УИХ-ын 22 дугаар тойрог болох Баянзүрх Налайх дүүрэг хамгийн олон сонгогчтой, өрсөлдөгчтэй. Улстөрчдийн хувьд үхлийн тойрог гэж хэлж болно. Сонгуулийн жил бүр энэ тойргоос хэний ч санаанд ороогүй сонголт, шийдвэр гардаг. 2012 оны сонгуулиар МАН-ын намаас нэр дэвшсэн Д.Арвин сонгуульд ялалт байгуулсан ч парламентын танхимд орж ирэхдээ АН-ын бүлгийн талд сууж АН-ын нэрийн өмнөөс тангараг өргөсөн. Үүнийг намдаа гомдсон гэх шалтгаанаар тайлбарласан юм. МАН-аас нэр дэвшсэн Баянзүрх дүүргийн засаг дарга Б.Батзориг, Нийслэлийн засаг даргын орлогч Б.Мөнхбаатар нар нийслэлчүүдийнхээ дэмжлэгийг авч чадаагүй юм. Өнөөдрийн парламентын өнгийг харахад Баянзрх Налайх дүүрэг цэнхэр тойрог болчихоод байна. Мөн сүүлийн үед хийсэн судалгаагаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Саранчимэг, Б.Батзориг нарын рейтинг харьцангуй өндөр харагдаж байгаа.

 

Ямар боловч үхлийн гэгдэх Баянзүрх Налайх дүүрэгт АН-аас УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганхуяг, Засаг дарга Д.Пүрэвдаваа нар нэр дэвшихээр яригдаж байна. УИХ-ын гишүүн Д.Арвин намын жагсаалтад багтахаар яригдаж байгаа сурагтай. МАН-аас засаг дарга асан Б.Батзориг, Нийслэлийн засаг даргын орлогч асан Б.Мөнхбаатар нар даагаа нэхэх бол НИТХ-ын төлөөлөгч Б.Саранчимэг, Б.Төмөрчулуун нар мөн энэ тойргийг онилсон нэр дэвшихээр горилж байна. Тэдэнтэй хамт УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын нэр ч яригдаж байна. Гурван мандаттай тойрогт аль гурав нь тунаж үлдэх нь тун удахгүй тодорхой болно.

 

ИЗНН-ын хувьд АН-тай нэгдэх болж байгаа. Уг намаас энэ тойрогт хүчтэй өрсөлдөх улстөрч байхгүй болохоор ИЗНН-ын төлөөлөл өрсөлдөгчдийн жагсаалтаас хасагдаж байна. Харин байгуулагдаад удаагүй нэг ч сонгуулийн марафонд уралдаагүй атлаа дотроо хагаралдаж намын жагсаалтаа наймаалцсан гэх хэл аманд өртөн хоёр хуваагдаад байгаа ХҮН-аас өрсөлдөхөөр зарим нэг хүний нэр яригдаж байна. Хамгийн магадлалтай нь тус намын анхны дарга С.Боргил тэргүүтэй улстөрчид өрсөлдөх бололтой. Намын өрсөлдөгч нараас гадна 2-3 бие даан нэр дэвшигч өрсөлдөхөөр битүүхэн бэлдэж явна. Тухайлбал, Говийн хөгжлийг дэмжих төрийн байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөл А.Эрдэнэбаяр, олон хэлтэй гэгдэх Арга багш, Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан нарын нэр дуулдаж байна.

 

Улстөрийн намуудын хувьд тухайн тойрогт ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчээ тодруулахаар нарийн шүүлтүүрээр оруулж байгаа. Үүнд тунаж үлдэх гэж улстөрчид бүхий уран мэх, хэтэвчний нимгэн зузаанаа үзэж байна. УИХ-ын 22 дугаар тойргийн нэр дэвшигчийн урьдчилсан таамгийг харахад улстөрд ороод удсан ч сайн нэр багахан сонссон, шар хэвлэлийн бай болсон нөхдүүд бас байна.

