Энэ бүх үйл явдлын өрнөлөөр нэгэн буруу жишиг тогтоосон нь Цэцэд улс төрийн томилгоо орох, өөрсдийн дохио зангаагаар хөдөлгөх улстөрчдийн сонирхлыг улам дэвэргэж мэдэхээр байна Үндсэн хуулийн цэц албан ёсны даргагүйгээр яг 12 хонов.

Ажлын хоногоор нь тооцож үзвэл найм хоног. Тэгэхээр Дээд шүүх дараагийн нэр дэвшигчийг УИХ-д оруулж ирэх, түүнийг нь парламент ёсчлоход хууль тогтоогчдод ажлын зургаан хоног үлджээ. Амралтын өдрийг оруулаад тооцвол найм буюу ирэх долоо хоногийн пүрэв гарагт Цэцийн шинэ гишүүн тодорхой болоххуультай гэсэн үг. Үүгээр Цэцийн дараагийн гишүүнийг томилох хуулийн давчуухан хугацаа ажин түжин улс төрийг энэ өдрүүдэд хийгээд ирэх долоо хоногт хөдөлгөөнд оруулах нь. Цэцийн дарга асан Ж.Амарсанааг эгүүлэн татах үйл явдал, УИХ, Цэц хоорондын зөрчил хүн бүхний нүдэн дээр болсон тул түүнийг дахин бичих нь илүүц.

Харин энэ бүх үйл явдлын өрнөлөөр нэгэн буруу жишиг тогтоосон нь Цэцэд улс төрийн томилгоо орох, өөрсдийн дохио зангаагаар хөдөлгөх улстөрчдийн сонирхлыг улам дэвэргэж мэдэхээр байна.

Угтаа бол Цэцийн гишүүнийг эгүүлэн татах УИХ-ын тогтоолыг батлах гол хөшүүрэг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээс ирүүлсэн албан бичиг л байсан. “Цэцийн дарга Ж.Амарсанааг Үндсэн хуулийг зөрчсөн тухай энд дурджээ. УИХ энэ асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэхэд манайд тусгайлан өгөх санал байхгүй” гэсэн Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн хариуг парламент Цэцийн гишүүнийг эгүүлэн татах үндэслэлээ болгосон хэрэг.

Уг нь Дээд шүүхийн 25 шүүгчийн хуралдаанаас гарсан олонхийн шийдвэрийг УИХ-д ирүүлсэн бол албан ёсны үндэслэл болох учиртай байв. Гэвч Дээд шүүхийн нийт шүүгчид хуралдаж, олонхийн шийдвэр гараагүй байхад зөвхөн Ерөнхий шүүгчийн албан бичгийн хариултад тулгуурлан шийдвэрээ гаргасан нь дараагийн гишүүнийг ийм байдлаар томилж болно гэсэн сэдлийг хэдийнэ төрүүлээд байна. Үүтээр Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас бус улс төрийн шийдвэрээр оруулж ирэн Үндсэн хуулийн манаач болох магадлал өндөр юм. Тэгэхээр Цэцийн дараагийн гишүүн хэн бэ. Улс төрийн болон хуулийн салбарын төлөөлөл дундаас өрнөж эхэлсэн таамгаас жигнэж үзэхэд хэд хэдэн хүнийг дурдаж болохоор байна.

Р.ГОНЧИГДОРЖ
Монгол Улсын анхны бөгөөд сүүлчийн дэд Ерөнхийлөгч хэмээх тодотголтой явж ирсэн түүний хувьд парламентын тогоонд олон жил чанагдсан туршлагатай улстөрчдийн нэг. Улсын Бага хурлын даргаас Их хурлын даргын албыг хашсан тэрбээр математикийн багш мэргэжилтэй. Үүх түүхээс нь харахад математикийн багш хэдий ч улс төрийн замнал, зангарагаараа АН-даа толгой цохих улстөрч. Харин одоо УИХ-ын гишүүн, парламентын орлогч даргын сэнтийгээ орхиод Үндсэн хуулийн манаач болох магадлалтай эрхмүүдийн урдуур эрэмбэлэгдэж явна. Энэ нь, өөрийг нь эгүүлэн татах асуудал парламентын төвшинд очиход Цэцийн дарга асан Ж.Амарсанаа “Р.Гончигдоржийгоо УИХ-ын гишүүнээс чөлөөлөөд, Цэцийн дарга болгох гэж байна. Үндсэн хуулийи цэцэд УИХ-ын төлөөний хүмүүс ажилладаг болсон. Тэдний өмнөөс дуугарч, манайхаас цалин авдаг. Тэр хүмүүс Р.Гончигдоржийг дарга болонгуут ирэх хавар Сонгуулийн хуулиар Цэцэд маргаан үүсвэл УИХ-ын зөв гэсэн шийдвэр гаргаж ажиллана” гэх үгийн зангилаа байж болох.

