Эдийн засгийн хямрал нүүрлэж, иргэдийн амьдрал ахуй доошилсоор байна. Он гарсаар НӨАТ, долларын өсөлт хоёрт иргэд болоод бизнес эрхлэгчид цөхөрч байна.

Иргэдийн нэг хэсэг нь жижиглэнгээр амьдралынхаа хоолыг залгуулж буйг хэн хүнгүй мэднэ. Үүнийг жижиг худалдаа эрхлэгчид хүртэл төрийнхөнд дуугаа хүргэх гээд хэвлэлийн хурал хийх үеэрээ хүртэл онцолж байсан. Хэдэн гр гэдэс дотор, килограмм хүрэхгүй гурил, 100 грамм ургамлын тос, тал талхыг зээлээр авч хүүхдүүдээ өлсгөхгүй голын зогоодог тухай ярьдаг. Даанч хэт баян, ядуугийн ялгааг олгирохуд гаргаад тавьчихсанаа мэддэггүй. Тэд хэзээ ч жижиг дэлгүүрээс граммын тос, гэдэс дотор авч үзээгүй тэгээд тэрэндээ НӨАТ авна гэж байгаа. Тэгвэл тэрхүү жижиг дэлгүүр ашиг олох уу. НӨАТ орсон, ороогүй бараа бүтээгдэхүүний үнийн зөрүү ялгаатай байгааг та бүхэн мэдэх биз ээ. Тухайлбал, сүү НӨАТ нэмэгдээд 2600 төгрөг, нэмэгдээгүй дэлгүүрт 2300 төгрөгөөр худалдаж авах жишээтэй. Тэгэхээр жижиглэнгээр худалдан авалт хийн амиа авч яваа иргэд 300 төгрөгөөр хямд үнэтэйг нь сонгоно. Ингээд тэд үйлчлүүлж болоод байгаа ч нөгөө дэлгүүр бусад үйлчлүүлэгчээ сугалаатай баримт олгодог дэлгүүрт алдаж тухайн дэлгүүр худалдан авагчгүй болж үүдээ барина гэсэн үг. Мөн иргэд дэлгүүрээс худалдан авалт хийхдээ бэлнээр бус зээлээр авдаг гэнэ.

Сугалааны тохирлоор шоу хийн, цаагуураа 5000 гаруй наймаа эрхлэгчдээр дамжуулан иргэдээс татвар авч байгааг бизнес эрхлэгчид хэлэв.

Худалдаа эрхлэгчдийн өрийн хар дэвтэр ч өдрөөс өдөрт зузаарч, зарим зээлсэн бараа нь эргэж ирэхгүй, найдваргүй зээл рүү шилжин, худалдан авагч, худалдагч хоёулаа дампуурлын ирмэгт хүрсэн тухайгаа дуулгалаа. Иргэдийн амьдрал ийм дээрээ тулж, ширхэгийн төмс, граммын тосоор өдрийн хоолоо залгуулж байгаа энэ үед НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дахин нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байгааг Нийтийн эрхийг хамгаалах холбооныхон /НЭХХ/ онцолсон юм.

Нийслэлийн зургаан дүүргийн 8000 орчим худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл амьдралд буухгүй хуулиа эргэн харахыг хүслээ.

Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 18.1.8 заалт жижиг, худалдаа, наймаа бизнес эрхлэгчдэд хүндээр тусч байгаа аж. Энэ хуулинд “хувь хүн” гэсэн гэсэн үг орсноос 100 төгрөгийн ч орлого олсон хэн бүхэн татвар төлөгч болжээ. Үсчин, автобусны эцсийн буудал дагуух жижиг ТҮЦ, гуталчдыг “кассын машин заавал худалдан ав. Аваагүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсооно” хэмээн холбогдох байгууллагуудаас удаа дараа дарамталж, сүрдүүлж эхэлжээ.

Харин кассын машин худалдан авснаар бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээс өөр аргагүйд хүрч, энэ нь иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байгааг учирлав. Баянзүрх дүүргийн худалдаа эрхлэгч Т.Дэлгэр “Бидэнд хоёр хувийг буцаан олгох гээд байгаа юм биш, харин ч биднээс авч байна. Жишээ нь бид атар талхыг үйлдвэрээс 1050 төгрөгөөр авдаг. Харин 10 хувийг нь НӨАТ-д өгөх учир 50 төгрөгийн ашиг харж, зарвал бид алдагдалд орно. Иймээс бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхээс өөр аргагүй байдалд хүрлээ..Харин бараа бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч ард иргэд. Одоо бид памперсыг 850 төгрөгөөр худалдаалж байна. Энэ үнэ магадгүй 1200 болоход хүрээд байна. Бид татварын байцаагч болчихлоо. Эдийн засгийн хямралтай энэ үед иргэдийн нуруун дээр ийн ачаа үүрүүлэх нь эмгэнэлтэй юм” хэмээн өөрийн байр сууриа энэ үеэр илэрхийлсэн юм.

Түүнчлэн 218.1 хөдөлгөөний санаачлагчид болох иргэн Т.Баярхүү, Ц.Шинэбаяр, Г.Ганбат нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд Иргэний хуулийн 218.1-дэх Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг шаардав.

Долларын ханш өсөхийн хэрээр валютын зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд хохирч байна. Өнөөдөр долларын ханш 2050 төгрөгтэй тэнцэх боллоо. Гэтэл гурван жилийн өмнө ч юм уу доллар 1400 төгрөгтэй тэнцэж байх үед валютын зээл авсан аж ахуйн нэгж өнөөдөр асар их хохирол амсч байна. УИХ-аас баталсан дээрх хуулийн заалтаар ийм үед иргэн, аж ахуйн нэгж хохирох ёсгүй. Харамсалтай нь, долларын ханш чинээндээ тултал өсчихөөд байхад уг заалтыг нэг ч удаа хэрэгжүүлсэнгүй иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан уриалга, мөн шаардлага хүргүүлж байна хэмээн тус хөдөлгөөний санаачлагчид онцоллоо.

Тэд шаардлагадаа:

  • УИХ-ын харъяа бүтэц болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкуудын холбоо, Худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоод болон бусад хэрэгтэй төлөөллүүдээс оролцуулсан ажлын хэсгийг УИХ дотроос зохион байгуулж, ам.долларын зээлүүдийг Иргэний хуулийн 218.1 заалтын дагуу төгрөгийн зээлд шилжүүлэх асуудлыг шийдэх.

  • Монголбанк, Монголын банкуудын холбоотой хамтран банк бүрээр олгогдсон ам.долларын зээлийн олгогдсон үеийн төгрөгийн ханшаар тооцсон дундаж шилжүүлэх итгэлцүүл ханшийг тодруулж баталгаажуулах.

  • Ажлын хэсгийн судалж, баталгаажуулсан ханшийн дагуу арилжааны банкуудын ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлж гэрээнүүдийг шинэчлүүлэх.

  • Хэрэгжих шатанд банк бусад сонирхогч этгээдүүдээс янз бүрийн санхүүгийн заль булхай оруулахгүй байхыг хянаж хэрэгжүүлэх.

  • 2015 онд батлагдсан Онцгой албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тогтоосон нэгж ам доллар 1470 төгрөг гэсэн ханшаас ямар ч тохиолдолд ихэсгэхгүй байх.

  • Ажлын хэсгийн явуулах үйл ажиллагааг биечлэн хянаж, долоо хоног бүр ард түмэндээ мэдээлж байх.

 

Дээрх хоёр үйл явдал нь НӨАТ & ДОЛЛАР ард түмнээ цөхрүүлж байгаагийн тод жишээ.

 

Х.Даваа