Иргэд үнэндээ сонгох боловсролгүй, сонгох боловсролгүй гэдэг нь одоогийн УИХ-ын гишүүд хийгээд эх орны асуудлаас харагдаж байна. Нэг талаасаа авч үзвэл хэнийг ч та бид хараан зүхэх шаардлагагүй тэд бол та бидний сонголт.

Ухаантнууд нь их хуралд дэвшиж, ухаалаг сонголт хийж сурсан цагт л энэ байдал өөрчлөгдөх шинжтэй байгаа. Одоогийн байдлаар бол хамгийн их мөнгө зарцуулсан эрхэм их хуралд суудаг гээд тэд ойлгочихсон иргэд тэдэнд ингээд ойлгуулчихсан байдалтай байна.

Өөрөөр хэлбэл сонгуулийн өмнөх мөнгө улс төрчийг хэн нэгний халаасанд оруулах гол хэрэгсэл болж байгаа юм. Үнэндээ манайд улс төрийн намуудыг сонгуулийн үеэр иргэнээс нэг, хуулийн этгээдээс гурав хүртэлх сая төгрөгийн хандив авч болно. Сонгуулийн бус үеэр жилд хоёр удаа иргэнээс сая, байгууллагаас 10 хүртэл сая төгрөгийн хандив авч болно хэмээн хязгаар тогтоочихсон. Гэхдээ үүнд ч хяналт гэдэг зүйл огт байхгүй. Тиймээс л байгууллага, компаниудаас намууд их хэмжээний хандив авах явдал жирийн үзэгдэл мэт болж, зарим нь хууль хяналтын байгууллагынханд баригдаж байна. Ингээд баян компаниас мөнгө авсан улстөрч хариуд нь тухайн аж ахуй нэгжид ашигтай тэдний хүссэн хууль тогтоомжийг батлуулж өгөхийг хичээгээд гүйчихдэг уламжлал бий.

Сонгуулийн хандив бол нэр дэвшигч гэхээс илүүтэй сонгуулийн дараа том албан тушаалд очих, бизнесээ өргөтгөх санаатай хүмүүст ихээхэн хамаатай зүйл. Нэгэнт өөрөө нэр дэвшихгүй бол өөр нэгнээр дамжуулж ажил, албан тушаалд очих гүүр бол сонгуулийн үеийн хандив юм. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг шиг хандивын хариу энэ ондоо төрийн алба болон буцаж ирж, төрлийн алба болгочихдог.

Ирэх УИХ-ын сонгуульд оролцох нэг нам, эвслийн зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар 3,4 тэрбум төгрөгөөр тогтоосноо зарлалаа. Өмнө нь нам эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо баталдаг байсан бол Сонгуулийн тухай шинэ хуулиар Үндэсний аудитын газар тогтоодог болоод байгаа юм.

Сонгуулийн Ерөнхий хороо 2012 оны сонгуулийн сурталчилгаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нэг нам эвсэл 9.6 тэрбумыг зарцуулна гэж тогтоож байжээ. Гэвч судалгаанаас харахад 2004 онд намуудын хандивын хэмжээ нэг тэрбум төгрөг байсан бол 2012 онд 35 тэрбум төгрөг болж өсчээ. Тухайлбал 16 тэрбумыг нь АН, 14 тэрбумыг нь МАН, үлдсэн нь бусад зургаан намд өгсөн хандив байна. Өөрөөр хэлбэл намууд Сонгуулийн Ерөнхий хорооны гаргаж өгсөн дээд хязгаарыг хоёр дахин нугалж зарцуулжээ. Түүнчлэн 2008 онд нэг нэр дэвшигч дунджаар 20 сая төгрөг зарж байсан бол 2012 онд 200 сая төгрөг зарцуулсан гэсэн судалгааг ч холбогдох албаныхан гаргасан байх юм.

Тэгэхээр үндэсний аудитын газрын гаргасан 3,4 тэрбум төгрөг нь зүгээр л нүглийн нүдийг гурилаар хуурсан тоо төдий зүйл болох нь.

Учир нь өмнөх хуулиар нэг иргэнээс 1 сая хүртэлх төгрөгийг зөвшөөрдөг байсан бол энэ удаагийн хуулиар 3 дахин нэмэгдэж 3 сая хүртэлх болжээ. Түүнчлэн хуулийн этгээд 15 сая хүртэлх төгрөгийг хандивлаж болно гэж заасaн байна. Хандивыг жилд нэг л удаа өгч болно, мөн татвартаа тайлагнана гэж хуульчилсан. Гэхдээ хэн хэдэн төгрөгийн хандив хэнд өгснийг хуулийн байгууллага ч хайж мэдэх боломжгүй.

Ямартай ч өнгөрсөн сонгуулиудын жишгээ нэр дэвшигчид ямар нэгэн аргаар иргэдэд мөнгө төгрөг хүнс бараа тараадаг бөгөөд олон хүн ажиллуулж, нэлээд хэмжээний мөнгө зарцуулдаг байдал дахин давтагдах шинжтэй харагдаж байна. Ингэхийн тулд тэд иргэдийг бодлогоор ядуу байлгаж байгаа ч байж болох юм. Хэрэв ард түмний амьдрал сайжирсан тохиолдолд тэднээс уут будаа гурил, аяга таваг, тав арван төгрөг горьдох шаардлагагүй байх байлаа.

"Хүн юм өгч байхад яаж зүгээр байхав" гээд л иргэд тэдэнд санал өгөөд нэрийг нь дугуйлчихдаг хүлцэнгүй бөгөөд энэрэнгүй зантай. Энэ байдлаас үүдэлтэй, сонгуулийн гайгаар эх орны эдийн засаг, улстөр тэр ч бүү ирээдүйн тухай асуудал үнэндээ иргэдийн зовлон болж байна. Үүнийг ард түмний ядруу байдал дээр дөрөөлсөн улстөрчдийн буруу гэж үзэх үү, эх орон болоод үр хүүхдийнхээ ирээдүйн асуудалд ингэтлаа хайнга хандаж, ийм байдал хүргэсэн иргэдийн буруу юу.

Нэр дэвшигчид тэртэй тэргүй мөнгө зарцуулж, сонгуульд оролцохын байна. Тэгэхээр сонгогчид л жаахан ухаан гаргачихвал дараагийн парламентыг бүрдүүлэх хүмүүсийг зөв сонгож болох нь байна. Харин бүх зүйлд өмнөх сонгуульд ханддаг шиг байвал эх орон чинь ийм л хэвээрээ байна.

Н.Ганаа