Арилжааны банкуудын “биеийн байдал” хүндэрч эхлэв. Өнгөрсөн оны эцсээр чанаргүй зээлийн хэмжээ 7.6 хувьтай гарсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өн дөр үзүүлэлт болж байна. Энэ оны эхний сард арилжааны банкууд анх удаа алдагдалтай гарчээ. Дээрх үзүүлэлт нь сүүлийн жилүүдэд байгаагүй түүхэн доод төвшин юм. Бүтэн жилийн ажлыг ганцхан сарын үзүүлэлтээр хэмжих нь өрөөсгөл хэдий ч банкны систем бүхэлдээ эрсдэлд орж эхэлсэн гэдэг нь энэ баримтаар илэрч байгаа юм. Зөвхөн энэ жишээгээр дотоодын эдийн засгийн өнөөгийн байдалд ч хялбархан дүгнэлт хийж болохоор байна. Эдийн засгийн хямралын энэ үед ганцаараа тогтвортой байгаад байх салбар гэж байхгүй нь ойлгомжтой. Тий мээс л жил бүр ашигтай ажил ладаг арилжааны бан кууд хүртэл эдийн засгийн хүнд үед алдагдал хүлээж эхэл сэн нь энэ юм. Энэ талаар Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч О.Орхон “Нэг-дүгээр сарын үйл ажил лагааны байдал бол бан куудын бүтэн жилийн үр дүн биш. Тиймээс энэ талаар дүг нэлт хийх нь эрт байна.

 

Нөгөө талаар улсын эдийн засаг удаашралтай, ямар ч өсөлтгүй байгаа нь банкуудын үйл ажиллагаанд шууд нөлөөлж байна. Харин системийн хэмжээнд хүндрэл гараад дампуурах гээд байгаа зүйл одоохондоо алга” гэж ярив. Мөн энэ үзүүлэлттэй зэрэгцэн эдийн засгийн толь болсон ам.долларын ханш гэрлийн хурдаар өсч байна. Нэгийн тоотой ногоон мөнгө 2041 төгрөгтэй тэнцэж, ганцхан сарын дотор төгрөгийн ханш 50 орчим төгрөгөөр суларлаа. Ажилгүй иргэдийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэж, тэтгэврийн зээлгүй ахмад настан үлдэхгүй болтлоо байдал хүндэрлээ. Манай улс угтаа Төсвийн тогтвортой байдлын хууль буюу төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж 2013 оноос нь мөрдөж эхэлсэн байдаг. Мөн Монгол Улсын гадаад өр ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх таазыг хуулиар тогтоосон. Гэтэл өдгөө улсын төсвийн алдагдал нь хоёр биш таван хувь, гадаад өрийн тааз 40 биш 60 гаруй хувьд хүрээд байгаа. Юунд зарцуулахаа шийдээгүй атлаа Засгийн газар том том бонд гаргаж, гадаадын хөрөнгийн зах зээлээс 2.3 тэрбум доллар зээлж, хүүд нь сард зургаан сая доллар, жилд 70 гаруй сая ам.доллар төлж байна. Энэ бүхний эцэст өрийг өр тавьж төлөхөөс өөр боломж үлдээгүй тухай эдийн засагчид ээлж дараалан дуугарах болов. Тухайлбал, “Өргүй Монгол” төрийн бус байгууллагын тэргүүн, эдийн засагч Ч.Энхбат “Ирэх оны сүүлийн сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлөх болно. 2018 оны нэгдүгээр сард “Чингис” бондын 500 сая ам.долларыг төлнө. Үүний дээр хувийн хэвшлийн өр гарч ирнэ. Төсөв дийлэхгүй. Монгол Улсын нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөр сүүлийн дөрвөн жилд 26 дахин нэмэгдэж, 950 тэрбум төгрөгт хүрээд байгаа. Төсвийн гол орлого бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уначихсан байдаг. Дээрээс нь валютын нөөцөө шавхчихсан. Улсын зээлжих зэрэглэл 2012 оноос хойш 3-4 шатлал буурчихсан байгаа ийм үед өр тавьж л зээлээ төлнө. Өөр боломж байхгүй” хэмээн ярьсан. Мөн түүнтэй ижил байр суурийг олон улс судлаач, эдийн засагч Х.Батсуурь хэлж буй. Маш товчхондоо эдийн засаг эргэж хэзээ сэргэх нь тодорхойгүй хийгээд байдал улам хүндэрсэн энэ цаг үед “Эдийн засаг, Эдийн засаг” гэсэн үгийг тарни мэт давтан байж, Ерөнхий сайдын тамга гардсан Ч.Сайханбилэг анир чимээгүй аж төрж байна. Ийм л учраас бидний хамгийн сайн мэдэх мэдээлэлд түшиглэн түүнээс хариулт нэхэхийг санаархвал...

