​Өнгөрсөн долоо хоногт Соёл, спорт, аялал жуулч­лалын сайд Ц.Оюунгэрэл Засгийн газраа шууд утгаараа “мөргөөд” унагачихлаа. Тэр­бээр өнгөрсөн хорь гаруй жилийн турш Монголын улс төрд өөрийн орон зайг олж авахын төлөө чамгүй их хүчин чармайлт гаргасан нэгэн.

Үүнийхээ хүчинд өд­гөө УИХ-ын гишүүн хий­гээд Соёл, спорт, аялал жуулч­лалын сайдын албыг хашиж буй. Гэхдээ энд түүнийг монголчууд шил­дэг борлуулалттай номын жаг­саалтаас хэзээ ч бууддаггүй “Ногоон нүдэн лам” номын зохиогч гэдгээр нь илүү сайн мэдэхээс сайд болсноор нь санаж, сэдэх нь тун ховор.

Учир нь энэ хугацаанд Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт огцом өөрчлөлт хийгдсэн нь үгүй. Хийсэн ганц ажил нь болох “Т-Батаар”-ын үзэсгэлэнгийн тан­химд нь яг үнэндээ ганц динозав­рын араг яснаас илүүтэй Ц.Оюунгэрэл сайдын олон зургийг тусгайлан байрлуулсан байх юм билээ. Ингэж “Т-Батаар”-аас өөр ажлын архивгүй сайд маань сүүлийн үед Чойжин ламын сүм музейн барилгыг хүртэл улаан тоосгоор засч сэлбэхээр ханцуй шамлан дайрах болсон гэх. Ингэж өөрийн салбараа соёлжуулж хүчрэхгүй яваа сайд маань өнгөрсөн долоо хоногоос эхлэн Хууль зүйн яамыг яллаж, Н.Алтанхуягийн Засгийн газарт ан цав үүсгэх нь тэр.

Ингэхдээ тэрбээр МИАТ-ээс “Дайны эрсдлийн сан” нэрээр их хэмжээний мөнгө идсэн МИАТ-ийн хуучин удирдлагуудыг бүхэлд нь өмөөрч “Шүүхийнхэн МИАТ-ийн хэрэгт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна” гэх нь тэр. Улмаар “МИАТ-ийн хэрэг миний нэр дэвшсэн тойрогт болж байгаа үйл явдал шүү дээ. Тиймээс Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ нарын ар гэрээс надад хандсан өргөдөл ирсэн. МИАТ-ийн хэргийг шүүх явцад хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн хийсэн, хийгээгүй үйлдлийг ялгаж, салгах ажил их муу байгаа. Өөр хүний хийсэн үйлдлийг гэм зэмгүй хүмүүст хамаатуулж, тэр байтугай торгууль төлбөрийг хүртэл шударга бусаар хуваарилж байна. Бид хохирогч болчихоод байна гэсэн гомдол ирсэн” гэв. Түүнийхээр бол дээрх нэр дурьдсан хүмүүс өдгөө хохирогч болж, олон тэрбум төгрөгөө тэдний халаасанд алдсан Монголын ард түмэн завшигч болчихсон яваа бололтой юм. Нэг ёсны энэ хэрэгт Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ нар ямар ч холбоогүй бөгөөд зүгээр л хэлмэгдэж яваа болохыг нь Ц.Оюунгэрэл сайд тогтоосон гэж болно. Тэрбээр энэхүү дүгнэлтийнхээ талаар тухай бүрт нь жишээ болгон ярилцлага дээрээ тайлбарласан байсан. Мөн өөрийн УИХ-ын гишүүнийхээ эрх үүргийг энэ тайлбартаа хамаатуулан “Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд, хүний эрхийг хамгаалахын тулд дуу хоолойгоо хүргэдгийн хувьд ч тэр хэргийг шалгах явцдаа тогтоосон хөдөлбөргүй нотлох баримтуудаа тухайн хүнээ өмгөөлөх талд нь ашиглаач ээ гэж шүүхийнхэнд уриалмаар байна. Өмгөөлж болох хангалттай нотлох баримтуудыг үл харгалзан, хүндрүүлэх талын нэг хоёр сэжүүрийг ноцтой баримт болгосоор байгаад бид гавьяа байгуулсан, тус болсон хүмүүсээ шоронд хорьж байгаа юм биш биз дээ” гэж. Гол нь түүнийг УИХ-ын гишүүн болсноос хойшхи хугацаандаа Хан-Уул дүүргийн өөр жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд ганц үг ган хийснийг нь мэдэхгүй юм. Ядаж л насаараа Зайсангийн өвөр бараадаж амьдарчихаад газраа өмчлөх эрхгүй суугаа жирийн иргэдийн төлөө тэр үг унагасан бил үү. Жирийн иргэдэд нь газрыг нь өмчлүүлэхгүй хэрнээ дарга, даамлууд хүссэн хаусаа барьж, хүссэн ордондоо амьдарч болоод байгаа тэр дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүнийхээ хувьд үнэн үгийг харамлах ёсгүй байлтай. Гэтэл тэр тэгсэнгүй. Улсын хөрөнгөөр хөлжиж, 10 гаруй тэрбумыг халаасалж чадсан МИАТ-ийн экс удирдлагуудыг өмгөөлж, “Тэднийх ганц байшин, ганц машинтай л айл юм билээ” ч гэж байх шиг. Уншигч та ярилцлагыг нь бүтнээр нь уншвал ийн эгдүүцэх болсны шалтгааныг мэдэж цөхөх зүйл үгүй...