 

Хамгийн үрэлгэн, зодоонч гэгдэх засаг ноён

2012 оны сонгуулийн дараа Д.Пүрэвдаваа гэдэг нэр хэвлэлийн хуудаснаас салахаа больсон. Анх Нийслэлийн засаг даргын орлогчоор томилогдсон, удалгүй Баянзүрх дүүргийн засаг болов. Ажлаа авангуутаа хороодын засаг дарга нарыг ажлаа өгөхийг шаардаж багаа бүрдүүлэх болсон гэдэг дуулиан хэвлэлээр цацагдсан. Ямар ч шалтгаангүйгээр ажлаа өг гэдэг тулган шаардлагад орсон засаг дарга нар хэвлэлд хандаж, шүүхэд, АТГ-т хүртэл гомдлоо гаргаж байв. Мөн ажлаа авсныхаа дараа гурван орлогч даргатай ажиллах болов. Үүнийгээ тайлбарлахдаа харин ч бага байна. Бүр найман орлогчтой ажилламаар байна гэж пээдийсэн хүн. Засаг даргын ажлаа авангуутаа өмнөх даргын унаж байсан соната машин, хуучин ширээ сандлыг голж Лексус 470 авч унаад анхны шүүмжлэлээ хүртсэн. 60 саяар машин авч, 18 саяар оройн зоог барьдаг хамгийн үрэлгэн засаг ноён болж орхив.

 

Ер нь ширүүхэн зантай болж өгвөл эр эм ялгахгүй нударга зөрүүлчих гээд байдаг зуршилтай бололтой. Учир нь байж байгаад л зодоон цохионы дуулиан дэгдээнэ. Сүүлдээ жирэмсэн эмэгтэй хүн зодсон гэх хэрэгт унах дөхөөд байгаа. За тэгээд хурлыг бол ёстой овгор хийнэ. Бүгдийг нь загинана, чичлэнэ. Үүнийг нь баримтжуулж ажилчдаас нь хурлын бичлэгийг хийж цахим ертөнцөд байршуулснаар илчилсэн. Ойр ойрхон дуулианы эзэн болдог тэрээр сонгууль болох 4 сарын хугацаанд дахин хэдэн ч удаа сенсааци дэгдээж мэднэ. Өнгөрсөн хугацаанд түүн шиг муугаа олон дуудуулан засаг ноён байхгүй. Улстөрд орсон түүх нь ахархан тэрээр шууд шат ахин УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр зэхэж суугаа. УИХ-ын гишүүний суудал дүүргийн засаг даргын суудлаас амархан хүртэх сэнтий гэж харсан бололтой. Байн байн дүүргийнхээ нэрийг дуудуулан хэл ам таталж чих халууцуулдаг засаг ноёндоо баянзүрхчүүд итгэл үзүүлэх эсэх бүрхэг.

 

Парламентын “гудамжны улстөрч”

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн сонгуулиар хамгийн өндөр саналыг авсан. Иргэний нийгмийн төлөөлөл хэмээн нэрлэгдэж явсан түүнд баянзүрхчүүд нэг удаа итгэсэн. Хоёр дахь удаагаа итгэл өгөх нь тодорхой бус. Уг нь түүнийг тойргоо ойр ойрхон эргэж тойрдог гэдэг ч барьцтай хийчихсэн зүйл хомстой. Ам ажил нь зөрдөг түшээ гээд нэрлэчихсэн хэсэг ч байна. Энэ нь улстөр үйл хэрэгт нь илэрдэг. АН-ын гишүүн ч намынхаа бодлого, гүйцэтгэх засаглалд байнга шүүмжлэл дайдаг. Ганцаарчилсан улстөр хийх сонирхолтой нь бие даагчидтай төстэй. Аливаа асуудлыг үргэлж нөгөө талаас нь харж шүүмжилж байгааг нь харахаар АН-ын гишүүн мөн билүү гэж боддог хэмээн намын зарим нөхөд нь хэлж байсан. Харин Ж.Батзандангийн хувьд бие даагчдын рейтингээ өсгөж буй сөрөг байр суурийг хараад энэ тактикийг хэрэглэж байхыг үгүйсгэхгүй.