 

ДУБАЙН ГЭРЭЭ БА АМ.ДОЛЛАРЫН ХАНШ

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д хийсэн айлчлалаас аяны богц дүүрэн ирсэн талаар мэдээлэл түгээхээр шууд л нисэх буудал дээр хэвлэлийнхнийг дуудсан. Удаан хүлээсэн Оюутолгойн далд уурхайг ажиллуулах төлөвлөгөөнд Дубай хотноо гарын үсэг зурсан талаараа тэрбээр “Энэхүү төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Засгийн газ рын болон Худалдаа хөгжлийн банкны бондын хүү огцом өссөн. Бид сүүлийн гурван жилийн хугацаанд үүнийг хүссэн. Одоо Оюу толгой хөдөлж, үр дүн нь гарч эхэллээ. Ер нь 4.2 тэрбум ам.долларыг дэлхийн томоохон 14 банкнаас босгох ёстой. Эдгээр байгууллагын дийлэнх нь хөрөнгө оруулалт хийхэд боломжтой гэдгээ илэрхийлсэн. Энэ хэрээр ам.долларын ханш буурна” хэмээсэн. Түүний мэдээллийн дараа бизнесийн орчинд түр хугацааны саатал үүсэв. Гэтэл бодит байдал дээр ийм үр дүн гарсангүй. Тодруулбал, Ерөнхий сайдын энэ мэдээллээс хойш ам.долларын ханш төгрөгийн эсрэг 80 гаруй төгрөгөөр чангарчээ. Төгрөгийн ханш түүхэн доод цэгээсээ ч бүр нам дор цэгт хүрсэн нь хөрөнгийн хомсдол, итгэлцлээс үүдэлтэй. Товчхондоо, “Шийдлийн” хэмээн өөрсдийгөө өхөөрдсөн Засгийн газар өнгөрсөн хугацаанд ард түмэнд ашигтай шийдвэр гаргасангүй. Уг нь, тэрбээр энэ үеэр “Бид найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж чадлаа” гэж ам бардам өгүүлж байв.

 

МАЛЧДЫН ЗЭЭЛ БА ЕРӨНХИЙ САЙДЫН МЭДЭЭЛЭЛ

 

Ерөнхий сайд хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн зөв хослол дээр суурилсан өрийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгох тухай ярьсан. Энгийнээр бол зээлийн хүүг буулгах боломжтой гэдгийг тэрбээр уламжлалт баярын өмнө дуулгасан. Малчны зээлийг нэг оронтой тоонд хүртэл бууруулах тухай ч ярьсан. Түүний мэдээллээс шалтгаалж, малчдын дунд одоо хүртэл хүлээлт үүссэн хэвээр. Тэр хэрээр байдал улам хүндэрсэн дүр зурагтай. Түүний төсөөлөл санаагаар нь болсонгүй. Гэвч гол алдахаар тал алддаг үлгэрээр жилийн 30 орчим хувьтай байсан малчны зээлийн хүүг Төрийн мэдэлд байдаг банкаараа дамжуулан хүч хэрэглэн 18 хувьтай болгож дөнгөлөө. Одоогоор малчдад Хаан, ХАС, Төрийн банкнаас зээл олгож буй. Арилжааны хоёр банк энэ төрлийн зээлийнхээ хүүг буулгах ямар ч бодолгүй байгаагаа хэлж байна. Тэдний хувьд төртэй давхар өрсөлддөг учир уян хатан нөхцөл санал болгох тухай ярьж эхэлсэн. Тухайлбал, Хаан банк тодорхой шаардлага хангасан цөөн малчинд 18 хувийн хүүтэй зээл олгох бололцоотой тухай мэдэгдсэн. Тэгвэл Хаан банкны гүйцэтгэх захирал Норихито Като “Хаан банкнаас малчдын зээлийн хүүг өнгөрсөн сарын 26-нд хэлэлцсэн. Үүний үндсэн дээр тодорхой шаардлага хангасан малчдад 18 хувийн хүүтэй зээл авах боломжийг бий болгосон. Одоогоор ердийн зээл 25 хувийн хүүтэй байгаа. Манай банкны хувьд малчны зээлээ бүхэлд нь 18 хувь болон түүнээс бага хувь руу шилжүүлэх боломжгүй” гэсэн мэдээлэл өгсөн. Арилжааны банкуудын бусад удирдлага ч “Малчдын зээлийн эх үүсвэр гэж байхгүй. Тэдэнд олгож буй зээл бол цэвэр банкны эх үүсвэр. Тийм учир зээлийн хүү буурах боломжгүй” гэдэгт үндсэндээ санал нэгджээ. Энэ байдлаас үзэхэд эдийн засгийг аварч, иргэдээ бага хүүтэй зээлээр хангахаар амласан Ерөнхий сайд маань арилжааны банкуудтай тохироогүй, тэдний нөхцөл байдлыг судлаагүй байж, ам гарсан болж таарч байна. Дашрамд дуулгахад улсын хэмжээнд 153 мянган малчин өрх байдгаас 120 мянган нь арилжааны банкнаас малчны зээл авчээ. Малчдын зээлийн нийт дүн нь 222.7 тэрбум төгрөг байдгаас Төрийн банкинд 40.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 17.411 харилцагч, үлдсэн 103 мянга орчим малчин өрх 180 тэрбум төгрөгийг Хаан, ХАС банкнаас зээлээр авчээ. Гэтэл сүүлийн жилүүдэд малын тоо толгой тогтмол өссөн дүн мэдээ бий. Өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд 55.9 сая мал тоолсон. Гэвч мал өсөхийн хэрээр малчдын орлого буурсан нь сонин гэхэд багадмаар дүр зураг сүүлийн жилүүдэд үүсэв. Тэдний энэ байдлыг Ерөнхий сайд нь хүртэл ашиглаж, улстөр хийдэг жишиг нь байдлыг улам хүндрүүлсээр байна.

 

Д.Булган