Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хороонд байрлах “Нэхмэлийн шар” байрныханд ямар хүндрэл учрав. Ерөнхийдөө ямар үйл явц өрнөж байгааг уншигч та бүхэн сайн мэдэж байгаа байх. Нийслэлийн холбогдох албаныхан хяналт шалгалт хийж насжилт өндөртэй, хүн амьдрах боломжгүй, нурах аюултай барилгуудыг нэрлэсэн. Эдгээр барилгуудын нэг нь бидний хэлж заншсан “Нэхмэлийн шар” нэртэй 2, 3 давхар барилгууд юм.

Дахин төлөвлөлтөнд орохоор тусгагдсан эдгээр барилгын тендэрт шалгарсан “Фүжи холдинг” ББСБ, “Рендер Бау” ХХК, “Нутгийн буянт” ХХК, “Эфэс” констракшн комданиуд шалгарсан ч өнөөдрийг хүртэл амласан ажил нь амьдрал дээр хэрэгжээгүй байгаа.

Барилгын ажил бараг эхлээгүй байгаа нь иргэдийг бухимдуулж тендерт ялсан компаниудыг солих хүсэлтээ илэрхийлээд байгаа.

Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Болд, ХУД-ын удирдлагууд, төсөл хэрэгүүлж байгаа барилгын компаниуд оршин суугчидтай уулзалт хийж, барилгын ажлын явж, ажил зогссон шалтгаан болон тулгамдаж байгаа асуудлаа ярилцлаа. Иргэдийн зүгээс барилгын компаниудад итгэх итгэлгүй болсон, тендерийг цуцлаж дараагийн компанид төсөл хэрэгжүүлэх эрх өгөхийг шаардаж байсан ч компаниуд барилгын ажил удааширч байгаа шалтгаанаа тайлбарласны дараа байдал намжсан юм.

"Фүжи холдинг" ХХК-ийн төсөл хариуцсан захирал Д.Ганболд “Нийт 234 айлаас 200 орчимтой нь гурван талт гэрээ байгуулчихсан барилгын ажил эхлэхэд бэлэн болсон. Өөр нэг шалтгаан нь дэд бүтцийн асуудал. Дэд бүтцийн асуудлыг нийслэлээс 100 хувь шийдэж өгөх ёстой. Өнгөрсөн жил төсөвт тусгаагүй байсан учраас ажил хийгдээгүй. Харин энэ жил нийслэлийн төсөвт дэд бүтцийг шийдэх төсөв батлагдсан учраас ирэх 4 сараас эхний ээлжийн барилгуудаа буулгана. Эхний ээлжинд 5-р байрны айлуудыг нүүлгэж барилгын ажлаа эхлүүлнэ, дараа нь 11 16 10 байрнуудыг дэс дараагаар буулгана” гэсэн юм.

Сонсголын үеэр хэзээ мөдгүй нурах аюултай нэхмэлийн шарынхны хувьд хугацаа алдана гэдэг тун аюултайг холбогдох албаныханд сануулж байсан юм. Түүнчлэн барилгын ажлыг 2016 оны дөрөвдүгээр сарын 01-ны өдөр гэхэд эхлээгүй тохиолдолд барилгын ажил гүйцэтгэгч компаниудыг солихоор санал нэгдсэн тухайгаа мэдэгдсэн юм.