Гэхдээ Р.Гончигдорж даргын хувьд энэ жил 63 настай. Харин Х.Тэмүүжин гишүүн санаачилж УИХ-аар баталсан хуулиар Цэцийн гишүүний босгыг 65 байхаар хуульчилсан. Цэцийн дунд суудлын хуралдаанаар Х.Тэмүүжин гишүүний нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд насны хязгаар тогтоосныг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн. Тэгэхээр Р.Гончигдорж дарга Цэцийн гишүүн болсон тохиолдолд хүссэн хүсээгүй хоёр жил ажиллана. Хоёрхон жил Цэцэд толгой хорогдоод тэтгэвэртээ гарах нь түүн шиг улстөрчийн хувьд мэдээж хохиролтой. Гэхдээ Ж.Амарсанаа гишүүний хэлсэн үг үнэний ортой тусвал эрх баригчдын хүслийг гүйцэлдүүлэх, Цэцийг тэдний гал хамгаалагч болгох улс төрийн томоохон тохироогоор
Р.Гончигдоржийг Үндсэн хуулийн манаачаар томилж мэдэх л юм. Холыг харсан нүүдлийн эхлэлээ тавиагүй нь үнэн биш бол 63 настай хүнийг эгүүлэн татаад 63-тай хүнийг буцааж томилох нь чанарын хувьд ямар ч ялгаагүй билээ.

Энэ бол улс терийн хүрээнд хамгийн боломжит хувилбараар нэрлэгдэж эхэлсэн авторуудын тухай таамаг гэдгийг энд тодотгоё. Учир нь, Цэцийн дараагийн гишүүний нэрийг дэвшүүлэх бүрэн эрх Дээд шүүхэд хэвээр хадгалагдаж байгаа болохоор хэнийг оруулж ирэх нь тэдний шийдэх асуудал. Тэхдээ Цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлсөн үйл явдал тэдэнд бус улстөрчдөд шилжсэн гэдгийг бэлхнээ харуулсан болохоор Дээд шүүхийн санал бэлгэдэл төдий байх болов уу. Харин томоохон томилгоо, тохироо бүрийг ихэвчлэн амралтын өдрөөр Их тэнгэрт цуглан хийдэг төрийн түшээдийн шийдвэрийн үр дүнгэээр Цэцийн дараагийн гишүүний нэр тодорхой болох нь.

З.НАРАНТУЯА
АН-ынханд Р.Гончигдоржоос өөр нэг хувилбар яваа нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан З.Нарантуяа. Хуульч, эрхзүйч, санхүүч мэргэжилтэй түүний хувьд улс төр гэхээсээ банкны салбарынханд эчнээ танил. УИХ-ын дарга З.Энхболдын эхнэртэй найз гэгддэг тэрбээр 2008 онд Завханд АН-аас нэр дэвшээд өвдөг шороодож байв. Улмаар 2012 оны сонгуулиар АН-ын жагсаалтын 19-д эрэмбэлэгдэж явсан удаатай. Тэрбээр З.Энхболдыг УИХ-ын даргаар томилсны дараа Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байгаад Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон дэвшсэн юм. Харин хуулийн дагуу төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд зургаан сарын өмнө ажлаа хүлээлгэн өгөх заалтаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг парламент ёсоор болгосон нь саяхан. Сонгуульд одгүй ч АН-д эрх мэдэл төвлөрч байгаа болохоор З.Нарантуяа Цэцийн гишүүнд зүтгээд үзэхэд болохгүй гэх юмгүй. Ялгаатай нь, УИХ-ын, АН-ын даргатай ойр явдаг нь бусдаасаа түрүүлж гишгэхэд түүний давуу тал болох биз ээ. Гэхдээ хувьсгалын тохироо нь бүрдэггүй л юм бол урдаа барих хэмжээний томоохон хуульчид байсаар атал З.Нарантуяаг зүтгүүлэх нь АН төдийгүй З.Энхболд даргыг муухай харагдуулах гэмтэй.

Ш.СОЛОНГО
Засгийн газрын “гал тогоо” гэгддэг Хэрэг эрхлэх газарт доод албан тушаалаас Тэргүүн дэд дарга болтлоо дэвшиж ажилласан түүний хувьд бусдыгаа бодвол 1984 оноос хойших сайд, дарга, УИХ-ын нүүрийг үзсэн туршлагатай. Нэг ёсондоо үе үеийн төрд нүүртэй явж ирсэн, эмэгтэй хүн ийм хэмжээний замыг туулсаар оргилд хүрсэн нь Ш.Солонгын давуу тал. Гэхдээ Ш.Солонгыг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхэд ганцхан зүйл хаалт болж мэдэх. Тэр нь Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа өөрсдөдөө урамшуулал олгосон тухай асуудал. Хэрэг хуучирдаггүйтэй адил түүнийг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлээд оруулж ирсэн тохиолдолд хэл амаа билүүдсэн гишүүд хуучны асуудлыг сөхөж аль болох хараар будах гэж хичээх нь лав. Угаас улстөрчид аливаа асуудлыг аль болох муу талаас нь ярьж, өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэхээр улайрдаг нь тэдний араншин.

