Төрийн албаны шалгалт гэж жил бүр зохион байгуулагддаг "сүржин” арга хэмжээ бий. Энэ арга хэмжээнээс шалгарч гарч ирсэн хүн төрийн албаны "нөөц”-нд бүртгэгддэг. Нөөцөнд бүртгэгдсэнээр төрийн албанд сул орон тоо гарвал ямар нэгэн шалгалтгүйгээр шууд томилогдох юм.

Гэтэл Төрийн албанд томилогдож, өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа шалгалт өгч албан тушаалаа баталгаажуулсан "явдал” гарчээ. Тодруулбал, сүүлийн үед "Мүүнийн шашинтан” гэж цоллуулаад байгаа Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр албан тушаал эрхэлж байх хугацаандаа төрийн албаны шалгалт өгсөн байгаа юм.

Түүнийг нь "Цэнхэр үст” Э.Цэрэн буюу Э.Цэрэндолгор илрүүлсэн байна. Тодруулбал, Э.Цэрэн Төрийн албаны зөвлөлд "Б.Насанбаярыг Төрийн жинхэнэ албан тушаалтан болохдоо сонгон шалгаруулалтад орсон эсэхийг тодруулж өгнө үү” хэмээн өргөдөл гаргажээ. Түүний хариуд Төрийн албаны зөвлөлөөс " Б.Насанбаяр нь 2015 оны 8 дугаар сарын 25-нд шалгалт өгч 9 дүгээр сарын 4-нөөс одоогийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа” гэсэн хариултыг өгчээ.

Төрийн албаны зөвлөлийн энэ хариултаас Б.Насанбаяр өмнө нь "хууль бус”-аар хоёр жил гаруйн хугацаанд ажиллаж байсан байх нь. Эсвэл заавал төрийн албаны шалгалт өгөлгүйгээр албан тушаал эрхэлж байгаад дараа нь шалгалт өгч болдог юм байна гэж ойлгогдлоо. Энэ талаар Төрийн албаны зөвлөл, БСШУЯ, олон жил хууль зөрчин Төрийн өндөр дээд албан тушаал эрхэлсэн Б.Насанбуян нар албан ёсоор тайлбар өгнө өө гэж найдаж байна.