Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” дэвжээний бөх Монгол Улсын начин Чагнаадоржийн Ганзоригтой ярилцлаа. Түүний хувьд өнгөрсөн наадмаар улсын цолны болзол хангасан бөгөөд зөвхөн үндэсний бөх гэлтгүй чөлөөтөөр хичээллэж тивийн аварга болж байсан удаатай. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Бэлтгэлээ хаана хийж байна?

-“Алдар” спорт хорооны зааланд “Бөх билэгт” дэвжээний бөхчүүдтэйгээ хамт хийж байгаа.

-Ямар бөхчүүдтэй бэлтгэл хангах вэ?

-Д.Рагчаа гарьд, Ч.Санжаадамба заан, Р.Пүрэвдагва начин, Б.Амарзаяа начин гээд манай Архангай аймгийн бөхчүүд хамт бэлтгэлээ хийдэг. Рагчаа гарьд, бид хоёр дасгалжуулагчаар ажиллаж байгаа.

-Багшлахын хажуугаар өөрийнхөө бэлтгэлийг хангаад байна уу?

-Өөрийнхөө бэлтгэлийг хийгээд залуучуудынхаа бэлтгэлийг хангаад л явж байна.

-Бэлтгэлийг яаж хийвэл илүү үр дүнтэй байдаг вэ?

-Алдаа оноо дээрээ ярилцана. Сайн хийж чаддаг мэхээ давтана. Мэхээ л сайн уйгагүй давтаж байж сайн барилдана гэж боддог. Аль болох бэлтгэлээ сайн хийгээд явбал цол нэмэх байх гэж боддог.

-Та ямар мэхээ түлхүү чамбайруулж байна?

-Хөлд орох мэхээ л байнга давтдаг даа. Олон жил чөлөөтөөр барилдаж байна. Чөлөөтийн төрөл чинь хөлд л сайн орж барилддаг болохоор.

-Халз барилдаанд орох уу?

-Орохгүй.

-Яагаад?

-Дэмий биз дээ. Бага зэрэг бэртлийн асуудалтай байна.

-Бэртэлтэй гэж сонссон. Өөр шалтгаан байгаа юм уу?

-Энэ жил миний хувьд бага зэрэг бэртэлтэй байсан учраас барилдаануудад нэг их зодоглоод байсангүй. Намар бэртэлтэй байж байгаад өвлөөс л барилдсан. Харин саяхан Сонгинохайрхан дүүргийн хишиг барилдаанд зодоглож үзүүрлэлээ.

-Барилдаан их алгасч байгаа гэхэд бэлтгэл сайн харагдаж байсан. Гэхдээ Монгол Улсын харцага Ц.Содномдоржид өвдөг шороодчихсон?

-Бэлтгэл сайн байгаа. Содномдорж харцагатай үзүүр түрүү булаацалдаад сайхан унасан даа (инээв).

-Монгол Улсын харцага Ц.Содномдоржтой хэр барилдаан таардаг вэ. Бас л энэ цагийн хүчтэнүүдийн нэг шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Сайхан залуу бөхчүүд сүүлийн жилүүдэд хүч түрж орж ирж байна. Ц.Содномдорж ч гэсэн тэдний төлөөлөл. Түүний барилдааныг үзэх дуртай олон мянган бөхийн хорхойтнууд байна. Бид хоёрын хувьд нэг их таарч барилдаад байдаггүй. Хэдэн жилийн өмнө барилдаж байсан. Тэр үетэй харьцуулахад харцага их бяртай болсон байна лээ.

-Таныг бярдаад мэхээ гүйцээх боломж олгохгүй байна гэж үү?

-(инээв). Би дийлэхгүй байна лээ.

-Та цолныхоо найрыг аймагтаа өргөн сайхан тэмдэглэсэн. Бөхийн барилдаанд Монгол Улсын начин Р.Пүрэвдагва түрүүлсэн байгаа. Өмнө нь бусдын цолны найранд очиж барилддаг байсан хүн өөрийнхөө нэрэмжит барилдааныг хийхээр ямар санагддаг юм байна?

-Нутагтаа очиж уул усаа баясгаад, нутгийн зон олноо баясгаад л их сайхан байдаг юм байна. Нутагтаа сайхан наадам хийж хийморио сэргээчихээд ирсэн дээ. Ах, дүү, хамаатан садан, найз нөхөд гээд олон ч хүн цугласан.

