Улс төр судлаач Л.Эрдэнэтуул “Цус ойртсон Авилгатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрыг Улсын их хурлаас шалгах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Тэрээр “Зууны мэдээ” сонины хоёрдугаар сарын 29-ны өдрийн сонинд талийгаач С.Зориг агсны эхнэр Б.Булганыг хорьсон үйл явдалтай холбогдуулж ярихдаа талийгаачийн эхнэр Б.Булганыг хориод ямар нэг мэдээлэл өгөлгүй бараг гурваас дөрвөн сар болчихлоо. Олон нийт сонирхож, чих тавьж байгаа байх. Ер нь учир битүүлэг энэ байдал өөрөө нэг зүйлийг хэлээд байна. Зүй ёсоор хардаж байгаа нэг зүйл бол Б.Булганыг ээлжит улс төрийн шоуны золиос болж байна гэсэн хардлага олон нийтийн дунд өргөн тархлаа...Б.Булганыг яах гэж баривчлав гэдэг асуулт зүй ёсоор гарна. Энд буруу ташаа мэдээлэл өгсөн гэдэг ч юм уу, ийм асуудал их гарч байна.

Эхлээд логикийн хувьд аваад үзэхэд,энд С.Зоригийн амь насыг хохироосон аллагын хэрэг илэрсэн гэж үзэх ямар үндэслэл байна вэ гэж онцолсон байна. Б.Булган бол цорын ганц гэрчийн хувьд түүний эрх, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалдаг ёстой байтал сэжигтнээр татаж, 24 цагийн гэрэлтэй нөхцөлд хорьж, эргэлт оруулахгүй, хувцсыг нь хоёрхон удаа солиулсан талаар хэвлэлээр мэдээлсэн.

Энэ талаар тус сонины тоймч Ч.Үл-Олдох улс төр судлаач Л.Эрдэнэтуулаас тодруулахад, "Энэ нөхцөлд Б.Булганы эрх хүний эрх талаасаа дээд хэмжээгээр зөрчигдөж байгаа юм. Тэр хүн сэжигтэн, шалгуулах үндэслэлтэй байлаа гэхэд хамгийн наад захын эрх хэмжээг хангах ёстой. Өмгөөлөгчтэйгээ тусгаар орчинд чөлөөтэй уулзахаас эхлээд ар гэрийнхнийг нь эргүүлж тойруулах, хувцсыг нь солих, эргэлт оруулах, унших ном сонин оруулах зэрэг сэжигтнээр хоригдож байгаа хүнд ямар л нийтлэг эрх байдаг юм тэр бүгдийг хангах ёстой. Тэгэхээр тэр хүнийг хаалттай орчинд байлгах сонирхол байгаа юм уу гэж харагдаж байна” хэмээн хариулжээ.

Тэрээр цааш нь 1998 оны улс төрийн тэр нөхцөл байдлыг Монголын улс төрд одоо өрнөж буй үйл явдалтай харьцуулахад ямар дүгнэлт хийж байгаа талаар тайлбарласан байна. Түүний ярьж байгаагаар Монголын улс төрд зөвхөн өнөөдөр ч биш сүүлийн тав зургаан жил өрнөж буй үйл явдлыг 1998 оны үйл явдалтай харьцуулахад маш сонин дүр зураг харагддаг болсон байна. Жишээ нь, С.Зоригийн амь насанд хүрсэн аймшигт аллага, тэр үеийн улс төрийн орчин, өнөөдөр Н.Энхбаяр гэдэг хүнийг хэрхэн шахаж улс төрийн тавцангаас зайлуулах гэж буй улс төрийн оролдлогууд цаад улс төрийн агуулгаараа, арга барилаараа ижил төстэй зүйлүүд харагдаж байгааг онцолсон байна.

Улс төрийн цаад далд зорилгын арга нь 1998 оныхоос нарийссан, мөн улс төрийн талбарт өнөөдрийн нөхцөлд хууль хяналтын байгууллагыг хэрхэн ашиглаж байгаа нь айдас төрөхөөр байгааг анхааруулав.

Түүнчлэн Тагнуулын газрын авирлаж буй байдал, хүмүүсийг барьж авч, шалгадаг зохисгүй авир хандлагын талаар тодотгож хэлжээ.

Судлаач Л.Эрдэнэтуул авилгатай тэмцэх газрын тухайд эрээ цээрээ алдсан байдалд олон нийт үнэлэлт, дүгнэлт өгч байгаа. Ер нь АТГ, ТЕГ-ын цус ойртсон гэж би үздэг. Яагаад гэвэл, хоёр огт өөр функцтэй байгууллагын удирдлагууд нь байнга солигдож байдаг. АТГ-ын дарга байсан хүн Тагнуулын ерөнхий газрын дарга болж байх жишээтэй. Эсвэл эсэргээрээ Тагнуулын дарга юм уу, дэд дарга байсан хүн АТГ руу очдог. 2012 оноос хойш бид ийм л жүжиг үзлээ. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болсноос хойш тувт ийм юм болж ирлээ...

Сүүлдээ арга бараад албан тушаалын томилгоонд хүртэл АТГ оролцдог болчихжээ. Энэ ямар хууль дүрэм гээч вэ... 1998 онд УИХ ажлын хэсэг гаргаж тагнуулын ерөнхий газрыг шалгаж байсан жишиг бий. С.Зориг агсан тэр ажлын хэсэгт орж байсан юм. Өнөөдөр УИХ-д шударга гишүүд байдаг бол, ёс суртахуун байдаг бол үүнд өөрсдийн санал санаачилгыг гаргаасай хэмээн санал дэвшүүлж ярьсан байна.

Б.Баярмаа

Эх сурвалж: www.breakingnews.mn