АНУ болон Канад Улсад ажлын айлчлал хийсэн Сангийн сайд Б.Болор айлчлалынхаа хүрээнд Канад Улсын Сенат (Дээд танхим)-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга ноён Жосеф Дэйтэй уулзаж, Монгол Улсын Засгийн газраас төсөв, санхүүгийн чиглэлд хийсэн шинэчлэл, төсвийн бодлогын талаар мэдээлэл өгч харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр Канад Улсын Сенатын Төсвийн байнгын хорооны дарга Жосеф Дэй Монгол Улсын Засгийн газраас төсөв, санхүүгийн талаар авч хэрэгжүүлсэн уг алхамууд нь сонгуулиас өмнө ялангуяа сонгуулийн жил хийхэд маш хэцүү боловч урт хугацааны тогтвортой байдлыг бүрдүүлэхэд баттай суурь болох зөв бодлого болсон хэмээн дүгнэсэн юм.

Сангийн сайд Б.Болорын зүгээс Монгол Улс уул уурхайн болон эдийн засгийн бусад салбарын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд чадварлаг боловсон хүчин бүрдүүлэх шаардлагатай тул Монголоос Канадад оюутан сургах, хөгжингүй бусад орнуудаас олгодогтой ижил төрлийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал тавьсан бөгөөд Канадын тал энэ чиглэлээр судалж, Хөгжлийн тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой тухайгаа илэрхийлсэн байна.

Тус улсад ажлын айлчлал хийж буй Сангийн сайд Б.Болор Канад Улсын Сангийн дэд сайд ноён Тимоти Сарженттай уулзалт хийж, Монгол Улсын эдийн засгийн хөгжил, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, төсвийн хүрээнд хийсэн өөрчлөлт, шинэчлэлтийн талаар мэдээлэл хийж, харилцан санал солилцсон юм.

Канад Улсын Сангийн дэд сайд Тимоти Саржентт уул уурхайн эдийн засагтай, түүхий эдийн зах зээлээс хамааралтай хөгжиж буй орны хувьд Монгол Улс нь эдийн засгийн сууриа бэхжүүлэх, дархлаагаа сайжруулах, зөв гольдиролд оруулах чиглэлд маш хэцүү боловч шаардлагатай арга хэмжээг зоримог шийдвэрлэн хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэсэн бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцааг уул уурхай төдийгүй хөдөө аж ахуй, банк, даатгал, дэд бүтцийн чиглэлд хөгжүүлэх өргөн боломж байгаа гэдэгт хоёр тал санал нэгдэж, хамтран ажиллахаар тогтсон байна.

Сангийн сайд Б.Болор Монгол Улс баялгийн санг байгуулах хууль баталсантай холбоотойгоор уул уурхайн орлого, баялгийн сангийн менежментийн чиглэлд арвин туршлага хуримтлуулсан Канадаас суралцах, дэмжлэг авч хамтран ажиллах, мөн санхүү, татварын асуудлаар чадавхи бэхжүүлэх хамтын ажиллагааг өрнүүлэх саналыг тавьж, Канадын тал эдгээр чиглэлд туршлагаасаа хуваалцаж, бүхий л талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Мөн Сангийн сайд Б.Болор Канад Улсын Экспортын хөгжлийн корпораци (ЭХК)-ийн ерөнхийлөгч ноён Бэнуо Дэйгү болон албаны бусад удирдлагуудтай уулзалт, зөвлөгөөн хийлээ. Тус корпораци нь “Оюу Толгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтад томоохон санхүүжүүлэгчээр оролцож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшилтэй хэрэгжүүлж ирсэн санхүүгийн хамтын ажиллагаа амжилттай байсныг дурдсан юм.

Хоёр тал цаашид олборлох аж үйлдвэрээс гадна Монголд Канадын технологийг нэвтрүүлэх замаар эдийн засгийн бусад салбар, тэр дотроо хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулж, хоёр хөрш орон руу экспорлох төслүүдийг санхүүжүүлэх боломжийг судлахаар тогтсон бөгөөд Экспортын хөгжлийн корпорацийн зүгээс “Оюу Толгой” төслийн үйлдвэрлэлийг тойрсон нийлүүлэлтийн сүлжээний төсөл, бизнесүүдийг дэмжих чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаа илэрхийлсэн байна.