-Улсын цолонд хүрэхээр танд ямар өөрчлөлт мэдрэгдэж байна. Олон ч жил улсын цол мөрөөссөн байлгүй?

-Бөхийн спортоор 17 жил хичээллэсэн. Өнгөрсөн мөч хором бүрийг бөхийн барилдаанаас салгаж ойлгохын аргагүй зүтгэсэн байна. Энэ олон жилийн хүсч мөрөөдсөн цол бол Монгол Улсын начин хэмээх эрхэм цол юм. Тиймээс үнэхээр сайхан санагдаж байгаа шүү. Улсын цол хүртчихээр чинь хүмүүсийн харилцаа хүртэл сайхан болчихдог юм байна. Гэрт ирсэн зочид “За начин” гэж ирээд л их хүндэтгэлтэй хандах юм. Улсын цол дагаж хариуцлага, хүндэтгэл ирдэг юм байна. Хүндэтгэлээс илүү хариуцлагаа ухамсарлаж л явах нь чухал юм шиг.

-Наадмын өглөө Төв цэнгэлдэхийг зорихдоо чухам юу тунгаан боддог вэ?

-Өглөө уул, усандаа залбираад л гэрээсээ гардаг. Наадмын өглөө сэтгэл сэргээд нэг их сайхан болчихдог. Ялангуяа энэ жилийн наадмаар гэрээсээ гарахад л гойд сайхан санагдаж, гэрэл гэгээ бүхэн зөвхөн над дээр тусч байгаа юм шиг л, цол авчих юм шиг л мэдрэмж төрж байсан. Бэлтгэл сайн байсан болохоор өөртөө итгэлтэй байсан юм болов уу даа. Яг л санаснаар минь болж улсын цолонд хүрчихсэн шүү.

-Танд цолоо ахиулах боломж ч байсан шүү дээ. Тийм үү?

-Үндэсний их баяр наадмаар Аймгийн арслан Одгэрэлтэй тунаж барилдаад гишгэгдэл жаахан алдчих шиг болсон. Барьц халахдаа хайнга хандчихав уу даа.

-Ялихгүй зүйлээс болж цол ахих боломжийг алдана гэдэг бөхчүүдийн хувьд харамсаад барахгүй явдал байх?

-Тухайн үед харамсах сэтгэл бол төрж л байсан.Ялих ялихгүй юмнаас л болж бөх хүн чинь өвдөг шорооддог байхгүй юу. Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг үг байдаг шүү дээ. Гэхдээ тав даваад өөрийнхөө хүчээр улсын цолонд хүрэх шиг сайхан юм байхгүй. Одгэрэл бид хоёрын хувьд хамт олон жил их спортод зүтгэсэн. Барилдааны үед сэтгэл зүйн хувьд харьцангуй тайван байсан. Заавал би давах ёстой, давчихвал цаана нь цол байгаа гэж хараад хэт их улайрах юм бол баригдчихдаг. Өөрийгөө бодлоороо хэт хүлчихдэг. Тиймээс бодож санасан зүйлээ хийгээд л барилдсан даа.

-Наадмын дэвжээнд шийдвэрлэх барилдаанд гарах үед танд хэн гол заавар, зөвлөгөөг өгч байв?

-Гарьд Рагчаа ах хамгийн ойрхон байсан. Мөн Пүрэвдагва начин, М.Батжаргал харцага хажуугаас зөвлөсөн дөө. Рагчаа ах “Чи энэ байтугай дэлхийн дэвжээнд гарч барилддаг хүн. Заалны жижиг барилдаан гэж бодоод л тайван барилдаарай” гэж хэлсэн.

-Энэ жилийн наадмын учраа бөхчүүд хэр чанга байв?

-Ер нь наадмын учраа бөхчүүд хоёрын даваанаас эхлээд чангардаг. Энэ жил би хоёрын даваанд Ховд аймгийн арслан Н.Батсайхан, гурвын даваанд Баянхонгор аймгийн арслан Ө.Бат-Оршихтой барилдсан. Бас л энэ цагийн хүчтэй аймгийн арслангууд. Дөрвийн даваанд М.Өсөхбаяр заантай таарсан. Тавын даваанд аймгийн арслан Хангайтай барилдан давж начин цолны болзол хангасан. Бүгд л хүчтэй, барилдаан сайтай бөхчүүд байсан.

