад хүчээр биеийг нь үнэлүүлж байгаа охидоо “Давхар хүний наймаа буюу” урагтай нь хамт арилжиж Монгол хүүхдийн ургаар эмийн бэлдмэл хийн Гуанжөү, Тайваны баяуудад худалддаг. Хар тамхины гүн хамааралд оруулж худалдагдаж олсон мөнгөөр нь буцаагаад мансууруулах бодис зардаг. Жирэмсэн үед нь тэжээлийн дээдийг өгч, асарч халамжилдаг, харин хүүхдээ төрсөн тэр өдөх эцгийнх нь нэр дээр шилжүүлээд хөлс мөнгөө авч хоёр яс салдаг юм байх. “Итгэмээргүй юм” гэж битгий хэлээрэй, ийм зүйл байсныг нүдээрээ хараад хэлж байна. Энэ зөвхөн Эрээнд гэж үү ? Үгүй дээ 100 айл, дэнжийн 1000 ... Хойморт нь Хятад эцэг залрах “Төр улс”-ууд Монголд ноёлж, хүүхдээ барагтай л бол Монгол сургуульд явуулахгүй, Хуачяао буюу цагаачдын хүүхдүүдийн тусгай сургууль гэрийн багшаар хүмүүжүүлнэ. Америкт, Солонгост байдаг Монголчууд маань хүүхдэдээ гэрийн багш авч Монгол хэл сургах нь хэд байдаг билээ ? Монгол цустай Солонгос иргэн бэлдэх бид болоод Хятадыг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг Монголд унаган Хятад хэлтэй хүүхэд өсгөж байгаа тэдний хоорондохи ялгаа юу вэ ?

Бүх түвшинд хүний наймааг, түүний шат алхам бүрийг Монголчууд өөрсдөө хийдэг ! Хууль хүчнийхэн, иргэний бүртгэл, гаалийнхан энэ бузар бизнесийг дэмжихээ болиогүй цагт энэ бузар явдал хэзээ ч зогсохгүй. Тэд “Тэжээгдэж” байгаа хэдэн халтан төгрөгтөө эх орноо худалддагаа юман чинээ тоодоггүй. Өдөрт Монгол улсын боомтуудаар хэдэн зуун нүүрстэй машин Хятад улсын хил нэвтэрч байна ? Тэр болгонд зөвхөн нүүрс л гардаг болов уу ...

1990 оны эхэнд Монгол улсад улс төрийн реформ хийгдэж байсан бол өнөөдөр миний үе болоод 20-30 насны залуусын дунд “Эрүүл сэтгэлгээ, зөв эх оронч үзэл”-н реформ хийгдэх шаардлагатай болж байна. Бид Сарандаваагаар баяжиж, Гүндалайгаар хөгжиж, инээдтэй мэт боловч асар эмгэнэлтэй тэднийг дагалдах хүмүүст улс орныхоо хувь заяаг даатгаж болохгүй шүү дээ.

Өнөөдөр "Тэд" гэж өрөвдөж байгаа эмгэнэлт төрхийг маргааш өөрийнхөө үр хүүхдээр амсах вий дээ !

Ч.Ганжавхлан