Өнгөрсөн зургадугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн ногоон бүсийн нутаг дэвсгэр ой, усны сан газарт газар эзэмшилт, ашиглалтын байдлыг тогтоох, хууль зөрчин гаргасан газар эзэмших зөвшөөрлүүдийг цуцлах санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг Монгол Улсын ойн тухай хууль, түүний холбогдох заалтуудыг үндэслэн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд шалгалт хийжээ. Эдгээр дүүргийн  ногоон бүсэд хамрагдах нутаг дэвсгэрийн ойн санд сүүлийн жилүүдэд хууль зөрчин газар олгох, иргэд аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй хашаа, байшин барих зөрчил ихээр гарсан байна. Шалгалтаар ойн болон усны санд хууль зөрчин газар олгосон, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бууж, байшин барилга барьсан, үнэлгээ, дүгнэлт авалгүй гүйцэтгэсэн, мөн ойн санд орох орц, гарцыг хааж хашаа барьсан зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлжээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 2340, Сүхбаатарт 1090, Баянзүрх дүүрэгт 450, Сонгинохайрханд 172, нийтдээ хууль зөрчин олгосон 4052 газар илэрсэн байна. Эдгээр газрын эзэмших зөвшөөрлийг яаралтай цуцлахгүй бол нийслэлийн ногоон бүс, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, ихээхэн хохирол учирч болзошгүй гэдгийг албаныхан хэллээ.

   Нөгөө талаар зуслангийн амуудыг эрх мэдэлтнүүд бүхэлд нь эзэмшиж байгаагаас гадна хяналт шалгалтынхныг очиход том хашаа хатгаж, нохой тавьсан байдалтай байсан гэнэ. Энэ мэтчилэн хөрөнгөтэй хүн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, бүхэл бүтэн нийслэлийн ногоон бүсэд халдаж байгааг нэн яаралтай зохицуулах нөхцөл байдал үүсээд байгааг ондолсон юм. Тиймээс холбогдох хууль, журмыг ноцтой зөрчин олгосон 4052 газрын эзэмших эрхийг цуцалж, цаашид нийслэлийн ногоон бүсэд газар олгохгүй байх, хэрэв газар олгосон тохиолдолд тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай захирамжийг гаргахаар болсон байна.