Цэцэрлэг хүрэлцээгүй байгаа энэ цаг үед цэцэрлэгт явж байгаа хүүхдийн эрх зөрчигдөж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсар байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Онгон сумын хүүхдийн цэцэрлэгийн нэг хүү ангийнхаа хүүхдийг гарыг хоёр хугалж, өөр хүүхдийн хөлийг хугалсан байна. Үүнээс гадна нэг хүүхдийн эгэмийг хугалсан. Хүүхдийн яс хугалсан, хугалуулсан хэн хэн нь цэцэрлэгийн нэг ангийн хүүхдүүд ба ижил насны хүүхдүүд болохоор эцэг эх эхчүүд нь маргаад цагдаа сэргийлэх гэлгүйгээр өнгөрсөн байна.

Хамгийн гол нь энэ хэргийг эцэг эх багш нар юуны учир нууцлав?

Тус сумын засаг дарга Д.Энхбаатар гэгч тэмцээн зохион байгуулж түүндээ оролцоогүй багш ажилчдын цалинг хасч, ажлаас нь хална гэж дарамтласан байна. Тиймээс цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ орхиж тэмцээнд оролцсон байна. Туслах багш ганцаараа 30 гаруй хүүхдийг харж байх үед иргэн н.Дамдингийн 3 настай хүүгийн гарыг 2 хугалж, сумын эмч н.Дэчмаагийн хүүгийн хөлийг, өөр нэг хүүхдийн эгэмийг тус тус хугалсан хэрэг гарсан байна. Харин хүүхдүүдийн гар, хөл, эгэмийг хугалсан хүү Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга Д.Энхбаатарын хүү юм байна. “Аав нь хүүгээ зодож байгаа юм аа” гэж ангийнхаа хүүхэдтэй тоглодог Засаг даргын хүүг боль гэж багш нар нь байнга хэлдэг ч тусыг эс олсны улмаас ийнхүү гурван хүүхэд гэмтсэн байна. Сумынх нь цэцэрлэгт өөрийнх нь хүүгийн гарт хүүхдүүд “зэрэмдэглэгдэж” нус нулимстайгаа холилдон, нойр хоолгүй зовж шаналж байхад засаг дарга Д.Энхбаатар нүдэн балай, чихэн дүлий өнгөрсөн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Үүгээр ч зогсохгүй гэмтсэн хүүхдүүдийн эцэг эхчүүд Улаанбаатар, Баруун-Уртад эмчлүүлэх зардлаа гаргуулахаар засаг дарга Д.Энхбаатарын эхнэртэй уулзахад “Адилхан сахилгагүйчүүд хэн нь хэнийгээ хэлэхэв” гэж тас загнаад өнгөрчээ. Эцэг эхчүүд заргалдах хүсэл байвч засаг даргынхаа өсөрхөн хонзогнодог зангаас эмээж дагжин чичирдэгийг Сүхбаатар аймгийн хууль хяналтынхан мэдээгүй юм уу, мэдсэн ч айсан юм уу өнөөг хүртэл чимээгүй байгаа нь хачирхалтай.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга Д.Энхбаатартай утсаар холбогдоход энэ хэргийн талаар ярихаас илтэд дургүйцэж байсан. Тэрээр: “Нэг хүүхдийн гар хугарсан нь үнэн. Тэр хүүхэд эдгэсэн. Өөр хүүхдийг гэмтээгээгүй” гэдгийг хэлсэн юм.

Өнөөдөр гэмтэл авсан хүүхдүүд бүгдээрээ эдгэсэн. Цэцэрлэгтээ явж байгаа. Гэхдээ хэзээ хэрхэн гэмтэж ирэх нь тодорхойгүй. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр алслагдсан сумдад албан тушаал эрх мэдлээрээ далайлгаж ард түмнээ дарамтанд байлгадгийн нэгэн тод жишээ энэ болжээ. Өглөө эрүүл явсан хүүхэд орой хүнд гэмтээд ирсэн. Хойшид эсэн мэнд ирэх нь эргэлзээтэй энэ суманд хүүхдийн эрхийг хамгаалах хүн байна уу?