Өнөөдөр “Жолоочийн бүртгэлийн оноо тооцох журам", Жолоочийн эрхийн үнэмлэхний дахин олголт, камерын хяналтаар торгууль оногдуулах болон замын нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.

-Онооны систем хэрэгжиж эхлээд багагүй хугацааг үдлээ. Одоогийн байдлаар хэдэн жолооч оноогоо хасуулаад байна вэ?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 15 224 жолооч оноогоо хасуулаад байна. Тэднээс 10 мянга гаруй нь нийслэлд оноогоо хасуулсан байгаа. Оноогоо хасуулж буй жолооч нарын дийлэнх буюу 12 700 орчим нь хамгаалах бүсний зөрчлөөр оноогоо хасуулсан байна. Бусад нь хүн ба ачаа тээвэрлэх журам, гэрэл дохио зэргийг зөрчсний улмаас оноогоо хасуулсан байна.

-Жолоодох эрхийн 10 оноогоо хасуулсан жолооч хэд байна вэ?

-Одоогийн байдлаар 10 оноогоо хасуулсан жолооч байхгүй. Бүртгэлийн системээс харахад 4 оноотой үлдсэн зургаан жолооч бий.

-Зам тээврийн осол гаргасан тохиолдолд осол гаргасан болон осолд холбогдсон жолоочоос оноо хасч байна гэсэн мэдээлэл байгаа ?

-Ташаа мэдээлэл байна. Зам тээврийн осол гаргасан жолоочоос 5 оноо хасах нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр тухайн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочоос хасна. Харин холбогдогч жолоочоос оноо хасахгүй.

-Осол гаргасан тохиолдолд даатгалын компаниуд ямар үүрэгтэй оролцож байгаа вэ?

-Иргэдийн дунд даатгал авахын тулд цагдаагийн байгууллагын тодорхойлолт хэрэгтэй гэсэн ойлголт бий. Иргэний маргаан гараагүй тохиолдолд цагдаагийн байгууллагын оролцоо байхгүй. Зөвхөн даатгалаараа асуудал шийддэгдэнэ. Даатгалын байгууллага жолоочийн хохирол барагдуулахад цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг шаардах ёсгүй.

-Зөрчлийг хаягаар хүргүүлэхээ больсон уу?

- Камерын системээр тооцсон зөрчлийг гэрийн хаягаар хүргэж байгаа асуудлыг хүчингүй болгосон гэх мэдээлэл сошиал сувгаар тарсан. Энэ бол ташаа мэдээлэл. 2013 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан журам хүчингүй болсон. Учир нь 2015 оны есдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуультай нийцүүлэн хуульзүйн сайдын А188 тоот тушаалаар энэ харилцааг зохицуулж эхэлсэн. Тэгэхээр камерын системээр хариуцлага тооцох журам хэрэгжсэн хэвээрээ байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье.

-Тодруулга өгсөн танд баярлалаа.

А.Баярмаа