Хэдхэн хоногийн дараа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Монголчууд эл өдрийг эмэгтэйчүүдийн баяр, эхчүүдийн баяр хэмээн өргөнөөр тэмдэглэж ирсэн. Сүүлийн жилүүдэд иргэдийн амьдрал дэвжин дээшлэхийн хэрээр эхийгээ, эхнэрээ баярлуулахын төлөө эрчүүд маань чадлынхаа хэрээр гүйж буй. Энэ сайн хэрэг. Яагаад хүний хорвоод тээж төрүүлсэн эхийгээ магнайг нь хагартал баярлуулж болохгүй гэж.

Харамсалтай нь хүний хүүгийн эхийгээ гэсэн сайхан сэтгэлийг нь төрийн бус байгууллагууд мөнгө болгоод харчих юм аа. Эмэгтэйчүүдийн баяр ойртохоор олон хүүхэд тээж төрүүлсэн, үр хүүхэд нь
сайн сайхан яваа айлын хүүхдүүд рүү утас цохин тийм ч төрийн бус байгууллагаас ярьж байна.

Таны утсыг хорооноос тань өглөө. Манай байгууллага ээжийг тань тийм алдарт эхээр тодруулж байгаа юм. Тиймээс та манай байгууллагын төдөн тоот дансанд тийм төгрөг хийнэ үү. Үүнд ийм ийм
зүйл багтаж байгаа гэхчилэн толгой эргэж уярам сайхан үгийг донгодож гарахыг яана. Эхийгээ баярлуулах учраас олохгүй явсан хүүхдүүдэд эл мэдээлэл од шүүрэхтэй адил явдал болж, өнөөх нэхсэн мөнгийг нь тэр дор нь шилжүүлж орхисноор асуудал шийдэгдэж орхидог. Тэгээд л баярынх нь өдөр сүр дуулиантайгаар өнцөг нь халцарсан байж ч мэдэх алтаншаргал жаазтай өргөмжлөлүүдийг нэр усыг нь дуудаж байгаад л гардуулж өгнө дөө, хөөрхий.

Түм бужигнасан, хөлс үнэртсэн жижигхэн зааланд голдуу зохион байгуулагдах өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаанд эхийгээ ганцааранг нь явуулалтай биш хүүхдүүд нь ач зээд нь амьд цэцгийн баглаа бариулан олон дээр олон болж бужигнаж гарна. Үйл явдал ингэсхийгээд өндөрлөж, гэрийн хоймор, орон сууцны өрөөний хананд өнөөх өргөмжлөл өлгөгдсөнөөр эхийгээ баярлуулчихаж байгаа юм, ерөнхийдөө.

Энэ бүхнийг дурьдахын учир юу гэвээс үнэ цэнэгүй, мөнгөөр худалдаж авсан өргөмжлөлөөр эхийгээ баярлуулж буй нэрээр өөрийгөө хуурснаас тэр мөнгөөр өөрт нь наалдахуйц зүйл худалдан авч өгөх эсвэл хөгшчүүдийн сэтгэлд мөнхийн мөрөөдөл нь болсон
Утай гүмбэнд нь мөргүүлчихвэл дээр ч байж мэднэ. Бас зарим нь болсон, болоогүй ам барьж дуулдаг дуучдын концерт үзүүлэх нэрээр өөрсдөө сугалгаанд аз таарч магад хэмээн горилон суух үр хүүхэд ч бас байх юм аа. Үнэндээ эхийн сэтгэл өчүүхэн зүйлд магнай тэнийн баярладаг өчүүхэн бодь гал бөлгөө. Чин үнэнээсээ баярлуулъя хэмээвэл хүү, охин нь болж төрсөн та их ажлаасаа хөндийрч, зав гаргаад нэг л өдөр эхийнхээ дэргэд өнжчих.

Гал тогоог нь барьж өгөөд сэтгэлийг нь онгойтол хууч хөөрөлдөхөд л магнайн үрчлээс нь нэгээр тэнийх вий, тэдний. Бид чинь том том ярьж, хааяа нэг духаа үнэрлүүлээд гарахыгаа их юманд боддог өчүүхэн амьтад шүү дээ.
Хорвоод ганцхан заяах ижийд тань үр нь дэргэд байхад л юугаар ч сольшгүй жаргал тэр билээ.Үнэхээр ижийдээ очиж чадахгүй алсад суугаа бол энэ өдөр амар мэндийг нь эрж, зуны дэлгэр цагт зориод очихоо хэлээрэй. Ижий тань орсон гарсанд хүүгээрээ гангарч, сайн сайхан явааг тань түмэнд түгээн жаргах болно оо. Ижийдээ эрхлэхийн жаргалтай өдрүүд хүний орчлонд тун ч чиг цөөхөн байдаг юм шүү.