Монголын боловсролын салбарын тулгын гурван чулууны суурь нь болсон сурган хүмүүжүүлэгч багш нар мэдлэг боловсрол, ур чадвар, ёс зүй гээд бүгдийг цогцлоосон байхыг нийгэм өөрөө байнга шаарддаг. Тиймээс багш нарын хөгжил дэвшлийн төлөө Монголын төр илүү ахицтай ажиллах ёстой гэж “Монголын залуу багш нарын холбоо”- ны зүгээс шаардаж байна. Учир нь багш нарын залуу халааг өндөр төвшинд бэлтгэхийн тулд эхлээд тэдний нийгмийн асуудалд үүсч байгаа бэрхшээлд төр засаг илүү анхаарах ёстой гэж үзэж байгаа аж. Тиймээс залуу багш нар, өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийн тулд нэгджээ.

“Монголын залуу багш нарын холбоо”–ноос “1000 багшийн учрал нэртэй” уулзалтыг нийслэлийн бүх салбар зөвлөлийг хамруулан хоёр дахь удаагаа өчигдөр хийв. Тэд уг уулзалтын үеэр өөрсдийн тулгамдсан асуудлаа ярилцаж, шийдэлд хүрэхээр чуулсан юм.

“Монголын залуу багш нарын холбоо”- ны тэргүүн Н.Учрал 1000 багш нарын өмнө тусгайлан лекц уншиж, тэдний өмнө тулгамдаж буй, цалин хөлс, орон байр зэрэг нийгмийн асуудлаас гадна, багшийн хөгжил дэвшлийн алдаа оноог хамтдаа илэрхийлжээ. Тэрбээр “Багш нараа сонс ий аян аймаг, дүүргүүдэд явагдаж, санал санаачилгад нь тулгуурлаж өнөөдөр тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэх гарцуудыг ярих гэж байна. Багш нарын дунд асар их асуудал байдаг. Нэн тэргүүнд цалин хөлс, нийгмийн асуудал юм. Залуу багш нарын хувьд дунджаар 500 гаруй мянган төгрөгийн цалин авдаг. Энэ мөнгөөрөө орон сууцтай болно гэдэг бол үнэхээр мөрөөдөл тэгэхээр бид нарын хувьд ямар санаачилга гаргаж байгаа гэхлээр төрөөс батлан даалт гарган багш нарыг орон сууцанд хамруулах талаар санал санаачилга гаргахыг уриалж байгаа. Түүнчлэн таван жил ажлаад жилийн нэмэгдэл гэж 5000 төгрөг авч байна. Уг 5000 төгрөгөө бодитоор өсөг эсвэл жил харгалзахгүйгээр үр дүнд тулгуурлан цалинг нь өсгө гэсэн бодитой санаачилга гаргахаар чуулж байна. Намуудын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө санаачилж байгаа энэ үед нь 1000 багш гарын үсэг цуглуулан намын дарга нарт багш нарын асуудлыг шийдэж өгөх санаачилга хүргүүлнэ. Цаашид бид олон нийтийн байгууллагатай багш нарын холбоо хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна. Мөрийн хөтөлбөртөө бид нарын асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа нам эвсэлтэй хамтран ажиллахад бэлэн” гэсэн юм.

Уг уулзалтаас гарсан санаачилгыг уриалга болгож одоогийн парламентад суудалтай дөрвөн нам эвслийн дарга нарт хүргүүлэх гэж байгааг мэдэгдлээ. Эцэст нь монголбын багш нарын зүгээс өөрсдийнх нь санал санаачилгыг дэмжиж мөрийн хөтөлбөртөө оруулсан намын төлөө санал өгнө гэдгээ ч илэрхийлээд эхэлжээ.

Т.Буянаа