С.НАРАНГЭРЭЛ
Хуулийн салбарт тэр бол шинэ хүн биш. Ардчилсан Үндсэн хуулийг эх барихаас эхлүүлээд өнөөг хүртэл энэ салбарын шинэчлэлд өөрийн хувь нэмрийг оруулсан гарын арван хуруунд багтах академичдын нэг. Эдгээр шалтгаанаар С.Нарангэрэлийг Цэцийн гишүүнд нэр дэвшигчээр оруулаад ирэхэд гайхах хүн гарахгүй.

Гэхдээ С.Нарангэрэл академичийг Цэц рүү явуулахад тушиж мэдэх хоёр шалтгаан байна. Эхнийх нь АН-ынхан түүнийг хүлээн зөвшөөрөхгүй. АН эрх барьсан 2012 оноос хойш хууль зүйн салбарт томоохон шинэчлэл өрнүүлсэн. Энэхүү шинэчлэлд шүүмжлэлтэй ханддаг эрхмүүдийн нэг нь С.Нарангэрэл. Ялангуяа Эрүүгийн хуулийн шинэчлэлд шүүмжлэлтэй ханддаг нь АН-аас түүнд өгөх хасах оноо. АН эрх барьж байх үе буюу 1999, 2000 оны үед Үндсэн хуульд долоон өөрчлөлт оруулахад Цэцэд маргаан үүсгэсэн авторын нэг нь. Үүгээр шалтагласан АН-ын гишүүд түүний нэрийг УИХ-д оруулж ирэхээс урьтаж унагааж мэдэх талтай. Удаах шалтгаан гэвэл С.Нарангэрэл академич энэ жил 63 хүрч яваа нэгэн. Түүнийг Цэцийн гишүүнээр томилохыг УИХ олонхоороо зөвшөөрлөө гэж бодоход зургаан жилийн хугацаатай ажиллах шаардлага тулгарна. Гэвч Цэцийн гингүүний насны хязгаар 65 байхаар хуульчилсан нь хашир академичид хоёрхон жилийн хугацаа олгохоор байна. Үндсэн хуулийн цэцэд хамгийн туршлагатай, хий нь гарсан хуульчдыг томилох учиртай ч хоёрхон жил бэлгэдэл төдий ажиллаад сэнтийгээсээ буух замыг С.Нарангэрэл академич сонгох эсэх нь эргэлзээтэй юм.

Ж.АМАРСАНАА
Олон нийтэд “иргэн” хэмээх нэрээрээ эчнээ танил болсон Д.Ламжав Ж.Амарсанааг эгүүлэн татсан УИХ-ын тогтоол Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн маргаан үүсгэхээр Цэцэд хандаад байгаа. Иргэн Д.Ламжавын хувьд өмнө нь Цэцэд хэд хэдэн удаа маргаан үүсгэж ялалт байгуулсан туршлагатай нэгэн. Тэгэхээр энэ асуудлаар Цэц маргаан үүсгэж, иргэн Д.Ламжавын талд гарсан тохиолдолд УИХ-ын тогтоол хүчингүй болж Ж.Амарсанаа Цэцийн гишүүнээр үлдээд зогсохгүй даргын албаа хаших бүрэн боломжтой болох юм. Харин насны хязгаараар халхавчлан Цэцийн хэд хэдэн гишүүнийг эгүүлэн татах тухай яриа өндрөө авч эхэлсэн энэ үед иргэн Д.Ламжавын маргаан Дунд суудлын хуралдаанаар орохоосоо өмнө замхрахыг үгүйсгэх аргагүй.

Энэ бол улс төрийн хүрээнд хамгийн боломжит хувилбараар нэрлэгдэж эхэлсэн авторуудын тухай таамаг гэдгийг энд тодотгоё. Учир нь, Цэцийн дараагийн гишүүний нэрийг дэвшүүлэх бүрэн эрх Дээд шүүхэд хэвээр хадгалагдаж байгаа болохоор хэнийг оруулж ирэх нь тэдний шийдэх асуудал. Гэхдээ Цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлсөн үйл явдал тэдэнд бус улстөрчдөд шилжсэн гэдгийг бэлхнээ харуулсан болохоор Дээд шүүхийн санал бэлгэдэл төдий байх болов уу. Харин томоохон томилгоо, тохироо бүрийг ихэвчлэн амралтын өдрөөр Их тэнгэрт цуглан хийдэг төрийн түшээдийн шийдвэрийн үр дүнгээр Цэцийн дараагийн гишүүний нэр тодорхой болох нь.

 

С.ГАНДӨЛ
"ҮНДЭСНИЙ ШУУДАН"