Монголын Засгийн газар Ноён уулын Гацууртын ордыг Сентерра гоулдад ашиглуулж хэдхэн долларын ашиг "олно" шулуудчихсан. З.Энхболд, С.Баярцогт, Ч.Сайханбилэг толгойтой АН-ын хахуульд олзлогдсон бүлэг Хүннүгийн хаад ноёдын онгон байрлаж байгаа энэ уулыг шүд зуусаар байгаад Канадуудад өгсөн.

 

Уулаа ухуулахгүй байх эсэхийг Мандалынхан та нар шийд гэж "хошгоруулсан" Ц.Элбэгдорж ч цагаа тулахад уулыг аварч үлдэхийг хүсээгүй. Монголчуудын уул усаар оролдвол гайтахын цондон. Үр удмаараа үгүйрч сүйрэх зовлонд баригдана гэж хэлэлцдэг үнэн гэмээр явдал Ноён уулыг ухах гээд хүрз, зээтүүгээ бэлтгэж, араа шүдээ ирэлчихсэн байгаа Сентерра гоулд компанид болжээ.

 

Сентерра гоулдын охин компани болох Бороо гоулд компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жон Казаковт нүд сохорч магадгүй байгааг монгол ажилтнууд нь ихэд нууцалж байна. Гацууртын ордыг авахаар бид танай төрийнхнийг лоббидож байгаа гэж ярьсан яриа бүхий бичлэг нь сошиалоор цацагдсанаар түүнийг монгол хүн бүр сайн мэдэх болсон. Тэр шинэ оны өмнө Малайзд нүдний хагалгаанд орсон ба эмчилгээ дуусаад онгоцоор гэр лүүгээ нисэх замдаа нүдэнд нь дахин цус харвалт явагдаж хоёр дахь удаагаа хагалгаанд орсон мэдээ байна. Одоо түүний эрүүл мэнд маш муу байгаа ба нүдэнд нь хараа орох эсэх нь тодорхойгүй, хэвтэрт байгаа гэнэ. Мөн ажилдаа эргэж орох нь тодорхойгүй байгаа гэнэ.

 

Ноён уулыг ухах асуудлыг ширүүн хэлэлцэхэд Ноён уулаа хамгаалчих юмсан гэсэн эрдэмтэй нэг нь энэ бол ганц бидний өмч биш, дэлхийн түүх, соёлын үнэт өв. Уулын мөнх цэвдэгийг хөндөж, дэлхий нийтийг хамарсан байгаль орчны хохирол амсах вий гэсэн. Хүмүүс монгол зан заншлаа бодож, эцэг өвгөдийн ясыг өндөлзүүлж болохгүй, Ноён уулаа ухуулвал Монголын заяа гомдоно гэцгээсэн. Аргаа бараад уулыг ухвал хаадын хараал хүрнэ шүү гэж сануулсан. Хэн ч тоогоогүй. Хаадын шарилыг хөндсөн хүн болон түүний үр хүүхэд удмаараа гайтаж, сүйдсэн тохилдол дэлхийд нэг биш гарсан. Ноён уулын хараал Жон Казакоффт хүрсэн байх гэсэн айдас одоо Сентерра гоулдын ажилчдад төрж байгаа байх.

 

Сануулахад эртний Египетийн их эзэн хаан Тутанхамуны шарилыг ухсан хүмүүс амиа хорлож, эсвэл бусдад алуулж, осолд орж, гэнэт өвдөж, зарим нь учир битүүлгээр амиа алдсан гэдэг. Мөн Доголон Төмөр хааны шарилыг Оросууд нээсэн өдөр буюу 1941 оны 6 сарын 22-нд дэлхийн 2-р дайн эхэлж, Гитлер Оросод дайн зарласан зэрэг хачин жигтэй явдлыг энд сануулах ёстой байх.

 

Тиймээс хаадын харгис хараал хөөрхий Жон Казаков болон бусдад нь ирсэн байхыг үгүйсгэх аргагүй. Одоо Ноён уулын лицензийг хууль бусаар авсан асуудал шүүх дээр байна. Шүүгчид их бодолтой хандана биз.