Сүүлийн үед том том авилга хээл хахуулийн хэргүүдийг хууль хяналтынхан харин ч муу шалгаж байна. Муу гэсний учир нь улстөрчид нь түмний нүдэн дээр түнтийтлээ баяжаад байхад л цөөхөн хэдэн хэргийг илрүүлэн шалгаж бас цөөхөн хэрэг шүүхээр шийдэгдэж ял авдаг. Улстөрчид нь тэрбум тэрбумын хаузтай түнтийтлээ баяжиж, ардууд нь айлын хашаанд шалгүй гэр хөлсөлдөг энэ нийгэмд нэг мода дэлгэрээд байна.

Тэр нь дарга нар хэрэгт холбогдонгуутаа өлсгөлөн зарладаг, өөрийгөө хэлмэгдлээ гэдэг мода юм. Хэрэг хийгээгүй хүнийг хилсээр хэлмэгдүүлдэг тэр цаг өнгөрөө байлгүй дээ. Эсвэл хэвээрээ байгаа юм болов уу. Хэрэв тийм бол тэгж хэлмэгдүүлээд байгаа нөхдүүдийг өөрсдийг нь хариуцлага тооцож, шийтгэх хууль байгаа биз дээ. Дээр нь дарга нар юм уу тэдэнтэй холбоотой хүмүүс л шалгагдаад ирэхээрээ өвдөөд, өлсөөд, өөрийгөө хэлмэгдлээ гэх юм.

Харин өнөө олон ардууд байдаггүй ээ. Жилд манай улсад хэдэн мянган гэмт хэрэг үйлдэгдэж, олон зуун саатуулагдан шалгагдаж, шоронд 5000 гаруй хүн ял эдэлж байна гэсэн тоо байдаг. Тэр хүмүүс адилхан монгол улсын иргэд. Тэдний дунд хэлмэгдлээ гэсэн хүн гардаггүй нь ардууд шударга, дарга нар шоучин гэсэн ойлголт нийгэмд төрүүлээд байна. Эсвэл ардууд угаасаа өлсөж, өвдөж байдаг юм чинь хамаагүй гэдэг юм болов уу? Бас тэднийг худлаа өрөвдөхөөс өмөөрч дуугарах хүн байхгүй. Хэдэн жилийн өмнө нэг хулгайн хэрэгт сэжиглэгдсэн залуу өлсгөлөн зарлана гэсэн чинь хэдэн дарга нар хэвлэлээр зад загнаж байсныг санаж байна. Уг нь хэдэн тэрбумын хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнээс хэдэн төгрөгний хулгайд сэжиглэгдэж байгаа нь хүн ёсны хувьд арай дээр хүн санагдаад байх юм.

Дээр нь дарга тойрсон “далдгарууд” үнэхээр буруугүй юм бол тэрнийгээ нотлоод, тэгээд гэмгүйгээ тогтоолгоод хилсээр хоригдсон байвал шүүхэд бүр олон улсын байгууллагуудад хандаад хууль хяналтын байгууллагаас хохирлоо хэдэн тэрбумаар нь нэхэмжлэх хэрэгтэй шүү дээ. Хэдэн сая доллар нэхэмжлээд авах хэрэгтэй. Үүнийг л шударга ёс гэнэ. Албан тушаал, авилгын хэрэгт холбогдохоороо л айлын эрх хүүхэд хоол идэхгүй гэж өлсөхөөрөө айлгадаг шиг л юм болох юм. Ер нь дарга нар өлсдөг мода улам газар авах шинжтэй. Яахав гахай шиг ууж идсэн юм чинь жоохон турах бол хүний эрүүл мэндэд л хэрэгтэй. Жоохон ухаантай бол дараа улсын хөрөнгийг шамшигдуулж идэхээ болино.

Дээр нь жижигхэн хулгай, зодоон цохион хийсэн залуус 5, 10 жил авч байхад тэдэн шиг өчнөөн олон мянган залуусыг гадаад, дотоодод сургах, ажилтай болгох мөнгийг идэж уусан нөхдүүд тэрнээс бага ял авдаг нь ариун явдал уу? Тэд мэргэжилтэй, боловсролтой бол архи уух мөнгө хайж, айл ухаж, хоорондоо архинаас болж зодолдож нэгнийгээ алах уу?

Эцэст нь нэг л үг хэлье. Өлсвөл өлсөцгөө, битгий маяглацгаа. Ард түмэн угаасаа өлсөж байгаа.

А.Баярмаа