 

Үүнээсээ болж намын нөхөдтэйгээ таарамж муутай яваа. Мэдээж сонгуулийн хугацаа ойртсон үед намаасаа дэмжлэг авахгүй бол улстөрийн карьер нь дуусна. Тиймээс УИХ-ын чуулганы танхимд сөрөг хүчин рүү хурц үгээр дайралт хийж оноо авахыг хүсдэг. Саяхан л гэхэд “МАН алуурчдын нам. Алуурчдын намаар монголын төр дутахгүй” хэмээн бахирсан. МАН-ын бүлгийн гишүүд хэлсэн үгнийхээ төлөө уучлал гуйхыг шаардсан. Эндээс харахад ганцаарчилсан тоглолт буюу би гэх нэг хүний дүрийг өнөөдрийг хүртэл бүтээж явна.

 

Иргэний хөдөлгөөний намыг байгуулалцан даргаар нь ажиллаж байхдаа парламентад суудал авч чадахгүйгээ мэдэнгүүтээ АН-ыг бараадсан. Энэ нь зөвхөн өөрт нь хамгийн ашигтай байсан гэдэг нь өнөөдрийн УИХ-ын гишүүний суудал юм. Хэдийгээр улстөрд хөл тавиад парламентын гишүүн болоод 4 жилийг үдсэн ч “гудамжны улстөрч” гэх нэрээсээ салж чадаагүй л явна.

 

2008 оны сонгуулийн дараа 7 дугаар сарын 1-ний үймээнийг зохион байгуулж, олон түмнийг үймээнд уриалан дуудсан гэдгээр буруутгагдан “Ганц худаг”-ийн шоронд өлсгөлөн зарлаж байсан. Тэр үед өөрийн өмгөөлөгчөөрөө төрсөн эгч Ж.Баттуяагаа авч байсан гэдэг. Гудамжинд жагсаж, баригдаж хоригдож юм юм үзсэн тэрээр дахин сонгогдохгүй бол дахин гудамжинд жагсахгүй гэх баталгаа байхгүй.

 

Хөшөөгөөр мэргэшсэн экс ноён

МАН-аас хоёр дахь удаагаар илгээлт аван Баянзүрх Налайх дүүрэгт нэр дэвшихээр болж байгаа Б.Батзориг чихээ мушгиулах зүйл ихтэй нэгэн.

 

Дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа цэцэрлэг, сургууль, эмнэлэг, төрөхийн байр хамгийн их асуудал дагуулдаг, дутагдалтай байхад тэрбум, тэрбумаар нь хөшөө дурсгал босгосон , Цэвэр агаар сангийн мөнгө шамшигдуулсан гэх олон дуулианд нэр холбогдсон. Мөн намын нөхөд нь сүйхээтэйгээс илүүтэй залжин эр гэж ярьдаг. Дүүргийн засаг дарга байхдаа хэвлэлээр хамгийн их бааллуулсан нь. Тухайлбал, Б.Батзориг Баянзүрх дүүрэгт хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалт бий гэж өөрийгөө магтдаг ч үнэндээ хот тохижуулах төсвөөр гурван хөшөө, нэг цэцэрлэгт хүрээлэн бариулснаас цаашгүй. Харин түүнд зарцуулсан мөнгө гэвэл тоймгүй их. Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг 2011 оны ажлын тайландаа дүүрэгтээ 70 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийснээ мэдэгдэж байсан. Тухайн үед тус дүүргийн хэмжээнд таван өрхийн эмнэлэг, дөрвөн ч хүүхдийн цэцэрлэг дутагдалтай байхад овжин Засаг дарга түүнийг үл хайхран хөшөө барьж байв. Уг нь цэцэрлэг, сургуулийн урьдчилгаа болгож өрхийн эмнэлэг барихад 200, цэцэрлэгт зориулж 500-600 сая төгрөгийг улсын төсвөөс суулгаж өгчээ. Харамсалтай нь дээрх мөнгө өөр бусад төсвийн мөнгөтэй нийлээд дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, Сансар, Амгалангийн аюулгүйн тойрог дээрх том нохой, эвтэй дөрвөн амьтны хөшөөнд зарцуулагдсан. Засаг дарга Б.Батзориг хөшөөнүүдийг тус бүр нэг тэрбум төгрөгөөр босгосон тухайгаа ажлын тайландаа тусгасан байна.

