Шангри-Ла олон улсын сүлжээ зочид буудлын Монгол дахь салбар 2009 оноос барилгын ажил нь эхэлсэн цагаасаа хойш хэл ам таталж, олон маргаан, асуудал дагуулсан. Үнэхээр хэл ам их таталснаас ч тэрүү хоёр ч удаа “галын бурхан”-д таалуулаад амжсан билээ.

Гаднаа хөө тортог, утаа униар уугиуланхан байж Улаанбаатарт минь үүд хаалгаа нээгээд жилийн нүүр үзэх гэж буй таван одтой зочид буудлын дотоодод ассан “гал” ажилчдаа “хуйхалсан түймэр” болоод байгаа гэнэ.

shan03

Гадаадад голдуу өндөр боловсрол эзэмшсэн, Монголын сор болсон охид залуус энэ буудалд шигшигдэж ороод харь хүний эрхшээлд “боолчлогдох” шахуу ажиллаж байгаа нь харамсалтай. Монгол залуусыг хэт дарамтлан, дураараа авирладаг хүн нь Шангри-Лагийн маркетингийн захирал Сү Ён хэмээх солонгос гэнэ. Байгууллагынхаа маркетингийн захирлаар ажилладаг энэ эмэгтэй Шангри-Лагийн “Тэргүүн хатагтай” шиг аашлах болсны цаад утга учир нь Монгол дахь Шангри-Ла буудлын Ерөнхий менежер Гари Биондогийн янаг амрагийн явдалтай холбоотой аж. Хонгконгод төвтэй, дэлхий даяар 90 салбартай энэ зочид буудлын удирдах албан тушаалтнууд өндөр ёс суртахуунтай эрхмүүд байдаг гэх. Нээлтийн ёслолоо хүртэл хаалттай хийсэн буудлын дотоодод маш нарийн дэг үйлчилдэг бөгөөд Шангри-Лагийн сүлжээ буудлуудад дээд тушаалын менежер доод зэрэг дэвийн ажилтантайгаа хувийн харилцаа тогтоохыг хатуу хориглодог. Харин энэ хорио цээрийг эс тоон Монголд дур зоргоороо жаргаж байгаа Гари Биондо, Су Ён нарын амраглал хэрээс хэтрэхдээ зочид буудалд ажилладаг монгол ажилтнуудад нөлөөлж, дарамт учруулах болсон байна. Зочид буудлын бүх зүйл хаалттай орчинд өрнөдөг учраас энэ талаар ам ангайсан ажилтнууд ч даруй ажлын байраа алддаг гэнэ. Солонгос хүүхэн хууль бус амраг Гари Биондотой нь шууд харилцаж ажил төрөл ярьсан эмэгтэй ажилтнуудаа үг дуугүй халж орхидог нь хардах сэтгэлдээ хэт автсаных бололтой. Тэрээр монгол охидыг чимхэх, цохих, хэл амаар доромжлох зэргээр бах таваа хангадгаараа зард гарч байна. 1971 оноос үүд хаалгаа нээж, олон улсын сүлжээ болтлоо хөгжсөн зочид буудлын бизнесийг нь ийнхүү “самраад сууж” байгаа “авиргүй амраг”-уудыг Азийн элсэн чихрийн хаан гэгддэг, дэлхийн ургамлын тосны магнат Роберт Куок, түүний хүү Монгол дахь салбараа хариуцсан захирал Куок Хун Ян нар “хазаарлаж” төрхөмд нь буцаах цаг нь болжээ. Тэгэхгүй бол тэрбумтнуудын нэрийг тавтиргүй менежерүүд нь баллаж байна.

shan02

Г.Уянга

Онцлох.мн