Цаашлаад тэрбээр Хууль зүйн яам, тэр дундаа үнэн мөнийг нь олохын төлөө өдөр шөнөгүй ажиллаж, элдэв дарамт шахалтыг үл тоомсорлож ажилласан мөрдөн байцаагч нарыг гутаан доромжилж орхив. Энэ хэргийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тухайд үед дараах тайлбарыг хийж байсан. Тодруулбал “Аль ч Засгийн газрын Хууль зүйн сайд гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Гэмт хэрэгтэй тэмцэх тэр хүсэл эрмэлзэл нь улс төрийн дэмжлэгээр харагдах ёстой. Зүгээр хүсэх төдий биш, хийх ёстой гэдгийг л хэлж байгаа юм. Улс төр гэдэг чинь жинхэнэ утгаараа бол бодлогын дэмжлэг шүү дээ. Хууль зүйн сайдаас үзүүлэх улс төрийн дэмжлэг нь “Бид зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хатуу тэмцэнэ ээ” л гэж байгаа юм. Жирийн гэмт хэрэгт хэн нэгэн хүн хохирогч болдог бол зохион байгуулалттай хэргээс болж хэсэг бүлэг, нийгмийн олонхи бүхэлдээ хохирох эрсдэлтэй. Учруулж байгаа хор хохирол нь зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлэгддэггүй, нийгмийн оюун санаа, үндэсний аюулгүй байдлын зарчим руу хүртэл халддаг. Ийм зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцсэнээр эдийн засагт учирч байгаа хохирлыг багасгахаасаа гадна алдагдсан мөнгүүдийг буцааж оруулж ирэх боломжуудыг олдог. МИАТ-ийн асуудал дээр гэхэд арваад тэрбум төгрөгийн асуудал хөндөгдөж байгаа. Хэргийн хүрээ нь тэлээд, энд тэндээс мөнгө гарч ирээд л байна. Одоо тогтоогдсон нь арван тэрбум төгрөг гэж байгаа ч хэргийн шалгалтын явцад энэ тоо яаж нэмэгдэхийг хэлэх арга алга” гэх үгс. Тэгвэл өнөөдөр Х.Тэмүүжин сайд Ц.Оюунгэрэл сайдын дээрх үгэнд ямар тайлбар хийх бол. Ц.Оюунгэрэл сайдын хоёр ч дүү нь МИАТ-д ажилладаг. Хүүхэд нь нисгэгч мэргэжилтэй. Өөрөө “Миний талийгаач нөхөр нисгэгч” хэмээн ярилцлага бүртээ олонтаа дурсдаг. Ингээд бодохоор энэ хүнд МИАТ-ийг өмгөөлөх шалтгаан нэг бус гэдэг нь тодорхой. Гэхдээ дээрх хэрэгт шийтгүүлсэн МИАТ-ийн удирдлагууд ямар ослын буулт хийсэн биш, техникийн элдэв гэмтэл учруулсан биш дээ. Ширээнийхээ цаана сууж байгаад л 10-20 эмнэлэг барих мөнгийг идэж ууж, хувьдаа завшсан хүмүүс. Ийм байхад авлигатай тэмцсэн засгаа шүүмжилнэ гэдэг Ц.Оюунгэрэл сайдын хувьд арай л ахадсан баймаар. Магадгүй үүнийх нь ард ноцтой том шалтгаан байгаа ч юм бил үү, хэн мэдлээ. Эс бол Ц.Оюунгэрэл сайдыг төдийгөөс өдий хүртэл нь тулж, түшиж ирсэн Ерөнхийлөгч маань гэнэт авлигатай тэмцэх сонирхолгүй болчихсон юм биш байгаа даа. Гайхах л юм байна шүү...

 

Г.Отгонжаргал