 

Түүний тооцоогоор нэг хөшөө нэг тэрбум төгрөг гэж байгаа. Гэтэл бодит байдал дээр нэг хөшөө 200 сая төгрөгт элбэг багтах байсан гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан удаатай. Ийн нэг биш нэлээд хэдэн хөшөөг бөөндөж бариулсны цаана хувийн ашиг сонирхол байсныг илтгэх мэт.

 

Бас нэг асуудал нь Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн мөнгийг мөн л Б.Батзориг ил далд байдлаар авсан гээд түүнтэй холбоотой мөнгөний асуудал тасардаггүй. Тодруулбал, Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн мөнгийг БЗД-ийн Засаг дарга асан Б.Батзориг, мөн хороодын засаг дарга нар, “Хас” банкны зарим хүмүүс, хувийн компанийн удирдлагууд, “Сэлбэ дулаан” ХХК-ын захирал Н.Мөнхтогтох нарыг хоорондоо хуйвалдаж, төсвийн хөрөнгөнөөс мөнгө завшсан байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж байсан. Харин шалгалтын ажиллагаа дуусч, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.Мянганы сорилтын сан нь олон салбарт төсөл хэрэгжүүлж байгаа. Түүний нэг нь “Агаарын бохирдлыг бууруулах” төсөл. Энэ байгууллага МУ-д төсөл хэрэгжүүлж эхэлсэнээсээ хойш нийт 47,5 сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлсэн байдаг. Цэвэр агаар төслийн хүрээнд Улаанбаатар хотод оршин сууж байгаа эмзэг давхаргын өрхүүдэд гэрийн дулаалга, дээвэр, туурга, дулаалгаар хангах төслийг хэрэгжүүлдэг юм.БЗД-ийн хороонд оршин сууж буй иргэдийн үнэмлэхийг хэсгийн ахлагч нараар дамжуулан хүмүүсийн иргэний үнэмлэхийг бүгдийг нь хурааж авчээ. Тэгээд хурааж авсан иргэний үнэмлэхээ хувилж, хуулбарыг нь аваад хуулбараараа дамжуулан хуурамч баримт бүрдүүлэх замаар “Сэлбэ дулаан” ХХК-д өгсөн байдаг аж. “Сэлбэ дулаан” ХХК нь Хас банкаар дамжуулж, Мянганы сорилын сангаас ихээхэн хэмжээний мөнгө авсан байна. Тэр нь эмзэг давхаргын айлуудад хүрээгүй, тодорхой албан тушаалтан эрх мэдэлтэй хүмүүсийн үгсэн авсан хэмээн шалгагдаж байсан.

 

Уг нь нийслэлийн хамгийн их гэр хороолол, ядуурал ихтэй дүүргийг Засаг дарга Б.Батзориг хөл дээр нь босгох өчнөөн боломж байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч тэрээр олон тэрбумаар нь хөшөөнд хөрөнгө оруулалт хийхээс өөрөөр гавьтай нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй. Ядаж нэг ч орон сууцны хорооллын эхлэлийг тавиагүйд нь баянзүрхчүүд одоо хэр нь гомдож ярьдаг юм билээ.

 

Б.Санчир

 

 

 

 




Эх сурвалж: TIMES.MN