Сүүлийн жилүүдэд Монгол улсад хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ өсөн нэмэгдсээр байгаа. Үүнийг сүүлийн хоёр жилд гарсан тоон баримтаас харж болохоор байна. Тодруулбал, Монгол улсын Эрүүгийн хууль заасан хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт

2014 онд 61 хэрэг 213 үйлдэлд 153 хүн

2015 онд 79 хэрэг 201 үйлдэлд 169 хүн

2016 оны нэгдүгээр улирлын байдлаар 25 хэрэг 81 үйлдэлд 46 хүн холбогдон шалгагдаж байна. 25 хэргийн зургаа нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Уг хэрэгт холбогдсон 46 хүний найм нь эмэгтэй хүн байна. Мөн хэрэгт холбогдсон хүмүүсийн 40-50 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 18-35 насныхан байгаа юм байна.

2016 оны эхний улиралд бүртгэгдсэн гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12-оор буюу 92.3 хувиар өссөн байна. 2016 оны эхний улиралд бүртгэгдсэн гэмт үйлдлийг урьд оны мөн үетэй харьцуулахад 1.3 дахин өссөн бөгөөд холбогдогч нь 12 оор буюу 35.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2015 онд 9.8 кг каннабис, 24.51 грамм гашиш, 344,164 грамм мөс тус тус хураагдсан бол энэ оны эхний гурван сарын байдлаар 581,75 грамм каннабис, 56.3 грамм гашиш, 294.97 грамм мөс хураагдсан байна.

Гэмт хэргийн холбогдогч нарыг хүйсээр нь ангилахад сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүүхэд, оюутан залуучууд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдох тохиолдол ихэссэн тул дунд сургуулийн сурагчид болон их дээд сургуулийн оюутан залуучууд дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү явуулах шаардлагатай байна.

Мөн хүүхэд залуусыг хар тамхи, мансууруулах бодисоос сэрэмжлэхийг анхааруулж байна.