-Адилхан аймгийн арслан цолтой бөхтэй барилдаад өвдөг шороодуулж цааш цолонд ахина гэдэг сэтгэл зүйн хувьд хүнд биз. Хойтон жилийн наадмыг хүлээгээд хоцорч буй бөхчүүдийн дунд таны үй зайгүй найз ч яваа гэж бодохоор...?

-Тэгэлгүй яахав. Үнэхээр хүнд байдаг юм билээ.Адилхан цолтой бөхчүүд чинь хэн хэнийгээ мэднэ, танина. Бүгд л цол нэмэх тухай ярилцана. Алдаа оноогоо хуваалцана. Гэвч спорт бол спорт. Давсан нь өндөр даваа өөд мацаж, унасан нь дараагийн барилдааныг хүлээдэг жамтай.

-Та хичнээн удаа хойтон жилийн наадам хурдан болоосой гэж бодон хоцорч байв?

-Би улсын наадамд дөрвөн удаа зодоглосон. Өнгөрсөн жил гэхэд л хоёрын даваанд өвдөг шороодоод хойтон жилийн наадмаар заавал цол авна даа гэж өөртөө ам өгч л байлаа. Тэр амлалт харин намайг их хурцалсан юм шүү.

-Чөлөөт бөхөөр чамгүй олон жил барилдсан. Харин сүүлийн үед томоохон тэмцээнд нэг их харагдахгүй байх шиг?

-2006 онд чөлөөт бөхийн Азийн аварга болсон. Хоёр, гурван жилийн өмнөөс олон улсын тэмцээнээс өөрийгөө татаж байна. Монголдоо болсон тэмцээнд оролцчихоод л бэлтгэлээ хийгээд явж байна.

-Улсын аваргад хичнээн жил оролцсон бэ. Зургаан удаа улсын аварга болсон байдаг юм билээ?

-Өнгөрсөн хугацаанд улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд зургаан удаа түрүүлж, хоёр мөнгө, гурван хүрэл медаль авсан, 84 кг-д. Миний барилдаж байсан жинд одоо О.Үйтүмэн гээд залуу барилдаж байна. Саяхан олон улсын нээлттэй тэмцээнээс олимпийн эрхээ аваад байгаа. Өмнөх олимпод бас гайгүй сайн барилдаж байсан залуу. Би одоо 96, 120 кг-д барилдаж байгаа.

-Таны өндөр, жин хэдтэй байна?

-Өндөр 182, жин 104 кг байна.

-Танд олон улсын тэмцээнд, цаашлаад олимпод орох бодол байсангүй юу. Бэлтгэл сайн байгаа юм чинь боломж гарч байгаагүй гэж үү?

-Одоо болно биз дээ. Олон жил чөлөөтөөр хичээллэлээ. Тэгээд ч насаа бодохоор үндэсний бөхөд илүү ач холбогдол өгч барилдах нь зүйтэй гэж бодоод байгаа. Одоо л үндэсний бөхөөр амжилт гаргах цаг гэж бодож байна.

-Таны удамд олон сайхан бөх бий. Аав тань бас аймгийн цолтой хүн. Тэгэхээр бөх л болох хувь төөрөгтэй байжээ?

-Миний аав аймгийн начин цолтой хүн байсан. Аавын дүү мөн аймгийн начин Б.Ганболд гэж хүн бий. Аавын талд Гарьд Рагчаа ах, харцага Батжаргал ах, начин Пүрэвдагва, М.Бат-Отгон арслан, ээжийн талд улсын начин Батбаатар гээд олон сайхан бөх ах нар байна.

-Таныг бөхөд уруу татсан зүйл бол яах аргагүй ах нарын тань амжилт байсан болов уу?

-Үнэн үнэн. Рагчаа, Батжаргал ах нараас эхлээд бөх болно гэж яваад амжилт гаргаад улсын цолонд хүрээд ирэхээр манай хамаатан садны үе тэнгийн хөвгүүд их хорхойсно. Энэ хэд шиг ингэж сайхан барилдаж олонд хүндлэгдсэн, нэр алдартай бөх болох юмсан гэж бодоод л. Ах нар нутагтаа хааяа ирэхээрээ дүү нартайгаа ноцолдож гарынхаа чилээг гаргаж бэлтгэл хийнэ шүү дээ. Би Рагчаа, Батжаргал ах нарынхаа бэлтгэл хангагч хийдэг байлаа. Бодвол надаас жаахан юм олж харсан юм байлгүй. Батжаргал ахдаа “Би бөх болмоор байна” гэж хэлээд дагаад Улаанбаатарт ирж байлаа. Батжаргал ах, Отгоо ахыгаа дагаад бэлтгэл хийж, орой гэртээ хамт ирээд гэр орны бага сага ажил хийж аминдаа тал засна (инээв). Хааяа л даа. Батжаргал ахаас барилдахыг ч, амьдрахыг ч сурсан даа. Одоо ч ах нар маань хамгийн ойр дотнын зөвлөгчид байдаг. Заримдаа их ачаалалтай бэлтгэл хийхээр шантраад “Яах гэж ингэж биеэ зовоов доо” гэж бодож л байсан.

-Рагчаа гарьд танд барилдааны нууцаасаа хуваалцаж байна уу?

-Сүүлийн хоёр, гурван жил тасралтгүй Рагчаа ахыг дагаж бэлтгэл хийж байна. Их гоё, гоё мэх зааж өгдөг. Өөрөө сайн барилдаантай учраас их мэхний тал дээр уран сэтгэмжтэй. Гол багш нь өөрийнх нь хадам аав Д.Цэрэнтогтох аварга болохоор тэр агуу хүнээс авч үлдсэн олон сайхан зүйл Рагчаа ахад шингэсэн байдаг. Бид ч гэсэн тэр мэхний уурхайгаас суралцахыг чармайж байна.

-Наадмын бэлтгэлдээ хэзээ гарах гэж байна?

-Одоохондоо шийд гараагүй байгаа.

-Бөхчүүд наадмын бэлтгэлд гарчихаараа бараг эхнэр рүүгээ дөхдөггүй ч гэх шиг явган яриа бий. Ер нь цээрлэх зүйлсийг ягштал биелүүлнэ биз?

-Байлгүй яахав. Бидний өвөг дээдсээс цээрлэж ирсэн зүйлүүд бий. Ямар сайндаа л наадам дөхөөд ирэхээр үсээ задгай тавьсан эмэгтэй хүний салхин доогуур гарч болдоггүй гэдэг. Жилдээ ганц болдог наадамд бүгд л сайн барилдахын тулд их чамбайрна шүү. Бэлтгэлийн үеэр бас хамаагүй хүнд зүйл өргөж барихгүй байхыг хичээдэг.

-Танай нутагт дээр үеийн нэртэй бөхчүүдийн домог агуулсан чулуу, мод байдаг гэдэг. Өргөж үзсэн үү?

-Манай Булган суманд бөх мод, бөх чулуу гэж байдаг. Бөх чулууг хэдэн жилийн өмнө өргөж дийлдэггүй байсан. Саяхан харин дажгүй өргөчихсөн шүү. Дажгүй ээ, өөрийнхөө хэмжээнд. Мод нь дэвж байгаа бөх шиг. Баянхонгор манай аймаг хоёрын заагт ургасан. Олон жилийн өмнө тэр модыг хоёр аймаг булаацалддаг байсан гэсэн. Тэгээд хөгшрөөд, хазайгаад унахдаа аль тал руу унана тэр аймаг нь авна гэж. Бас тэр аймгаас нэртэй, хүч чадалтай бөх төрнө гэж бэлгэшээдэг байсан юм байна. Тэгсэн манай сумын нутаг руу хазайж унасан байдаг. Тэр цагаас хойш Д.Мөнх-Эрдэнэ арслангаас эхлээд олон сайхан бөхчүүд төрсөн гэдэг.

-Багш нарын тухайд...?

-Би олон мундаг багштай. Хамгийн бага нь спортын мастер. Спортын мастер Б.Болдбаатар, олон улсын хэмжээний мастер Буян, гавьяат дасгалжуулагч Х.Намшир, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, гавьяат тамирчин Дүвчин гээд сайн багш нарын гараар дамжсан. Одоо З.Дүвчин багшийн удирдлага дор явж байна.

-Таны хоёр хүүд барилдах ирээдүй байна уу?

-Миний хоёр хүү арай л бага байна. Хоёр аварга бол байнга гэртээ ноцолдоно. “Хөөе болиоч ээ та хоёр” гээд л том дуугараад, заримдаа хамт ноцолдож салхилгагүйтээд л сууж байна.